Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очиртой ярилцлаа.
-Жилээс жилд ерөнхий боловсролын сургуулийн ачаалал нэмэгдэж, гурван ээлжээр хичээллэж байна. Энэ байдлыг өөрчлөхөд ямар бодлого барьж байна вэ?
-2023-2024 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 47 ерөнхий боловсролын сургуулийн 33 мянган хүүхэд гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүсээд байсан. Ингээд БШУЯ-ны сайд Засгийн газарт танилцуулга мэдээлэл хийсэн. Үүнтэй холбоотой Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн талаар авах зарим арга хэмжээний тогтоол баталсан. Гурван ээлжээр хичээллэх сургуулиудын эрсдэлийг бууруулах чиглэлээр Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажилласан. Ажлын хэсэг дөрвөн чиглэлд арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Ингэснээр өнгөрсөн хичээлийн жилд 47 сургуулиас 43 нь гурван ээлжээр хичээллэх эрсдэлээс салсан. Ачаалал өндөртэй байршилд баригдаж буй барилгын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлсэн. Жишээ нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургууль 18 тэрбум төгрөгийн төсөвтэй ч 2023 оны санхүүжилтээр дөнгөж нэг тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Мэдээж энэ мөнгөөр засвар хийх боломжгүй, дахиад тав, зургаан жил хүлээх болоод байсан. Ингээд ажлын хэсэг Засгийн газарт санал оруулсан. Засгийн газраас хэрэв барилгын ажлын гүйцэтгэгч компани ажлаа эрчимжүүлж чадвал төсвийг нь шийдэж өгье гээд шийдэж өгсөн. Ингэснээр 12 дугаар сургуулийг 2024 оны хоёрдугаар сард ашиглалтад оруулсан. Ийм байдлаар 14 барилгыг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулсан.
Мөн газар байхгүй, өргөтгөх боломжгүй, газруудад барилга байгууламж судалж нийтдээ 27 барилгыг ерөнхий боловсролын сургуулийн зориулалтаар түрээсэлж, үүнд 17 мянган хүүхэд хамрагдсан. Үүнээс гадна хамран сургах тойрогт зохицуулалт хийсэн. Ойролцоо байршилд, түр хугацаагаар ачааллыг нь тэнцвэржүүлж болохуйц сургуулиудад хамран сургах тойргийг шинэчлэн тогтоож, зохицуулалт хийсэн. Үүнд Сонгинохайрхан дүүргийн дөрвөн сургуулийн 1000 орчим хүүхэд хамрагдсан. Үүний зэрэгцээ сургуулийн нийтийн эзэмшлийн талбайг анги танхим болгох, зарим ашиглагдахгүй хэсгүүдийг тохижуулах ажлыг нийтдээ 13 сургууль дээр хийж долоо мянган хүүхдийг хамруулснаар маш олон хүүхэд гурван ээлжээр хичээллэх байсан эрсдэлийг бууруулсан.
-Энэ хичээлийн жил гурван ээлжээр хичээллэх сургууль хэд байгаа вэ?
-Нийслэлээс 36 ерөнхий боловсролын сургуулийн 23 мянган хүүхэд анги танхимын хүрэлцээ муугаас болж гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй байна гэсэн судалгааг гаргасан. Энэ хүрээнд бид өнгөрсөн жил хийж хэрэгжүүлсэн ажлаа үргэлжлүүлнэ. Өнгөрсөн жилийн хичээл жил түрээсэлсэн байрны 13-ыг нь үргэлжлүүлэх, шинээр 16 байрыг түрээслэх, 10 барилгыг шахаж 2024 ондоо ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Ингэснээр нэг хүүхдэд оногдох суудлын тоо нэмэгдэнэ гэсэн тооцоотой ажиллаж байна.
-Сургуулийн зориулалтаар ашиглах түрээсийн байрны засвар есдүгээр сарын 1 гэхэд дуусахгүй бол ямар зохицуулалт хийх вэ?
-Түр зохицуулалтууд хийсэн. Жишээ нь 12 дугаар сургууль дээр зургаа, долдугаар ангийг нэг улирлын турш цахимаар хичээллүүлсэн. Мөн зарим сургууль дээр түрээсийн байрны засвар дуустал ээлжийн зохицуулалт хийсэн. Энэ жил 10 барилгыг шахаж, хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулах талаар анхаарч ажиллаж байна. Хэрэв тэдгээр барилгын засварын ажил есдүгээр сарын 1 гэхэд дуусахгүй бол зарим сургуулийг цахимаар хичээллүүлэхээс өөр аргагүй.
-Гуравдугаар ангиас нь эхэлж англи хэл заах талаар үндэсний хөтөрбөрт оруулсан шүү дээ. Энэ жилээс хэрэгжиж эхлэх үү?
-Боловсролын ерөнхий хууль болон дагалдах хуулиуд 2023 оны долдугаар сард батлагдсан. Энэ хуульд, албан ёсны хэл монгол хэл, үндсэн гадаад хэл англи хэл байна. Бусад хэлийг заахыг хориглохгүй гэсэн заалт орсон. Үүнтэй холбоотой Боловсролын яам, судалгааны хүрээлэнгийн холбогдох байгууллагууд судалгаа хийгээд англи хэлийг ерөнхий боловсролын сургуульд гуравдугаар ангиас нь судлах боломжтой гэдэг дүгнэлт гаргасан. Үүнтэй холбоотой багшийн хүрэлцээ, сурах бичиг, шинэ хөтөлбөрийн асуудал яригдана. 2024-2025 оны хичээлийн жилд зөвхөн туршилтын журмаар цөөн тооны сургуульд дээр туршина. Хүний нөөц бэлтгэгдээд, хөтөлбөр, агуулга, сурах бичиг бэлэн болсон үед үндэсний хэмжээнд нэвтэрнэ.
-Энэ жил ерөнхий боловсролын сургуулийн багшийн хүрэлцээ хэр байгаа вэ?
-Жил болгоны зургаадугаар сард нэгж байгууллагуудаас шинээр бий болж байгаа болон суларч байгаа багшийн ажлын байрны судалгааг албан ёсны статистик маягтын дагуу цуглуулдаг. Долдугаар сарын 20 гэхэд судалгаа дуусдаг. Хаана ямар сул орон тоо байна, үүнийг яаж нөхөх талаар чиглэл өгч ажилладаг. Энэ жилийн хувьд улсын хэмжээнд нэгж байгууллагуудаас цугларсан мэдээллээр 4217 багшийн сул орон тоо байна гэх мэдээ байна. Гэхдээ үүнийг шууд дутагдал гэж харж болохгүй. Энэ жил нийслэлд 2400 орчим багшийн сул орон тоо үүсэж байгаа. Мөн энэ жил 2500 гаруй оюутан багш мэргэжлээр төгссөн. Багш мэргэжлээр төгсөж байгаа тэдгээр хүүхдүүдийн 95 хувь нь Улаанбаатар хотод төгсөж байгаа. Дийлэнх сул орон тоо ч мөн л нийслэлд үүсэж байна. Үүнийг шилжилт хөдөлгөөн их байна гэж харж байгаа. Нийслэлийн шилжилт хөдөлгөөнийг зохицуулах хүрээнд нэгж байгууллагуудыг удирдах чиглэлээр хангаж ажиллаж байна. 2500 гаруй шинэ төгсөгч байгаа учраас тэдгээр төгсөгчдийг ажлын байранд зуучлах талаар анхаарч ажиллана. Аль болох сумын төв, багийн сургууль дээр үүсэж байгаа сул орог тоог богино хугацаанд нөхөх чиглэлээр төгсөгчдийн байршил, төгсөөд ажиллах сонирхол, орон нутагт байгаа боломжууд дээр түшиглээд судалгаа тооцоог хийгээд ажиллаж байна.