Б.Ганхуяг "Сум" нь бол "Нум" нь хэн бэ?

Б.Ганхуяг "Сум" нь бол "Нум" нь хэн бэ?

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг их том байна аа. Арван сар орчим хоригдсон тэрээр “Ардын баатар”-ын дүртэйгээр өчигдөр шүүх танхимд үг хэллээ. Шулуухан асууя. Тэр үнэхээр ярьсан шигээ шударга хүн мөн гэж үү?

“Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх удирдлагаар анх байгуулагдсан 2010 оноос нь хойш тасралтгүй ажиллачихаад “Нүүрсний хулгай”-г огт мэдээгүй байх боломжтой юу? Шанага нүүрс, сохор зоос хулгайлаагүй гэсэн түүний мэдүүлэгт итгэж болох уу?

Угтаа бол энэ бүх асуултад шүүх шийдвэрээрээ хариулт өгөх байлаа. Дүн өвлийн хүйтэнд төв талбайдаа “Нүүрсний хулгай”-г эсэргүүцэн жагссан Монголын ард түмэн үнэнийг мэдэх ёстой байв. Гэвч шүүх хуралдаан хойшилж, асуулт ахиад л хариултгүй үлдэж байна. 

Учир нь “Нүүрсний” гэх хэрэгт яллагдагчаар татагдсан 11 хүний эрүүгийн хэргийн шүүх хуралдааны урьдчилсан шатны хэлэлцүүлгийн үеэр Б.Ганхуяг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нийт шүүгчдээс татгалзлаа. Тэгэхээр түүний хүсэлтийг Шүүгчдийн зөвлөлгөөнөөр эхлээд шийдвэрлэж байж урьдчилсан шатны хэлэлцүүлгийг дахин товлох боломжтой юм. 

Парламент дээр “Нүүрсний сонсгол” хараахан болоогүй байхад шүүх дээр “Нүүрсний хэрэг” ийнхүү хойшиллоо. Гэхдээ энд шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан Б.Ганхуягийн хүсэлтийг бид шүүн хэлэлцээд байх нь утгагүй юм. Тэр Үндсэн хуулиар өөрт олгогдсон эрхээ л эдэлсэн. Гэхдээ худлын өмнө үнэнийг үнэгүйдүүлэх эрх Б.Ганхуягт байхгүй гэдгийг цохон тэмдэглэх ёстой юм. 

Ер нь Б.Ганхуяг гэж хэн бэ. Тэр үнэхээр хэлсэн шигээ улс төрийн золионд явж хэлмэгдэж байгаа хүн мөн үү? Энэ бол эргэлзээтэй. 40 их наяд төгрөгөөр хэмжигдэж буй “Нүүрсний хулгай” яригдаж байхад Монголын хамгийн том Тавантолгойн нүүрсний ордод “эзэн” сууж байсан Б.Ганхуяг мэдэхгүй байх боломжтой юм уу. Хэрэв мэдээгүй бол тэр хулгай хийх боломжийг бусдад бүрдүүлж өгсөн байж таарах нь. Гэхдээ энэ бол жичдээ асуудал. 

Ямарч байсан Б.Ганхуягийн өчигдрийн мэдэгдэл ба өнгөрсөн амьдрал хоёр нь зөрөөд байгаа юм. Албан ёсны намтраас нь харахад түүнд Монголын оюутны холбоог тэргүүлж явсан түүх байхаас хувийн бизнес эрхэлж байсан түүх бараг л үгүй. Тийм атлаа өнөөдөр Улаанбаатарын сор болсон газруудад оффис өмчилж, үл хөдлөх хөрөнгийн магнат шахуу болтлоо томорсон гэдгийг нь олон нийт цахим сүлжээнд ээлж дараалан ил гаргаж тавьж байна. Олон нийтийн таамаглаж буйгаар нууц нь ердөө л нүүрс. 

Нүүрсчид өнөөдөр мөнгөтэй байгаа. Тэд мөн маш том ар талтай байгаа. Тийм болоод л шүүх системийг, хууль тогтоох байгууллагыг, гүйцэтгэх засаглалыг, хэвлэл мэдээллийг, бүр хар масс гээд ард түмнийг хүртэл буруутгах зоригтой байгаа юм.

Яг л хэдэн жилийн өмнө Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан дээр “Цааш нь ярих уу, яах уу” гэж томордог шиг Б.Ганхуяг өчигдөр шүүх танхимд томорч байна лээ. “Намайг гаргах юм бол маш олон хүний зүрх зогсох гээд байна” гэдэг үг ч үүнийг илтгэнэ. 

Гэхдээ Б.Ганхуяг шүүх танхимд зарим үнэнийг өгүүлсэн. Маш олон хүн “Нүүрсний хулгай”-д оролцсон байх магадлалтайг түүний “76 гишүүнийг хамтдаа шүүлгэе” гэсэн үгээс “уншиж” болж байна. Өмнө ч яг үүнтэй утга дүйх үгийг Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ч хэлж байсан. Тухайн үед Ерөнхий сайд “Нүүрсний хулгайтай тэмцэнэ гэдэг намын нөхөдтэйгөө тэмцэнэ ээ гэсэн үг” гэдгийг онцолж байсан удаатай. Тэгэхээр “Нүүрсний хулгай”-гаар шалгуулж байгаа нь л энэ 11 хүн болохоос шалгуулах ёстой хүний тоо үүнээс хол давахаар байгаа юм байна. Тэр тусмаа Б.Ганхуягийг ингэж том дуугаргаж байгаа “Том ар” нь бас шалгуулах ёстой юм. 

2010 оноос гэж тооцвол Б.Ганхуяг хоригдох хүртлээ 12 жил “Эрдэнэс Тавантолгой”-н удирдах багт ажилласан хүн. Энэ бүх хугацаанд парламентын гурван ч сонгууль болж, түүнээс ч олон Засгийн газар солигдсон. Ганц хөдлөөгүй хүн нь бат артай Б.Ганхуяг л байсан гэдэг. Бүр УИХ-ын гишүүд уулзах гэж цаг “гуйдаг” хэмжээнд очтолоо тэр томорч байсан гэдгийг ярих хүн ч байдаг. Энэ өнцгөөс харвал тэр маш том ар талтай хүн. Тэр ар нь ил гарвал “Нүүрсний хулгай” ч нуух аргагүй тодроод ирэх учиртай. 

Товчхондоо, Б.Ганхуягийн өчигдрийн шүүх дээр хийсэн мэдэгдлээс нь харахад тэр ердөө л сум аж. Сум хаана тусах нь нум хаашаа шагайхаас л хамаардаг билээ. 

 

www.SONIN.mn

Т.Тулгаа

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen