Их монгол хэмээх Шаравжамц аваргын товч түүх

Их монгол хэмээх Шаравжамц аваргын товч түүх

 

Их монгол хэмээх Шаравжамц аварга бол европын 1871 онд халхын хуучин Түшээт хан аймгийн Бадрах гүн буюу одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын гуравдугаар багийн нутагт малчин ард Жамба гэгчийн 3 дугаар хүү болон төржээ. Одоо 69 настай.
Шаравжамц аваргын эцэг Жамба бол энгийн нэгэн сайн малчин байсан бөгөөд төдий л их онцлох бяр тэнхээ их хүч байгаагүй гэнэ.
Мөн Шаравжамц аваргын нэг ба хоёрдугаар ах нар Цэрэндорж, Уламдэвсэг хэмээх нэртэй хүмүүс байсан боловч тэд нар барилддаггүй ба нэр цол үгүй энгийн хүмүүс байсан бөгөөд цөм насан залуу байхдаа нас эцэслэсэн гэнэ. Гагцхүү Шаравжамц аварга хэмээх их монгол бол европын 1894 он буюу үүнээс 51 жилийн өмнө өөрийн нутгийн Хайрхан уулын тайлаганы наадамд 18 настайдаа эхлэн барилдаж тэр наадамд 60 гаруй бөх барилдахад Шаравжамц нь дөрөвт үлдээд мөн хошуу нутгийн Гомбожав тайж гэдэг даншигийн начин хүнд унаж бөхийн ажлыг эхэлсэн юм гэнэ. Дараагаар мөн хошуу нутгийн мөн жилийн овоо уулын тайлгын наадамд дахин ахин барилдаж 2 бага наадамд тэргүүлээд 2 бага наадамд унасан гэнэ.
 
19 насандаа Богд хааны даншиг хэмээх бөхийн наадамд эхлэн ирж барилдаад 6 давж Дайчин вангийн хошуу одоогийн Булган аймгийн Булган сумын Цэрэн-Очир арслангийн ах Жамц заан гэдэг хүнд унасан гэнэ.Түүний дараа 20 насандаа өнжөөд 21 насандаа их хүрээний Богд хааны даншигийн бөхөд оролцон барилдаж 7 даваад Лха бэйсийн Лувсанжамц заан буюу одоогийн Дорнот аймгийн Булган сум хуучин Баянтүмний хошууны Лувсанжамц заан гэгчид унасан гэнэ. Мөн Тус Монгол улсын нэртэй цолтой шалгарсан бөхчүүд болох Хэнтий аймгийн Мөнххаан суманд одоо буй Буянтогтох аварга, зүүн аймгийн Дашцэрэн аварга, Булган аймгийн Булган сум хуучин Түшээт хан аймгийн Ханд дайчин вангийн хошууны Намхай аварга мөн хошууны Дамжил арслан мөн хошууны хулгар Нацаг зэргийн их нэр цолтой бөхчүүдтэй барилдаж байсан буюу тэд нарын барилдахыг биеэр үзэж, тэд нараас бөхийн барилдааны арга мэх сурах буюу урьдчилан бөхийн сургууль сорилт дор барилдаж үзэж байсан болно.
 
Миний ид залуу байх цаг үес дор халх голын Хөлөн буйрын хошууны Балсанлхүндэв арслан хэмээх маш сүрхий их хүчтэй хүмүүн байсан юм. Балсанлхүндэв арслангийн гар хүмүүний гуян дор хүрвээс ямарч хүмүүн тэсвэрлэж чаддаг үгүй унадаг байсан. Би тэрхүү Балсанлхүндэв арслантай нэг барилдаад унагаж дийлж байсан. Мөн тэр үед зүүн аймгийн Дугар, Гэлэгсэнгэ аварга гэж ах дүү 2 аварга байсан. Би тэднийг барилдаж байхад бага залуу байсан учраас тэдний ам дор ноогдоогүй тул барилдаж үзээгүй юм. Тэр үед би хэдийд боловч их цолтой бөхчүүд бага цолтныг амлаж авдаг заншилтай билээ. Би бүгд наадамд жил өнжөөгүй барилдсан бөгөөд барилдсан наадмын тоо маш олон тул тоог мартжээ. Өөрийн хошуу нутаг ба эргэн тойрны их бага наадамд бүтэн арван дөрвөн жил газарт унал үгүй ямагт тэргүүлж байсан билээ.
 
 
 
Урьд богд хааны даншигт зүүн аймгийн Буянтогтох аваргатай хоёул үлдэж Буянтогтох аваргатай барилдаад түүнийг унагаасан дор тэр Буянтогтох аварга нь Богдын хүчтэй бөх болох учраас тэр үед байсан Халхын дөрвөн аймгийн агаад богдын Эрдэнэшанзадва, Хятад манжийн амбан ноёдууд богдын бөхийг унагаасан болсон үгүй тул дахин барилдсугай хэмээсэн ёсоор дахин барилдахуй дор Буянтогтох аварга нь дэргэдээ байсан засуулын хамтаар унаж байсан болно.
 
 
 
 
Үүн дор Богд хан ба ноёд лам нараас тэргүүлсэн бөхийн бай шагналыг Буянтогтох аврага дор өгсөн ба алдар цолыг над дор өгсөн болно. Түүний хойтон жил манай ноёны хойтыг залгасан далай гэгч зэрэг залгаж миний биеийг хуучин заншилаар Богд хан дор өргөж Богдын бөх болгосон амой.
Хуучин Манж ба Автономитын үеийн богд хааны Даншиг наадам дор би зургаан удаа шөвгөрч, хоёр удаа тэргүүлсэн болно.
 
Энэ үе дор миний цол нь:
Шашнийг мандуулагч, амьтныг жаргуулагч аврал итгэл, Оройн дээд Очирдарь богд гэгээн таны улам нэмэх уламжлан дуурсах цол нэмэх, цогт идэр өдөөн дэлгэрэх үнэн хүчит, бат ерөөлт, баатар зоригт, саруул хурц, сэцэн шударга, тунч гарамгай, онц түрэмгий олноор маш гайхамшигт бат суурьт даян аварга гэдэг цолыг хүлээж байлаа. Мөн ардын хувьсгалт засаг төр мандсанаас хойш өөрийн цэрэгт явсан хүүгээ эргэж ирэхийн далимаар жар илүү насалсан хойноо ирж барилдаад энэ цэрэг ардын их наадамд бүгд 4 удаа оролцон барилдаж өнгөрсөн болно. Энэ өнгөрсөн 50 гаруй жилүүдийн дотор орчин тойрны хошуу сумын буюу аймаг болон улсын баяр наадмууд дор барилдаж дөчөөс дорогш үгүй удаа тэргүүлсэн ба мөн энэ наадмууд дор их их нэртэй бөхчүүд идэр хүчтэй залуучуудыг унагааж байсныг алийг тоолж барах буй. Тэр болгоны нэр тоог одоо мартсан бөгөөд дэс дараалан хэлж чадах үгүй болох тул төдий л бичүүлээд байх зүйлүүд үүнээс өөр ер алга хэмээв.
 
 
Үүнийг үнэн зөвөөр бичсэн: Нэрэндоо
Х- 11
Д- 1
ХН 556 ийн 6-10 дугаар тал
 
Монгол бичгээс хөрвүүлсэн ТБТ-ийн ахлах архивч Ж.Баасансүрэн
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen