Авто осолд "Google Maps"-ыг буруутгаж байна
Автомашины осолд навигацийн програм хариуцлага хүлээх боломжтой юу? Энэтхэгийн Уттар Прадеш мужид болсон авто осол энэ асуултыг дагуулав. Тодруулбал, баригдаж дуусаагүй гүүрээр мэдэлгүй явсны улмаас гол руу унаж, гурван хүн нас барсан хэрэг өнгөрсөн Ням гаригт гарчээ.
Цагдаа нар энэ хэргийг шалгаж байгаа ч машинтай хүмүүсийг энэ замаар явахад хүргэсэн зүйл нь "Google Maps" гэж үзээд байна.
Тухайн гүүрний нэг хэсэг энэ оны эхээр үерийн улмаас нурсан байжээ. Нутгийн иргэд үүнийг мэддэг учраас гүүрээр зорчилгүй зайлсхийдэг. Гэвч гадаадаас ирсэн гурван залуу үүнийг мэдэлгүйгээр гүүрээр зорчсон байна. Гүүрний ажил дуусаагүй, эвдэрхий гэдгийг илтгэх ямар ч хаалт, самбар байгаагүй аж.
Эрх баригчид энэ хэрэгтэй холбоотойгоор цагдаад гомдол гаргахдаа тус мужийн авто замын газрын дөрвөн инженер болон "Google Maps" компанийн нэрээ нууцалсан албан тушаалтныг нэрлэжээ. "Google" компани мөрдөн байцаалтад хамтран ажиллаж буйгаа мэдэгджээ.
Цаашилбал, энэхүү осол нь Энэтхэгийн авто замын дэд бүтэц муу байгааг онцолж байна.
Олон нийт ч энэ асуудалд хоёр янзын байр суурьтай хандаж байна. Зарим нь үнэн зөв мэдээлэл өгөөгүй програмын буруу гэж үзсэн бол зарим нь эвдэрсэн газрыг хааж, бүслээгүй нь засгийн газрын алдаа гэж дүгнэв.
"Google Maps" нь Энэтхэгт хамгийн алдартай навигацийн програм юм. Тодруулбал, тус аппликейшн Энэтхэгт 60 сая орчим идэвхтэй хэрэглэгчтэй бөгөөд өдөрт 50 сая орчим хайлт хийгддэг. Гэвч "Google Maps"-аас болж осол гарсан тохиолдол Энэтхэгт нэгээр тогтохгүй. Тухайлбал, 2021 онд нэгэн эр програм дээрх зааврыг дагаж яваад машинаа далан руу унагаж, улмаар живж нас баржээ.
"Google Maps"-д өдөр тутам олон сая гомдол ирдэг учир нэн тэргүүнд эрх бүхий байгууллагаас ирсэн гомдлыг шийдвэрлэхийг хичээдэг аж. Энэтхэгийн тухайд асар их хүн амтай, хурдацтай хөгжиж буй улс учир үнэн зөв, бодит мэдээлэл олж авахад амаргүй байдаг. Замын өөрчлөлтийг л гэхэд цаг тухайд нь "Google Maps"-д мэдээлэх хүчирхэг систем Энэтхэгт байхгүй. Гэхдээ мэдээллийг "Google Maps"-д өгчихөөд байхад засвар оруулаагүй байвал хариуцлага хүлээх учиртай ажээ.