Коронавирусийн тархалт Хятадын умард бүс нутгийг чиглэж байна

Хурдтай тархаж буй шинэ төрлийн коронавирусийн халдвар Хятадын умард бүс нутгийг чиглэж байгааг өнөөдрийн мэдээлэл харуулж байна. Хятадын нийт 31 муж, засаг захиргааны бүсийн хоёроос бусдад нь халдварын тохиолдол бүртгэгджээ.

Өнөөдөр үдээс хойш Хятадын Үндэсний Эрүүл Мэндийн хорооны өгсөн мэдээллээр халдвар авсан хүний тоо 875 болж, амиа алдсан хүний тоо 26 хүрсэн байна.

Амиа алдагсдын ихэнх нь вирусийн голомт болсон Ухань хот, Хубэй мужид байгаа бол Бээжинтэй залгаа Хэбэй мужид нэг, зүүн хойд Хятадын Хэйлунзянь мужид нэг хүн нас баржээ.

Үүнээс гадна Тяньжин хотын төмөр замын хоёр ажилтнаас өнөөдөр халдвар илэрсэн тухай мэдээлжээ. Өнөөдөр илэрсэн хоёртой нийлээд энэ хотод нийт зургаан хүн коронавирусийн халдвар авсан байна. Төмөр замын ажилчдаас халдвар илэрсэн нь коронавирус сар шинийн баярын шилжилт хөдөлгөөнийг даган тархаж байж болзошгүй гэсэн айдсыг төрүүлж байгаа юм.

Вирусийн голомт болсон Хубэй мужид өнөөдөр өглөө эрүүл мэндийн нэгдүгээр зэргийн онц байдал зарлажээ. Тус мужаас гадна Аньхуй, Гуандун, Зэжянь, Хунань мужууд болон Тяньжин хотын захиргаа мөн хамгийн өндөр зэрэглэлийн онц байдал зарлаад байна. Өнөөдөр өглөөний байдлаар Хубэй мужийн 13 хот, дүүргээс гадагш чиглэлтэй тээврийн урсгалыг хоригложээ.

Э.Сэмүүн 

Эх сурвалж: South China Morning Post

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen