Шинжааны Уйгаруудыг хамгаалах хуулийн төслийг АНУ-ын конгресс дэмжлээ

Саяхан АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхим Хятадын Шинжаанд хүний эрх зөрчиж буй үйлдлийн эсрэг хатуу арга хэмжээ авах хуулийн төслийг дэмжжээ. “The Uyghyr Human Right Policy Act” нэртэй хуулийн төслийг одоо сенатын танхимаар хэлэлцэж, санал хураах ёстой.

Хэрвээ дэмжигдвэл Трампын засаг захиргаа Шинжаанд хүний эрх зөрчиж байгаатай холбогдуулан Бээжингийн эсрэг хатуу арга хэмжээ авах эрхтэй болох юм. 

Одоо энэ бүс нутагт хоёр сая хүртэл тооны ислам шашинт уйгаруудыг улс төрийн боловсрол олгох төвүүдэд хорьж байгаа гэсэн мэдээлэл бий. Хуулийг дэмжсэн шийдвэрийн дараа Хятадын засгийн газар хатуу мэдэгдэл хийсэн байна.

Тус улсын гадаад хэргийн яамны мэдэгдэлд АНУ-ыг “Хятадын терроризм, экстремизмтэй хийж буй тэмцлийг ямар ч үндэслэлгүйгээр үгүйсгэлээ” хэмээн шүүмжилжээ.

“Өнөөдөр Шинжаанд нүүрлээд байгаа асуудал бол үндэс угсаа, шашин шүтлэг, хүний эрхтэй ямар ч холбоогүй. Энэ бол хүчирхийлэл, терроризм, салан тусгаарлах үзэлтэй хийж буй тэмцэл юм” гэж Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунянь мэдэгдсэн юм.

Хууль хэрэгжвэл Шинжаан дахь бодлогыг хэрэгжүүлж буй Хятадын засгийн газар, коммунист намын албан тушаалтнуудыг хар жагсаалтад оруулж, Шинжаан дахь Хятадын төрийн байгууллагуудад АНУ-д үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн нийлүүлэхийг хориглоно.

Дөнгөж долоо хоногийн өмнө АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Хонг Конгийн хүний эрх, ардчиллыг хамгаалах хууль”-ыг баталсан нь мөн Бээжингийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан юм.

Одоо хоёр орны хооронд олон тэрбумын дүнтэй худалдааны гэрээ хэлэлцээ явагдаж байгаа. АНУ-ын конгрессын дээрх шийдвэр уг гэрээ хэлэлцээний үйл явцад нөлөөлж болзошгүй юм.

Р.Төмөр 

Эх сурвалж: CNN

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen