Хүчингийн хэрэгт гүтгэгдсэн хүмүүсийг хамгаалахыг Өмнөд Солонгосын иргэд ерөнхийлөгчөөсөө шаарджээ

Хүчингийн хэрэгт гүтгэгдсэн хүмүүсийг хамгаалахыг Өмнөд Солонгосын иргэд ерөнхийлөгчөөсөө шаарджээ

Бусдыг хүчингийн хэрэгт гүтгэсэн хүмүүст оноох шийтгэлийг чангатгахыг шаардсан 220,000 иргэн Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн онлайн өргөдлийн системд ханджээ.

Хөх ордны вэбсайтад байх уг системд тодорхой нэг санал хүсэлт, өргөдөлд сарын дотор 200,000 хүний гарын үсэг цуглаж чадвал ерөнхийлөгч заавал хариу өгөх үүрэгтэй байдаг.

Өчигдрийн байдлаар хүчингийн хэрэгт гүтгэгдсэн хүмүүсийг хамгаалахыг уриалсан өргөдөлд нийтдээ 220,450 хүний гарын үсэг цуглажээ. Уг өргөдлийг тавдугаар сарын 25­-нд анх үүсгэж байв.

Сүүлийн үед Өмнөд Солонгост эмэгтэйчүүд бусдыг хүчингийн хэрэгт санаатай гүтгэх явдал нэмэгдсэн нь үүнтэй холбоотой. Тухайлбал өнгөрсөн онд нэгэн дунд сургуулийн багш сурагч охиныг хүчиндсэн хэрэгт гүтгүүлээд амиа хорлосон юм. Үнэндээ хичээл дээр гар утас хэрэглэсний төлөө загнасан багшийгаа чадах гэж сурагч охин ийм хэрэг зохиосон байжээ.

Гуравдугаар сард талийгаач багшийн эхнэр Кан Ха Жүн гүтгэгдсэн хүмүүст хуулийн хамгаалалт бий болгохыг ерөнхийлөгч Мүүн Жэ Инд уриалж байсан юм. Тэр "Худал гүтгэгдсэн эрчүүдэд энэ улс ямар ч шударга ёс үзүүлэхгүй байна” гэж мэдэгдэж байжээ.

Гэхдээ зарим хуулийн мэргэжилтнүүд гүтгэгдсэн хүмүүс харьцангүй цөөн тул ийм хамгаалалт нь жинхэнэ гэмт этгээдүүдэд боломж олгох эрсдэлтэй гэж болгоомжилж байна.

Эх сурвалж: Korea Times

 Э.СЭМҮҮН, IKON.MN

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen