Эхлээд гишүүдээ буцааж татдаг болгочих

Эхлээд гишүүдээ буцааж татдаг болгочих

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнгөрсөн мягмар гарагийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.  Энэ хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд янз бүрийн л асуулт асууж, хариулт авсан. Харин тэр дунд зарим нэг гишүүн сэтгүүлчдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж болохгүй юу гэж асуугаад, нөгөө нь "Боломжтой” гээд хариулаад сууж байна.

 

Ерөнхийдөө хэвлэлийнхэн биднийхээ "амыг барьчих” арга замыг л эрэлхийлээд байгаа бололтой юм, эрхэм гишүүд. Бүр тодруулбал, "Хүний нэр төрд халдах, гутаан доромжлох, гүтгэх зэргийг шийтгэх заалт Эрүүгийн хуульд орсон уу. Олон нийтийн сүлжээгээр энэ явдал хэрээс хэтэрлээ. Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд мөнгө авч захиалгаар хүний нэр төрд халдаж байна. Нэр төрд халдах, гутаан доромжлох, гүтгэх зэргийн шийтгэлийг чангатгамаар байна” гэж дайраад л байгаа юм.

 

Ер нь сэтгүүлчид хэзээ, хэнийг яаж ор үндэслэлгүй гүтгээд, илтэд гутаан доромжлоод байгаа юм. Баримттай, нотолгоотой л яримаар байна. Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид гэдэг нийгмийн муу муухай, бузар булай, булхай хуудуу бүхнийг илчилж гаргах үүрэгтэй. Нийгмийн муу муухай бүхнийг тонших тоншуул болж яваа хүмүүс. Олон асуудлыг хөндөж тавьж, олон ч хүний булхай хуудууг илчилсэн. Гэвч манай төр засгийн эрхмүүд, эрх мэдэлтнүүдээс авахуулаад мөнгө төгрөг ихтэй хүмүүс өөрсдийгөө зад өмөөрөөд, хэдэн сэтгүүлчдийг шүүхэд өгөөд л, нэр төр, алдар хүндийг минь сэргээ гээд л дайраад байгаа шүү дээ.

 

Угтаа бол улсыг өрөнд оруулчихаад, удахгүй төлөлт хийх ёстой 580 сая ам.долларын өр хэний гай юм. Эрх мэдэлтэй хүмүүсийн л хувьдаа шахам авчихаад эргүүлж өгөөгүй мөнгөний л өр биз дээ. Тэрийг нь бичсэний төлөө нэр төрд халдлаа гэх. Ажлаа хийхгүй байгааг нь бичихээр доромжилсон болно. Улс орон өөдлөхгүй байгааг дурьдаж, урдах ажлаа олигтой хийхгүй, ард түмнээ бодохгүй, бирд мэт байгааг нь хэлэхээр гутаасан болох уу. Үнэндээ тэд хууль санаачлах, батлалцах халдашгүй дархан эрх гээчээ сэлэм мэт далайж, зэвсэг болгож, хэн рүү ч хамаагүй дайрч байгаагийн илрэл энэ.

 

Яг үнэндээ сошиал сүлжээ, сэтгүүлзүй хоёроо ч ялгахгүй л байна шүү дээ. Твиттер, фэйсбүүкээр янз бүрийн зураг эвлүүлж, доромжилсон үг бичиж, илт дайрдаг хэсэг бүлэг хүмүүс байгаа. Нийгэм, тэр битгий хэл төрийн томчууд хүртэл өөрсдөө түүнийгээ хүлээн зөвшөөрчихсөн. Жиргээчдийн хуушуурдалт хүртэл зохион байгуулаад, сэм уулзаад явдаг юм байна билээ. Төрийн томчууд л өөрсдөө тэдэнд мөнгө өгч, хэн нэгнийг "од” болгодог, огторгуйд гаргадаг. Эсвэл ад болгож, албин чөтгөр шиг харагдуулдаг бүхэл бүтэн армийг бий болгосон. Хэн нэгэн гишүүн жаахан факт гаргавал жиргээчид л түүнийг нь өлгөн авч, цахим ертөнцөд  тарааж байгаа. Сэтгүүлчид лав биш.

 

Тийм болохоор шийтгэх гээд байж ядаад байгаа бол өөрсдийнхөө бий болгож, өөхшүүлсэн тэр сошиалийнхнаа л хянах гэж оролд. Түүнээс биш өдөр тутмын сонин дээр хэн нэгэн гишүүний зургийг тавьж байгаад унтлаа, ууж идлээ, согтуу хөлчүү байна гэж бичээд байгаагүй л байх. Тэгээд ч сэтгүүлчид рүү хууль барьж дайрч байхын оронд унтаад, уугаад, уймраад байгаа УИХ-ын гишүүдийг эргэн татах хуулиа баталчих л даа, тэгвэл. Өнөөдөр Монгол Улсын парламент, тэнд сууж байгаа гишүүд ямархуу байгаа билээ дээ.  Одоо сууж байгаа гишүүдээр л жишээ аваад үзье. МАН 65 суудалтай. Сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан.

 

Гэтэл одоо хаалтаа хийх гэж байгаа намрын чуулганы хугацаанд 65-ын бүлэг яав. Байнгын хороо, чуулганых нь ирц хүрэхгүй бөөн юм болоо биз дээ. Ийм байдал хэд хэдэн удаа давтагдсан. 10 гаруй гишүүн гадаад, дотоодод томилолттой явчихсан чинь чуулганы ирц хүрэхгүй үгээ хэлж, хурал даргалагч нь залуучуудаа яаж загнаж байлаа. Хамгийн залуу гэсэн тодотголтой гишүүн нь хуралдаа бараг суугаагүй байна гээд л дэд дарга нь үглээд байсан. 65 гишүүний 10 нь байхгүйн төлөө ирц хүрэхгүй байна гэж байх уу.

 

Өнөөдөр яам, тамгын газар, цаашлаад төрийн байгууллагууд, хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүс ажлаа тасалбал цалингүй болдог. Хоцорвол цалингаасаа хасуулдаг. Амьдралаа авч явахын төлөө, хэдэн төгрөгөө бүрэн авахын тулд хуруу хумсаа хуйхлан, шөнө дөл болтол зүтгэж байна. Гэтэл биднийг төлөөлж УИХ-д сууж, шийдвэр гаргана гэсэн хүмүүс ажлаа хийхгүй таслаад, өглөө орноосоо босч чадахгүй байхад яагаад хэн ч хариуцлага тооцох эрхгүй байх ёстой гэж. Ард түмэн хэрвээ тэр гишүүнийг муу ажиллаж байна гэж үзвэл эргүүлэн татаад, дараагийнх нь хүнийг оруулах эрхтэй байх хэрэгтэй шүү дээ.

 

Ийм хариуцлагын тогтолцоогоо үе үеийн парламент бүрдүүлж чадаагүй л явна. Өөрсдөө ажлаа хийдэггүй, сэтгэл гаргадаггүй, хариуцлага алддаг байж эрхэм гишүүд ямар ч шийтгэлгүй. Тэгсэн мөртлөө бусдыг болохоор жаахан хальтирвал түлхчих гээд байж болмооргүйсэн. Тэгээд юм л болбол сэтгүүлчид рүү дайрна. Ямар ч баримттай, эх сурвалжтай мэдээлсэн байсан "Сэтгүүлчид худалдагдсан. Намайг гүтгэлээ. Би ёстой тэгдэггүй, амьдралдаа тийм юм хийж үзээгүй, өндөг шиг өөгүй” гээд л дайраад байна. Яг ачир дээрээ хамгийн их бусдыг гүтгэж, гутаан доромжилж байгаа хүмүүс чинь УИХ-ын гишүүд өөрсдөө. Бүр УИХ-ын чуулганы танхимд согтуу сууж байгаад тэр ч тэгсэн, энэ ч ингэсэн. Тэр төслөөс тийм мөнгө завшсан. Энэ үйлдвэрт ингэж шахаа хийсэн гэж ярьдаг нь үнэн биз дээ. Сонин хэвлэлд янз бүрийн ярилцлага өгч, "Хүн дайрч алчихаад ял шийтгэл аваагүй. Өндөр албан тушаалд очсон” гээд л хэнэг ч үгүй яриад л сууж байдаг шүү дээ.

 

Гэтэл тэдний ярьж, хэлснээр тэр хүмүүсийг нь бариад, шалгаад, хуулийн байгууллага нотлоод, ял шийтгэл оноодог бил үү. Үгүй шүү дээ. Энэ чинь гүтгэж байгаагаас ялгаа юу байна. Үнэхээр тэд үнэн ярьсан бол цагдаагийн байгууллага шалгаад, шүүх нь ял шийтгэлээ оноох ёстой биз дээ. Гэтэл тэгдэггүй. Зүгээр л амныхаа зоргоор яриад байдаг. Улсын тоо  баримтыг ч амныхаа зоргоор ярина. Ер нь хариуцлагагүй шүү дээ. Жинхэнэ гүтгэгчид чинь тэд өөрсдөө. Жинхэнэ хариуцлагагүй, эргүүлэн татмаар гишүүд яг одоо олон л байна. Гэтэл өөрсөддөө хариуцлага тооцох хуулиа үеийн үед батлахгүй байгаа байж сошиал, сэтгүүлзүй хоёроо хольж, хутгаад, сэтгүүлчдийг эрүүгийн хуулиар шийтгэх юм яриад сууж байж болохгүй ээ. Өөрчлөлтийг өөрөөсөө гэдэг юм. Өөрсдөө эхлээд зөв шударга ажиллаад, амьдарчих.

 

Хариуцлага тооцох хуулиа баталчих. Халдашгүй дархан эрх гэх балай зүйлээ болиулчих. Түүнийхээ дараа жаахан боловсроод, твиттерээр жиргэх, фэйсбүүкт хүмүүс үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэлд сэтгүүлч нийтлэл бичихийн ялгааг ойлгочих. Түүнийхээ дараа хууль санаачлах эрхээ бариад дайр. Тэгвэл хамаа алга.   
 

Эх сурвалж: Монголын мэдээ

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen