Монгол хүн ядаж л дөрвөн ханатай гэртээ даарахгүй, өлсөхгүй амьдрах учиртай

Улаанбаатарт гуйлга гуйх, орон гэргүй хөлчүү хүмүүс ямар их олшроо вэ. Гудмаар нэг хэвтэж байдаг болжээ.
Энэ зурган дээр байгаа эмэгтэй бол агаарын гимнастикч, МУГЖ Б.Цэрэндэжид. Уран нугараач, ардын жүжигчин Д.Мажигсүрэн, цагирагийн Магдаа, алиалагч тогдгор хэмээх Галсантогтох, Д.Ягаанцэцэг нартай хамт ид ажиллаж байжээ.
Нэг удаад бодол болж суугаатай нь дайралдаж жаал яриа өрнүүлсэн юм. “80-аад оны сүүлээр ажилгүй болсон, Асашёорү Дагвадорж биднийг тараасан. Хань минь Билигт гэж хүн, 98 онд нас барсан циркийн жүжигчин хүн байсан. Телевизид хоёр охинтойгоо хоёр идэхгүй, хоосон хонохгүй амьдарч байтал хашаа байшин минь галд өртөж, хоёр охин нь угаартаж нэг нь газар дээрээ, нөгөөх нь дараагийн нөлөөгөөр хөгжлийн бэрхшээлтэй болж 2 жилийн өмнө нас эцэслэсэн. Миний охин тал бие нь түлэгдэж сүүлдээ тэргэнцэр дээр их зовсон. Нэг өдөр уйлаад, “Ээжээ та аавыг явахад удаан гашуудсан, харин намайг явсны дараа хоолоо сайн идэж байгаарай, би аав дээр очно сэтгэлээр унах хэрэггүй” гэж хэлсэн. Охиноосоо хойш эгч нь ганцаардаж, өвдөж зовж, гудамж хэсүүчлэн амьдарч байна” гэж ярьсан юм... Сэтгэл сэмэрсэн би түүнд дэмий л 15 мянган төгрөг өглөө. Видеогоор яриаг нь бичиж авч байгаа, гэхдээ олон нийтийн сүлжээнд танигдахаар оруулахгүй гэлээ. Эгч толгой дохиж байна...
...
Монгол хүн бүр энэ улсын баялгийн эзэд юм, тэд өлсөж даарахгүй, эмнэлгийн үйлчилгээ авч амьдрал нь баталгаатай байх эрхтэй. Баялгаараа бид асар их мөнгө олж байгаа. Угаасаа аливаа улсын иргэдийн арав орчим хувь нь өөрсдөө амьдрах чадваргүй шахуу хүмүүс байдаг гэгддэг. Гэхдээ тэд тухайн улсынхаа манаач, ирээдүйн иргэдийн эцэг эх, эмээ өвөө. Тэдний хүүхдүүдээс хэн нэгэн барилгачин, инженер, цэрэг эрс, эмч сувилагчид төрж л байдаг. Тиймээс ч баруунд бол ийм хүмүүсээ сайн харж анхаардаг. Таарч тохирсон ажил олгоно. Эс бол зарим гэр бүл төрийн халамжийн мөнгөөр амьдардаг ч 3-8 хүртэл хүүхэд төрүүлж, тэр нь хүн амын өсөлтөд эргээд эерэгээр нөлөөлдөг.
Манай либералууд, “бид та нарт эрх чөлөөг өгсөн, та нар арчаагүй залхуу, түүнийгээ эдэлж хэрэглэж чадахгүй хохь нь” гэдэг. Үгүй шүү, тэд өөрсдөдөө хамаг улсын өмчийг хувьчилж авч, улсын баялгаас хүртэх ашгийг давуу эрхтэйгээр эзэмших эрх чөлөөг л олж авсан. Жирийн ард иргэдийн хэн нь хэзээ ч Цэрэндэжид гуайн туулж яваа амьдрал руу гулгаж орох тийм л баталгаагүй нийгмийг бий болгосон. Зүй нь боловсрол, эрүүл мэнд үнэ төлбөргүй байх ёстой, Монгол улсын ард иргэдэд. Хүн бүрийг эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамааруулах нь зүй. Эдгээрийг татварын системээр санхүүжүүлдэг. Герман, Швед зэрэг улсад бол ийм л байдаг. Бид чинь гуравхан саяулаа. Монгол хүн ядуу байлаа байлаа гэхэд ядаж л дөрвөн ханатай гэртээ даарахгүй, өлсөхгүй амьдрах учиртай. Бид нэгнээ тэгж л харж хандах хэрэгтэй. Хэрвээ ядуу нэгнээ арчаагүй, хохь нь, бэлэнчлэх сэтгэлгээтэй гэж доромжилж тавлаж байвал та өөрийгөө “төлөвших, боловсрох, ухаан суух хаа ч байсан юм” гэж үнэлж дүгнэх хэрэгтэй.
Иргэд нь өдрийн хоолондоо санаа зовохгүй хэвийн амьдарч байж л боловсрол, эх орны тусгаар тогтнол, ирээдүй зэрэг чухал зүйлд сэтгэл чилээнэ. Эс бол эсрэгээрээ юунд ч хууртаж худалдагдах эрсдэлтэй нь гашуун үнэн.
Д.Оюун
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen