Сингапур шинэ үеийн арми бэлтгэхэд 296 сая ам.доллар зарцуулна

Сингапур зэвсэгт хүчнээ дасгалжуулж сургахад зориулсан шинэ үеийн ухаалаг байгууламж байгуулахад 400 сая сингапур доллар (296 сая ам.доллар) зарцуулахаар төлөвлөж байна.

“SAFTI City хэмээх дасгал сургуулилалтын зориулалттай шинэ орон зай нь хотын дүүрэг дуурайлгасан, өөрчлөн тохируулж болдог байшин барилга, байлдааны симулятор, хариу буудах чадвартай бай, өгөгдлийн задлан шинжилгээтэй байна” хэмээн Сингапурын Батлан хамгаалах Яам тайлбарлав.

Tөслийн эхний шатыг 2023 онд дуусгах төлөвлөгөөтэй. Эхний шатанд хот, метроны дуураймал орчин, гурван ширхэг 12 давхар барилга бүхий нийт 70 гаруй обьект байгуулах юм. Хоёрдугаар шатанд дадлага сургуулилалт хийх зориулалтай аж үйлдвэрийн цогцолбор орчин байгуулна.

Улс орны дотоодын аюулгүй байдлыг батлан хамгаалах, терроризмтой тэмцэх, гамшгаас аврах болон бүхий л төрлийн газар орчинд явуулах уламжлалт ажиллагаанд дайчдыг бэлтгэхэд SAFTI City-г ашиглана хэмээн Сингапурын Батлан хамгаалахын сайд Нг Эн Хэн тайлбарлав. 

АНУ-д 2001 оны есдүгээр сарын 11-нд болсон халдлагаас хойш терроризмын аюул Сингапурт хамгаас ноцтой заналхийлж байгаа учраас зэвсэг хүчин өөрчлөлт өрнүүлэх шаардлагатайг ноён Нг бүр 2018 оны зургадугаар сард мэдэгдсэн юм. Тэр цагаас хойш улс орны кибер хамгаалалтыг сайжруулах, хуучирсан F-16 онгоцны эскадрилыг Lockheed Martin­ы F-35 сөнөөгчөөр шинэчлэх зэрэг хэд хэдэн төлөвлөгөөг сайд дэвшүүлжээ. Тэрбээр армийн сургалтын шинэ төв шаардлагатайг анх 2017 онд тайлбарлаж байжээ.

Абишек Вишной

Эх сурвалж: "Засгийн газрын мэдээ" сонин

 

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen