“Их засвар” хийх хүлээлттэй энэ намрын чуулган

“Их засвар” хийх хүлээлттэй энэ намрын чуулган

 

УИХ-ын намрын чуулган ирэх сарын 1-нд нээлтээ хийнэ. Ердөө хоёр долоо хоногийн дараа эхлэх чуулганаас гарах үр дүн Монгол Улсын хувь төөрөг цаашдаа хэрхэн зурагдахыг чиглүүлнэ гэж болно. Тодруулбал, намрын чуулганы гол ажил ирэх жилийн улсын төсвийг батлах байдаг. Өнөө жилийн хувьд улсын төсөв батлах ажил өмнөх жилүүдтэй харьцуулахад багагүй онцлогтой болно. УИХ, Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль шил даран болсон өнгөрсөн хоёр жилд барьж байгуулна, бүтээнэ хийнэ гэсэн амлалт өндөр байлаа. Харин одоо нэгдүгээрт, улс төрийн сонгуулийн цикл өндөрлөсөн үүлэн чөлөөний нар шиг богино хугацаа эхэлж байна. Тийм болохоор төсөв дээр янз бүрийн фантаз нэмэх шаардлагагүй. Хоёрдугаарт, цар тахлын нөлөөнд хоёр жил тийчигнэсэн улсын хувьд шаардлагагүй хөрөнгө оруулалтаас татгалзаж эхлэх цаг нь болсон. Тэгэхээр сүүлийн хэдэн жилд тохиогоогүй эрүүл нүдээр харсан, илүү дутуу амлалтгүй төсөв батлагдана гэсэн хүлээлт байгаа юм.

 

Нөгөөтэйгүүр мөн л УИХ, Ерөнхийлөгчийн сонгууль дууссантай холбоотойгоор Засгийн газрын нэр бүхий сайд нарыг огцруулах, бүр бүхлээр нь унагах тухай явган яриа гарч байна. Учир нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Засгийн газрыг огцруулж байлаа. Чухам тэр эргэлтээр эрх баригч МАН дотор М.Энхболдын тэргүүлсэн хотын хэмээх фракцаас Зүүний хүчний холбоо намынхаа жолоог булаан авсан. Гэхдээ хоёр дараалан төрийн эрхийн үнэмлэхүй олонхыг бүрдүүлсэн ийм том намд зөвхөн нэг бүлэг нь хугацаагүйгээр манлайлах боломжгүй. Үүний дээр Зүүний хүчний холбоог өөрийн нэр мэт авторладаг У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдчихоод байгаа. Энэ бол МАН-ын хэлээр дэвшүүлэн зайлуулсан гэсэн үг. Ардаа залгамжлагчаар үлдээсэн Ерөнхий сайдтай нь тооцоо хийх цаг болжээ гэж орчуулсан ч болно. Мэдээж, өнгөрсөн хавраас эхэлсэн УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд гарын үсгээ зурчихсан Ерөнхий сайдыг огцруулах албан бичиг бэлэн байж байна. Түүн дээр эрх баригч намаас хэдэн хүн нэгдэхэд л асуудал дуусна. Шалтаг бол ямар ч байж болно. Тухайлбал, цар тахлын нөлөөний улмаас нас барсан иргэдийн тоо мянга гараад явчихсан асуудлыг л яриад байхад хангалттай шалтаг шүү дээ.

 

Тийм ч болохоор намрын чуулган эхлэх хоног ойртох тусам Засгийн газрыг оролдох нь улам ихсэж байгаа хэрэг. Нэр бүхий зарим сайдыг чөлөөлнө гэсэн таамаг ч хэвлэлийн хуудаснаас салахаа байсан. Ямар олигтойдоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн баасан гарагт мэдээлэл хийж “Засгийн газрын сайд нарыг огцруулах асуудал огт ярихгүй. Мэргэжлийн сайд нарыг ажлыг нь хийлгэе. Одоо улс төржиж суух цаг биш. Хэрвээ улс төр хийх гэж байгаа бол Ерөнхий сайд надтай шууд тул. Ер нь үеийн үед Засгийн газрыг унагах, Засгийн газрын сайд нарыг огцруулах санаархал, оролдлого байсаар ирсэн. Ийм оролдлого бүр оносон нь тун ховор. МАН яг энэ цаг үед ард түмнийхээ итгэлийг хүлээн төр, засгийн эрхийг бүрэн авч ажиллаж байна. Тиймээс бидэнд хийх зүйл их, алдах эрх байхгүй. Тэр тусмаа улс төржих цаг бүр ч байхгүй. Засаг төр тогтвортой байна гэдэгт та бүхэн итгээрэй” гэж байх вэ дээ. Энэ бол Тусгаар тогтнолын ордонд Засгийн газрын хувь заяаны асуудлыг сөхөж ярьдаг болсон, Ерөнхий сайд өөрөө ч сандралтай байгаагийн илрэл юм. Ямар ч байсан ирэх намрын чуулганаар эрх баригч нам дотроо нанчилдах уу, эвтэй найртайгаар цаашаа явах уу гэдгийг бид удахгүй харна.

