Тууз хайчлах "ДОН"
Ёс уламжлал, ах захаа хүндэтгэх уламжлалтай монгол түмэнд хадаг, тууз хоёр хамгийн их хүндэтгэлийн зүйл байсан юм гэнэлээ. Харин одоо цагт хамгийн хэрэггүй ч юм шиг, хамгийн их хэрэг болоод ч байгаа юм шиг зүйл нь Хадаг болон Тууз болжээ.
Хүндэтгэлийн дээд Хадаг нь хаа л бол хаа хамаагүй газар хаягдаж, элэгдэж, хог болж байгаа бол тууз нь Амбиц ихтэй "Онц хүнд өвчтөн"-үүдийн Албан тушаалаараа аархсан хэлбэрдэлт болжээ. Хамгийн сүүлд цахим ертөнцөд гарч буй мэдээллээр Чингэлтэй дүүрэгт баригдсан ХУДАГ-ны нээлтийн ТУУЗ хайчлах ёслол болон Замын -Үүдэд баригдсан Замын цагдаагийн постны тууз хайчлах ёслол олон хүмүүсийн эгдүүцлийг хөдөлгөж байна.
Чингэлтэй дүүрэг дэх худаг нь 150 саяаар боссон гэгдэж байгаа бол Замын-үүд дэх пост нь 56 саяаар сүндэрлэн босож "Монгол улсын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулсан бололтой."
Кени улсад 6 сая америк доллараар гүүр баригдаж Дэлхийн чихийг дэлдэж байгаа бол удахгүй манай монголчууд Кеничүүдтэй тэргүүн байрын төлөө өрсөлдөхөөр шигшигдэж байх шиг. Өмнөх Засгийн үед хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан 4 метр хүрэхтэй үгүйтэй үерийн далан дээгүүр тавьсан гүүрний туузыг хайчилж олныг гайшруулж байсан, алдарт Арслантай гүүрний "Шээдэг оргилуур"-г бас хотын эрхтэн дархтанууд тууз хайчлан нээсэн гээд энэ СУПЕР домог дуусашгүй цуварна. Замын-үүд дэх постны урд нь байгаа үлээдэг шаар нь постноосоо ТОМ харагдаж байгаа нь бүүр эмгэнэлтэй.
Өнгөрсөн намар хувийн хэвшлийн 27 компани хамтран 1 тэрбум төгрөгөөр БГД-ийн 20 хорооны нутаг дэвсгэр буюу нөхөрлөлийн гудамжинд 1,9 километр шинэ зам тавьсан билээ. Хамгийн баярлууштай нь уг компаниуд Замын нээлтээ ямар нэгэн ТУУЗ хайчлахгүйгээр хийн бас нэгэн соёлын Үлгэр дууриалал үзүүлсэн нь бахдууштай хэрэг. Сүржин нээлт сүр бараатай дарга наргүйгээр нээчих боломжийг харуулсан энэхүү нээлт нь өөрөө том НЭЭЛТ болон үлджээ. Энэ мэтээр тууз хайчлах ёслол сонгууль ойртох тусам улам бүр хүчээ аван гялалзах бизээ.
Ч.Түвшин