ТӨР ЭЗЭН БАЙЖ ГАЗРАА ЧӨЛӨӨЛЖ ЭХЭЛЛЭЭ
Засгийн газар солигдож сонгууль дөхөх үед улстөрчид энэ газрыг чөлөөлнө, тэр ч замыг тавина гэдэг амлалтад иргэд итгэхээ больсон. Тэгвэл энэ удаа эрх баригчид газар зохион байгуулалтад өөр шинэлэг арга хэмжээ авахаар шийджээ. Энэ үйл ажиллагаанд УИХ-ын гишүүд болон хотын удирдлагууд манлайлан оролцож байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Газрын албаны орлогч дарга Б.Загдсамбар, Авто замын газрын орлогч дарга Б.Индра, Баянзүрх дүүргийн газрын албаны дарга Д.Бат-Ундрах, газар зохион байгуулагч Д.Отгонбаяр, Ц.Отгонбямба, Газар чөлөөлөх хэлтсийн мэргэжилтэн Ш.Цогт нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийнхэн Баянзүрх дүүргийн хороодоор явж газар дээр нь ажилласан юм.
Ажлын хэсгийнхэн эхлээд Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 84 дүгээр сургуулийн зүүн талд байрлах орон сууцны хашааг буулгав. Тухайн хэсэгт нэг автомашин багтах зайтай байсан бол хашааг буулгаснаар харагдах орчин илт сайжирсан юм. Ер нь орон сууцны хорооллынхон автомашин тавих газаргүй гэж үргэлж ярьдаг ч өөрсдөө дур мэдэн байрныхаа өмнөх талбайг сунгах нь хэвийн үзэгдэл.
Энэ бүхнийг цэгцлэх, иргэдийн тохь тухтай орчинг хангахад төрийн үүрэг оролцоо их юм. Тиймээс энэ удаа төр эзэн байж газар чөлөөлөлтөд хатуухан арга хэмжээ авч эхлээд буй нь энэ.
Ялангуяа Баянзүрх дүүргийн хувьд газар зохион байгуулалтын хувьд бусад дүүргийг бодвол эмх замбараагүй юм. Хаа сайгүй, дуртай газраа нүхлээд хашаа хайс хатгачихсан, нийтийн эзэмшилд нэг ч зүйл үлдээгүй нь харагдаж байв. Тэр байтугай 1990 онд баригдсан контейнерууд олон байна. Эдгээр нь эзэнтэй, эзэнгүй нь мэдэгдэхгүй түгжрэлийн голомт болчихсон.
Иргэн Дорж нэг контейнер тавиад зам хаахад цаана нь 100 гаруй иргэний эрх ашиг хохирдог гэсэн үг. Тухайн оршин суугчид өөрсдөө энэ бүхнийг дур мэдэн хийчихээд буруутан болохоор төрийн үйлчилгээ рүү чихдэг нь ч нууц биш. Энэ хуучинсаг, хувиа бодсон аргад төр төмөр нүүрээ үзүүлэх цаг болсон гэж байв. Нэгхэн сарын өмнө "ТҮЦ” арга хэмжээ авч зөвшөөрөлгүйг нь буулгахад зарим иргэн өөрийгөө галдан шатаана гэж хотын удирдлагуудыг "айлгасан” удаатай. Энэ хувиа бодсон сэтгэлгээ нь хотын нягтралд халтай төдийгүй нийтийн эзэмшлийн бүх зам талбайд муугаар нөлөөлж буй. Тиймээс бид энэ сэтгэлгээнээсээ салж хотынхоо хөгжил цэцэглэлтэд нэмэр болдоггүй юм аа гэхэд ядаж дараа болохгүй баймаар санагдсан.
Хотынхон газар чөлөөлөлтийг хоёр үе шаттайгаар зохион байгуулж байгаа аж.
Эхний ээлжид үл хөдлөх хөрөнгийг буулгахгүй, зөвхөн хашаа хайсыг нурааж явган хүний зам гарцыг гаргаж өгнө. Дараагийн шат нь газар зүйн мэдээллийн системд орсон газар хэмжээнээсээ хэтэрсэн бол төр газраа чөлөөлүүлж авна.
Илүү хатгасан нэг метр газрыг ч төр мэдэлдээ авах юм. Ийм тохиолдолд газрын эрхийг нь цуцлах, тухайн иргэнтэй шүүхийн байгууллагад очиход бэлэн гэж байв. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ярихдаа, "Би Баянзүрх дүүргээс сонгогдсон гишүүн. Энэ жил төсөвт нэг тойрог тус бүрт 10 сая ам. доллар тусгасан. Энэ хөрөнгөөр ажил хийе гэхээр зураг төсөл байдаггүй. Өөрөөр хэлбэл, хот болон гишүүд хоорондоо уялдаа холбоо муутай ажиллаж байгааг хүлээн зөвшөөрөх ёстой. Цаашдаа ийм байдлаар явахгүй ээ. Одоо хамтдаа хотынхоо хөгжлийн төлөө зүтгэе. Та нар надад цэцэрлэгийн газар гаргаж өг. Цэцэрлэг, сургуулийн бүх газар хувь хүний эзэмшилд оччихсон. Дуудлага худалдаагаар ороогүй, нэг даргын гарын үсэгтэй газрын эзэмшилтэй. Жишээ нь, Дүнжингарав худалдааны төвийн газар гэхэд хичнээн том билээ. Тэр газрынхаа булангаас нь эхлээд нэг сая доллараар худалдаж байна шүү дээ. Өмнө нь Х.Наранхүү хүүхдийн паркийн газрыг булаагаад л авсан. Одоо болоо шүү дээ. Би Дүнжингаравын газраас авч хүүхдийн цэцэрлэг барина. Надтай заргалдаг, шүүх дээр уулзахад бэлэн.