ХУУРАЙШИЛТ ИХТЭЙ ҮЕД ХАРИУЦЛАГАТАЙ АЖИЛЛАХЫГ АНХААРУУЛЛАА
Өнөөдөр аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүн хуралдаж, Хэнтий аймгийн хэмжээнд 2019 онд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах түүнтэй тэмцэх ажлыг зохион байгуулах төлөвлөгөөг хэлэлцэв.
Өнгөрсөн өвөл хур тунадас багатай хараар өвөлжсөн учраас аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаарах, гал түймэр гарах өндөр эрсдэлтэй байгааг албаны эх сурвалжууд хурлын үеэр мэдээллээ.
Үүнтэй холбогдуулж, аймгийн удирдлагууд төлөвлөгөөгөө сайтар биелүүлж ажиллахыг үүрэг болгоод цаг хугацаа тулсан Хэрлэн сумын төвийн багуудын гэр хороолол, гудамж талбайн хатсан хамхуул хазаар өвсийг устгах, хуурайшилтын зэрэглэл өндөртэй сумдад, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгаа хийх, түймэртэй тэмцэх бүлгийг эрсдэл бүхий сумдад шуурхай ажиллуулахыг анхаарууллаа. Мөн сүүлийн үед аялагчид, ард иргэдийн ихээр зорчих болсон төрийн тахилгат Бурхан Халдун хайрханд аймгийнхаа зүгээс хяналтын цэг тавих, цаг агаарт зориудаар нөлөөлөх нөхцөл бүрдсэн үед хур тунадас нэмэгдүүлэх ажиллагааг яаралтай зохион байгуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгов.
Төлөвлөгөөнд нийтдээ 53 сая төгрөгийн дүнтэй 30 шахам ажил тусгагдсан. Төлөвлөгдсөн төсвийг ангилбал аймгийн Засаг даргын нөөцөөс 20 сая төгрөг, БОАЖГ-аас 28.5 сая төгрөг, төсөл, хөтөлбөрөөс 4,5 сая төгрөгийг тусгаж, батлав.