“Салаавч” Г.Баярсайхан хаана явна вэ
Өнгөрөгч 2016 оны сонгуулиар Ардчилсан намын нэр дээрээс бурхан нэрээ дэвшүүлсэн ч өвдөг шороодохоор тийм нийгмийн савлагаа үүссэн цаг үе байлаа. Харин МАН-ын нэр дээрээс буг ч нэрээ дэвшүүлсэн ялахаар тийм таатай сонгууль болж өнгөрсөн. Түүнээс бус МАН эрийнхээ сайнд 65 суудал авчихаагүй бөгөөд өдгөө УИХ-ын гуравны нэг нь нийгмийн савлагаанд гарч ирсэн хөөс. Нэгэн цагт хөөс шиг л замхарна. Энэ сонгуулиар АН-ын хуучин гишүүд бүгд л тахимаа өгсөн. Н.Алтанхуяг, З.Энхболдоосоо эхлээд бүгд өвдөг шороодсон. Энэ хэд маань одоо хаана юу хийж явдаг юм болдоо гэсэн бодол өөрийн эрхгүй орж ирнэ. Ингэхэд Гарьдхүүгийн Баярсайхан гэж олон хоч зүүсэн нэг гишүүн байсан одоо юу хийж байгаа юм бол гэж бодохын сацуу нөхдийг нийгэм мартах гээд байгаа учраас эргэн сануулах үүднээс сураглаж байгаа хэрэг.
Түүнийг анх улстөрд хөл тавьж байхад ийм мэдээлэл тэнүүчилж байв. Анагаахын сургууль төгссөн магистр цолтой Их эмч хэмээсэн нь худлаа аж. Тэр сургуулиа төгсч чадаагүй хуурамч дипломтой учраас "Сэрэлт” киноны "Маарамба” гэсэн хоч хайрлаад нэг хэсэг шуугив. Миний хувьд түүнтэй Анагаахын сургуульд хамт суралцаагүй. Нөгөө талаар мэргэжлийн зэрэг олгох шалгалтын комисст байгаагүй, байх ч үгүй учраас хуурамч эсэхийг сайн мэдэхгүй. Одоо тэр нэг хавтасны хуурамч эсэх хэнд ямар хамаатай юм. Г.Баярсайханыг гайтуулах гавьяатуулахаа өнгөрсөн зүйл бол тэр хавтас.
Харин парламентад орж ирээд учраа сайн олоогүй цагт нь түүнд "Гүзээнд наалдсан дэлүү” хэмээх нэр хайрласан. Их сонирхолтой нэр учраас тал талын л мэдээлэл цуглуулж, хүн амьтантай уулзав. "Явсан хүн яс зууна” гэгчээр чамгүй л зүйл олж сонслоо. Ямартай ч бид аливаа зүйлд зууралдаад салахгүй байгаа бодь юмсыг л "Гүзээнд наалдсан дэлүү” гэдэг аж. Хонь гаргахад гүзээнээс нь хуулж аваад нохойд өгчихдөг зүйл гэж малын эмч нар хэлэв. Маханд дуртай ч монголчууд бид дэлүү идэх гэж улайрдаггүй аж. Түүнчлэн өндөр хэргэм цолтой, хөрөнгөлөг нөхдийн ар өвөрт наалдаж, тал засч явдаг. Тэдний өмнөөс үг хэлж, гар хөл нь болж явдаг хүнийг "Гүзээнд наалдсан дэлүү” хэмээн нэрлэдэг байна.
Үймээн дэгдсэн 2008 оноос хойш он цаг улирч, Г.Баярсайханы хувьд ч асман цэргийн зиндаанд хүрлээ. Юутай ч тэр парламентад байх намын бүлгийн гишүүдээ хооронд нь салгаж ялгаж ойлгохтойгоо болсон хэрэг. Танихгүй гэсэндээ биш л дээ, тэдний нам бүлэглэл хамаагүй хэтэвч, эрх ашгийн төлөө нөхөрлөдгийг ялгаж салгаад эхлэхгүй юу. Энэ үеэс түүнд ард олон "Ерөнхийлөгчийн тамхины хавтага” гэсэн нэрийг хайрлажээ. Тийм сайхан сонсогдохгүй ч тамхины хавтагыг хэн эдэлж хэрэглэхээс ихээхэн шалтгаална. Ерөнхийлөгч хэрэглэж байгаа болохоор их л чамин хийцтэй. Ганган хээнцэрээс гадна урласан эд нь алт эрдэнэс байх талтай. Харин чамин ганган хавтага дотор ямар гээчийн тамхи байгааг хэн ч эс анзаарна. Гэхдээ чухам ямар учраас ийн нэр хайрлав гэдэг нь бас л сонирхолтой. Улстөрд түүнийг Ц.Элбэгдоржийн фракцийн хүн хэмээдэг. Яах аргагүй "Шонхор” фракц буюу УИХ-ын болон АН-ын дарга З.Энхболдын данстай гэх. Энэ бүгдээс харвал тэр АН-ын хоёр томын нөлөөнд байдаг гэж харагдана.
Энэ бол түмний нүдэн дээр болсон асуудал. Г.Баярсайхан нэгэнтээ УИХ-ын чуулганы хуралдаанаар У.Хүрэлсүхийн өөдөөс хэдэрлэж, У.Хүрэлсүхийг хүрээд очиход өөдөөс нь салаавч гаргаж томров. Гудамжинд бол цаадхи офицер нь арван Г.Баярсайханыг цохиод унагачих байх л даа. Төрийн ордонд болохоор цохих илэхийн дунд л юм болоод өнгөрсөн. Энэ бол түүний түмний нүдэнд мундаг болох гэж харагдсан үйлдэл гэдэг нь харагдана. Өнөөх л нам нам гэж далдагнадгийг та бүхэн сайн мэднэ. Түүнээс биш У.Хүрэлсүхийн нарсанд нааран дээр хэвтэх, наранд парламентад суух хоёр Г.Баярсайханд падгүй. Яагаад гэхээр намынх нь акулууд энэ тухайд ганхийгээгүй байхад тэр түргэдэж, ах нартаа таалагдаж, сонгогч олонд мундаг болох л гэсэн хэрэг. Энэ нь ёстой л "бага нь уйлж их нь ичих”-ийн үлгэр болсон. Тухайн үед АН-ын гишүүд энэ тухайд тодруулга өгөхөөс зайлсхийхдээ хөх инээдийн гал сүүмэлзүүлэх болсон. Арга ч үгүй биз. Эндээс үүдэж түүнд ард олон "салаавч” гэх нэр хайрласан.
Ингэхэд УИХ-ын гишүүн асан, Хөдөлмөрийн сайд асан Г.Баярсайхан хаана явна вэ.
С.Ууганбаяр
Шуурхай.мн