Хэн ч хариуцлага ярьсангүй

-Аль ч шатанд ажил цалгардаж, түүнд дүн шинжилгээ хийж байгаа газар ч алга. Нөгөө л дуусч дундардаггүй хэрүүл-

Байгуулсан Засгийн газраа огцруулдаг, бүр сүүлдээ хоёр, гуравдугаар ээлжийнхэн хоолондоо орох гэж байна гэх яриа улс төрийн түвшинд яригддаг болсоор 20 гаруй жилийг үджээ. Төр төлөөлөх эрхээ тэдэнд өгч, бид бүгдийн өмнөөс төрийн бодлого шийдвэр гаргагчдыг ард иргэдэд ээлтэй, улсынхаа хөгжлийг урагшлуулна гэх хоосон хүлээлт, худал амлалтад бид хэдийнэ дасав.  

Нэг намд засгийн эрх өгч, тогтвортой ажиллуулбал халаа сэлгээ, албан тушаалын “наймаа” багасах нь гэх түмний хүлээлт ч 2016 оноос хойш алдарч байна. Монгол Улс ардчиллаас хойш долоо дахь сонгуультайгаа золгож, парламент нь олон намын тогтолцоог төгөлдөршүүлэх чиглэлд байгаа ч улс төрийн намууд өнгөрсөн түүхүүдээс сургамж авсангүй. Харин ч нэгнийхээ алдааг давуулан давтаж, эрх барьж байгаа намын удирдлагууд албан тушаал, эрх мэдлийг нэгдүгээрт эрэмбэлж улс орны эрх ашгийг хойш тавьж байх.

Манай улс өнгөрсөн 28 жилд 16 Засгийн газрын нүүр үзжээ. Үндсэндээ 2000-2004 оны Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд ажилласан бол бусад нь ердөө 1.5 жилийн настай байсан. Хамгийн ойрын жишээ 2016 онд сонгуулийн дараа үнэмлэхүй олонх болж Засгийн газраа байгуулсан МАН Ж.Эрдэнэбатын кабинетыг 1.2 жил орчим хугацаанд ажиллуулаад огцруулсан. 100 орчим жилийн түүхтэй улс төрийн ууган хүчин гэдгээр нь мөн 2000-2004 онд парламентад 72 суудалтай байхдаа байгуулсан Засгийн газраа нэг сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хольж солилгүй ажиллуулсан учраас ард түмэнд тэдэнд их итгэл хүлээлгэсэн болов уу. Итгэлийг зүтгэлээр хариулах уриатай тэд үүнийхээ эсрэг төрийн ажлыг гацаачихаад хээвнэг хэрэлдээд сууцгааж байна.

Бүр цаашлаад хоёр дахь удаагаа Засгийн газраа огцруулах гэсэн оролдлого нь талаар болсон ч аль аль тал нь үргэлжлүүлээд ажиллаад явъя гэхгүй УИХ-ын чуулган, Байнгын хорооны хуралдаа гишүүд нь суухгүй, улс орны тулгамдсан асуудлуудад санаа зовнихгүй аанай л ирцээр “бойкот”-лоод сууж байх.

Хохирогч нь ард түмэн. Хахир өвлийн бэлтгэл, хорт утааг багасгах шийдэл, хөдөөд удирдлагууд нь хүч хүрэхгүй түмэн ажил байхад төрийн ордон дахь бодлого шийдвэр гаргагчид өнөө л хэрүүл, гомдол, тунирхалдаа зангираастай.  Яг ийм үйл явц 1996-2000 онд АН олонх болсон буюу 50 суудалтай байх үед гарч байв. Тэр үед УИХ-ын чуулганы ирц 51 гишүүнээр бүрддэг байлаа. Харин одоо 39 гишүүнээр ирц бүрдэж байгаа. МАН 64-үүлээ. Гэсэн ч нам доторх талцал нь УИХ дахь бүтцийн байгууллага болох бүлгээ хоёр хуваав. Жил гаруйн хугацаанд үргэлжилж буй энэ талцал даамжирч, хууль тогтоох байгууллага хуралдалгүй нэг сар орчмын хугацаа өнгөрч байна.

Хэн ч үүнд хариуцлага ярьсангүй, ирэх оны төсвийг алдагдалтай ч гэсэн батлуулаад айдгаа авдартай хийчихсэн. Он гараад төсөвтөө тодотгол хийнэ гэж байгаа ч хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа эмхрэх янзгүй. Үүнээс улбаалаад төрийн яам, агентлагийн түвшинд УИХ-аас гарах бодлого шийдвэрийг хүлээж амыг нь харах маягтай. Аль ч шатанд ажил цалгардаж, түүнд дүн шинжилгээ хийж байгаа газар ч алга. Нөгөө л дуусч дундардаггүй хэрүүл.

УИХ дахь олонхийн бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Намын шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн Цэц л тогтооно. Өөр хэн ч тогтоохгүй” хэмээн хэвлэлд яриа өгснөөс харахад төрийн дээр төрийн бус байгууллагын статустай улс төрийн нам гарсны зовлонг бид нийтээрээ амсаж сууна даа гэж шогшрохоос өөрөөр яалтай.

С. Бүжин

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen