А.МЕРКЕЛЬ ИХ ЭВСЭЛ БАЙГУУЛАХЫГ ЭРМЭЛЗЭЖ БАЙНА

 
 А.МЕРКЕЛЬ ИХ ЭВСЭЛ БАЙГУУЛАХЫГ ЭРМЭЛЗЭЖ БАЙНА
БЕРЛИН. /Ройтерс/. Германы Канцлер Ангела Меркелийн Христосын ардчилсан холбоо болон Христосын нийгмийн холбоо намуудаас бүрддэг консерватив үзэлт эвсэл нь сөрөг хүчний хамгийн том нам болох Социал-демократ намтай хамтран их эвсэл байгуулах арга замуудыг эрэлхийлж байна гэж "Ройтерс” агентлаг мэдээлэв.

А.Меркелийн барууны төвч үзэлт эвсэл нь өнгөрсөн есдүгээр сард болсон сонгуулиар дийлэнх олонх болж чадаагүй билээ. Тиймээс тэрбээр хоёр жижиг намтай эвслийн засгийн газар байгуулахаар яриа хэлэлцээ хийж байсан ч цагаачлал, эрчим хүчний асуудалтай холбоотой санал зөрөлдөөний улмаас хэлэлцээ амжилтгүй болсон юм.

Харин тэрбээр даваа гарагт буюу өчигдөр сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ "Тогтвортой засгийн газар байгуулах нь маш чухал” гэж мэдэгдээд, их эвслийн засгийн газар байгуулахын тулд зүүний төвч үзэлт Социал-демократ намтай яриа хэлэлцээ хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Германы хоёр дахь том улс төрийн нам болох Социал-демократ нам нь өнгөрсөн есдүгээр сард болсон парламентын сонгуулиар "томоохон ялагдал” хүлээсэн юм.  Үүний дараа тус намын дарга Мартин Шульц намдаа шинэчлэл хийхийн тулд А.Меркелийн эвсэлтэй нэгдэхгүй гэдгээ мэдэгдсэн билээ.

Гэхдээ М.Шульц саяхан Ерөнхийлөгч Фрэнк-Вальтер Штайнмайертай уулзах үеэрээ А.Меркельтэй энэ долоо хоногийн пүрэв гарагт уулзахаар тохиролцжээ.

М.Шульц намын гишүүдийнхээ дунд их эвсэл байгуулах асуудлаар санал хураалт явуулсныхаа дараа эцсийн шийдвэрээ гаргаж магадгүй гэж ажиглагчид үзэж байна. "Их эвслийн засгийн газар байгуулснаар Социал-демократ нам А.Меркелийн намуудын нэр нөлөөнд дарагдаж, намын байр суурь дахиад ганхана” гэж Социал-демократ намын зарим гишүүн үзэж, их эвсэл байгуулахыг эсэргүүцэж байгаа аж.  
Г.Доржханд

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen