ДОРНОД: Чойбалсан хотын агаарын чанарыг цэвэр гэж дүгнэв
Чойбалсан, 2023 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн УЦУОШГ-аас Чойбалсан хотын агаарын чанарт хяналт шинжилгээ хийхэд цэвэр гарчээ.
Агаарын чанарын хувьд хүхэрлэг хийн хүлцэх хэмжээ 450 мкг/м.куб, азотын давхар ислийн хүлцэх хэмжээ 200 мкг/м.куб байдаг. Харин Чойбалсан хотынх хүхэрлэг хий 41 мкг/м.куб, азотын давхар исэл 47 мкг/м.куб хэмжээтэй буюу стандартаас давсан үзүүлэлт ажиглагдаагүй гэв.
УЦУОШГ-аас хоногт гурван удаа буюу 08.00, 14.00, 20.00 цагт агаарын сорьц авч, химийн урвалж бодис ашиглаж тодорхойлж байна.
Түүнчлэн агаарын нарийн ширхэгт тоосонцрыг тогтмол хэмжихэд энэ сарын 15, 16, 19-ний өдөр стандартаас давсан тохиолдол ажиглагджээ. Энэ өдрүүдэд агаарын дундаж температур -20 градус, салхи 3-7 м/с-ийн хурдтай байсан аж.
Сонирхуулахад, ноднин жилийн өдий үед агаарын дундаж температур -30 градус байсан бол энэ жил -6.2 градусаар дулаан байна.