 

Бас Н.Энхбаяр өнгөрсөн тавдугаар сард МАХН-ыг МАН-д нэгтгэж, Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-аас нэр дэвшигчийг дэмжихээ зарласан. Ингэхдээ тухайн үеийн МАН-ын удирдлагуудтай албан ёсоор гэрээ хийсэн тухайгаа хэлж байв. Үүнд нь, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал багтсан тухай зарлаж байсан юм. Тэрбээр “Шинэ Үндсэн хуультай болно. Төрийн гаж тогтолцолцоог засаж, залруулж зөв тогтолцоотой болохоор санал бодлоо солилцож байна. Байгалийн баялаг ард түмний өмч болох ёстой гэж үзэж байгаа. Мөн нийгмийн чиг баримжаатай Бүгд найрамдах улсыг байгуулахыг зорьж байгаа” гээд түс тас хэлж байсан. Үүнийгээ яриад эрх баригч намаас хуулийн шинэчлэл шаардаад намрын чуулганаар пижигнүүлж эхлэхийг үгүйсгэх газаргүй.

 

Төсөв батлах, Засгийн газрыг огцруулах тухай асуудал бол оноос өмнө тодорхой болчих зүйлс. Эдгээрээс гадна намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн хуулийн төслүүд бий. Өнгөрсөн хаврын чуулган өндөрлөсний дараа УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг баталсан байдаг. Ингэхдээ хууль санаачлагчдын саналыг урьдчилж авчээ. Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахаар УИХ дахь МАН-ын бүлэг 20, АН-ын бүлэг 18, Засгийн газар 136, Байнгын хороод 63, мөн УИХ-ын гишүүн Т.Доржханд найм, Д.Батлут нэг, нийт 245 хууль тогтоомжийн төслийн санал хүргүүлсэн байдаг. Энэ үндсэн дээр УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганаар нийт 72 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр тогтоолын төсөлд нэр зааж оруулсан байна.

Сонин хачин хууль гэвэл Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл (шинэчилсэн найруулга), Галт зэвсгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуулийн төсөл, Зөрчлийн тухай хуулийн төсөл (шинэчилсэн найруулга), Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөл (шинэчилсэн найруулга), Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, мансуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл (шинэчилсэн найруулга), Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн төсөл (шинэчилсэн найруулга) зэргийг дурдаж болно. Харин хамгийн их сонирхол татах хуулийн төсөл гэвэл Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл (шинэчилсэн найруулга), Засгийн газрын тухай хуулийн төсөл (шинэчилсэн найруулга), УИХ-ын  чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм.

 

Бас Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төсөл, Төрийн жинхэнэ албанд чадахуйд үндэслэн сонгон шалгаруулах тухай хуулийн төсөл хэлэлцэх асуудалд багтжээ. Энэ хоёр хуулийн төсөл дээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос ажлын хэсэг гарч нэлээд чамбайруулсан юм билээ. Дээр нь УИХ-ын дарга Г.Занданшатар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байхдаа анх санаачилсан байдаг. Иймээс ч хэлэлцүүлэг, бэлтгэл дээр нь анхаарлаа хандуулсаар байгаа. Тэгэхээр гээгдэж үлдэхгүй заавал хэлэлцэгдэнэ гэж ойлгож болно. Уг хуулийн төслүүд батлагдсанаар иргэд төрийн албан хаагчдад шаардлага тавих эрх албан ёсоор нээгдэнэ гэсэн үг. Татварын хэлтсээр ороод ганц асуултад ч хариулт авч чадахгүй гарч ирдэг хачин явдал арилна. УИХ-ын дарга Г.Занданшатар “Эдгээр хуулийн төсөл батлагдсанаар төрийн албан хаагчид ард түмний зарц болно” гэж мэдэгдээд байгаа.  Эдгээрээс гадна Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл, Хийн хоолойн тухай хуулийн төсөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл, Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Эдгээр хуулийн төсөл батлагдвал Монгол Улсын иргэн бүрд ямар нэг хэмжээгээр нөлөөлж таарна. Нэг ийм анхаарал татсан чуулган удахгүй эхлэх гэж байна даа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen