АНУ-ын ерөнхийлөгч Ази гаралтай Америкчуудыг хамгаалахыг уриалжээ

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэвлэлийн хуралд оролцохдоо Ази гаралтай Америкчууд коронавирусийн тахалд буруугүй гэж мэдэгдээд тэднийг хамгаалахыг уриалжээ. Тэрээр өнгөрсөн долоо хоногт Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр коронавирусийг “Хятад вирус” гэж нэрлээд хүчтэй шүүмжлүүлж байсан юм. Тэгвэл Трамп өчигдөр алдаагаа засаж, Ази гаралтай Америкчуудыг хамгаалсан мэдэгдэл хийжээ.

“АНУ-д төдийгүй дэлхий даяар Ази гаралтай Америкчуудыг хамгаалах нь бидний хувьд маш чухал үүрэг юм. Тэд бол гайхамшигтай хүмүүс, вирус тархсан нь тэдэнтэй ямар ч хамаагүй. Тэд вирусийг устгахын төлөө бидэнтэй нягт хамтран ажиллаж байгаа. Бид хамтдаа ялах болно. Энэ бол маш чухал” гэж тэр мэдэгдсэн байна.

Ердөө гурван өдрийн өмнө Трамп “Хятадын хийсэн алдаанд дэлхий нийтээрээ асар их үнэ төлж байна. Уг нь тахлыг Хятадад зогсоож болох байсан юм” гэж хэлж байжээ. Трамп коронавирусийг “Хятад вирус” гэж нэрлэснийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага арьс өнгөний үзлийг дэвэргэх, Ази гаралтай хүмүүсийг ялгаварлан гадуурхах үзлийг нийгэмд нэмэгдүүлэх сөрөг нөлөөтэй үйлдэл гэж хурцаар шүүмжилж байв.

АНУ-ын Ази гаралтай иргэдийн төлөөлөл ч эсэргүүцлээ илэрхийлж байлаа.

Зарим эх сурвалжийн мэдээллээр АНУ-д коронавирусийн тахлаас үүдэлтэй үймээн самуун дэгдэж болзошгүй гэж үзсэн хүмүүс галт зэвсэг худалдан авах нь нэмэгдсэн байна. Тэдгээрийн дотор Ази гаралтай Америкчууд олон байгаа нь коронавирустэй холбоотой гадуурхал, хүчирхийллээс өөрсдийгөө хамгаалах зорилготой нь тодорхой байгаа юм.

Даваа гарагт АНУ-ын Халдварт Өвчний Хяналт, Урьдчилсан Сэргийлэх төвийн мэдээлснээр тус улсад илэрсэн нийт халдварын тохиолдол 33,453 болжээ. Халдварын улмаас амиа алдсан хүний тоо 400 хүрсэн байна. Бүртгэгдсэн нийт халдварын тохиолдлын тоогоор АНУ дэлхийд зөвхөн Хятад, Италийн дараа гуравт жагсаж байгаа юм.

Э.Сэмүүн 

Эх сурвалж: Associated Press

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen