Өөрийн төрсөн хүүдээ зээл олгож, давуу байдал олгосон БЗС-гийн П.Лхагвасүрэнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ
Боловсролын зээлийн сангийн захирал асан П.Лхагвасүрэнд холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тэгвэл тус хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Сургалтын төрийн сангийн албан тушаалтан П.Лхагвасүрэн нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн төрсөн хүү Л.Т-тэй гадаад орны дээд боловсролын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээг байгуулсан боловч Боловсрол Соёл, Шинжлэх ухааны сайдын тушаал, гэрээнд заагдаагүй сургуульд суралцуулсан, суралцаж байх хугацаанд барьцааг хүчингүй болгож давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.