Бөхчүүд "Бөхийн өргөө"-ндөө Допингийн төвтэй болчих

Бөхчүүд "Бөхийн өргөө"-ндөө Допингийн төвтэй болчих

 

Үнэндээ, Үндэсний бөх гэх нэртэй хамт допинг гэдэг овог дагалдаж явдаг болсон. Намар эхэлсэн ч наадмын сэргээшийн хэрүүл тасарсангүй. Дараа жилийн наадамтай золгох нь, энэ янзаараа.  Тэгвэл үндэсний бөхийн энэ эмх замбараагаа алдсан допингийн асуудлыг цэгцлэхийн тулд дотооддоо учраа олох нь арай амар байж мэдэх юм. Угаас “Үндэсний бөх бол их спорт биш юм байна” гэдгээ бид хүлээн зөвшөөрөх цаг иржээ. Сүүлийн үед ч энэ талаар ярьж эхэллээ. Ер нь бол Олон улсын допингийн эсрэг байгууллагад шинжилгээ өгнө гэдэг мэргэжлийн тамирчны түвшинд яригдах зүйл. Гэтэл манай бөхчүүд бэртэж гэмтлээ гэхэд хамаагүй л эм тан хэрэглэдэг. Болно, болохгүй гэсэн мэргэжлийн эмчийн зөвлөгөө авдаг нь ч цөөн. Хэрэглэж болохгүй бодис, допинг илэрдэг эм тангуудыг бөхчүүдэд танилцуулж, ойлгуулах байдал учир дутагдалтай явж ирсэн. Бэлтгэл сургуулилт талаасаа ч бодолцох шаардлага бий. Үндэсний бөхийн онцлог нь өөрөө өргөн олныг цэнгүүлэх болохоос биш олимп, дэлхийн наадамд өрсөлдөх мэргэжлийн спорт биш шүү дээ. 
 
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан саяхан "Допингийн асуудлыг ард түмэнтэйгээ хамт шийднэ. Энэ бол үндэсний спорт. Ард түмэн үндэсний бөхөө харж баярлаж, цэнгэдэг тул санал бодлыг нь харгалзаж байж, цаашид үндэсний бөхөөс допингийн шинжилгээ авах уу, үгүй юу гэдгийг шийднэ. Мөн допингийн эсрэг үндэсний байгууллага, үндэсний бөхийн холбоо бусад мэргэжлийн байгууллагыг оролцуулна" гэж ярилаа. Үүний араас бөхчүүд “Хэрвээ энэ шийдвэр хэрэгжээд эхэлвэл адилхан хэрэглээд барилдахаас өөр арга байхгүй. Тиймээс эрүүл мэндээ бодоод барилдахаа болих замыг сонгох байх даа” гэжээ. Үнэхээр бөхчүүд допингийн шинжилгээгээ өгье гэж байгаа бол заавал хориод хэрэггүй. Гарц бий. "Бөхийн өргөө" дээрээ очоод бүгд харж зогсч байгаад шинжилгээнийхээ хариуг харчихвал хэрүүл будилаан гарахгүй шүү дээ. Бас допингийн шинжилгээний мөнгийг бөхчүүд өөрсдөө гаргачихсан ч хотойхгүй дээ. Нисээд л "ноль" километртэй ганц жийпний үнэ биз дээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 20. БААСАН ГАРАГ. № 209 (7194)

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen