В.Путин: Умард Солонгосын удирдагч сонирхолтой хүн юм

Умард Солонгосын төрийн мэдлийн телевизээр Ким Жон Ун, Владимир Путин нарын дээд хэмжээний уулзалтын талаар мэдээлжээ. Залуу удирдагч Ким Жон Ун Солонгосын хойгийн энх тайван АНУ-ын хандлагаас шалтгаална гэж хэлсэн тухай төрийн мэдлийн мэдээллийн сувгаар дамжуулав.

Өчигдөр Владивостокт болсон дээд хэмжээний уулзалтаас харахад удирдагч Ким Ерөнхийлөгч Трампыг илүү уян хатан байх хүртэл байр сууриа хамгаална гэдэг нь ойлгомжтой боллоо. Өнгөрсөн хоёрдугаар сард Ханойн дээд хэмжээний уулзалтаар харилцан зөвшилцөлд хүрч чадаагүй Америк, Умард Солонгос улсууд Орос, Хятад гэсэн бүс нутагтаа нөлөө бүхий улс орнуудыг цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрт татан оролцуулаад байна.

Ким Жон Ун: Солонгосын хойгийн нөхцөл байдал, яриа хэлэлцээр зогсонги байдалд орсон нь БНАСАУ, АНУ-ын Ханойн дээд хэмжээний уулзалтын үеэр Вашингтон хэт нэг талыг барьсан өрөөсгөл хандлага гаргаснаас үүдэлтэй. БНАСАУ бүх боломжоороо өөрийгөө хамгаална.

Владивостокт Ким Жон Ун, В.Путинтай уулзах үеэрээ түүнийг Пхеньянд албан ёсны айлчлал хийхийг урьсан байна. Урилгыг Оросын төрийн тэргүүн хүлээж авсан гэжээ.

Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Владивостокийн уулзалт тодорхой үр дүн, амжилтгүй өндөрлөсөн хэмээн бичиж байна.

Ерөнхийлөгч Путин харилцан итгэлцэл дээр тулгуурлан алхам алхмаар урагшилбал Пхеньяны цөмийн хөтөлбөрийн хэлэлцээр боломжтой байсан хэмээн мэдэгджээ. Үүнд цөмийн хөтөлбөрийн зургаан талт хэлэлцээртэй адил бусад улс орнуудаас дэмжлэг авах хэрэгтэй байсан байж магадгүй хэмээн тэрээр нэмж дурдсан байна.

В.Путин залуу удирдагчийг “сонирхолтой” гэж дүгнэв

Умард Солонгос, Орос улсууд цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрээс гадна худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллахаар харилцан зөвшилцжээ. Уулзалт товлосон хугацаанаас хоёр дахин удаан үргэлжилсэн байна. Тодруулбал цаг орчим илүү хугацаагаар уулзалтыг сунгажээ.

Мөн төрийн тэргүүнүүд харилцан бэлэг солилцсон байна. Умард Солонгосын удирдагч Оросын Ерөнхийлөгчид уламжлалт өв соёлыг хадгалсан илд бэлэглэсэн бол хариуд нь Путин Ким удирдагчийг буцах замдаа хэрэглээрэй хэмээн цай сэлмийн хамт бэлэглэжээ.

Г.Ганчимэг 

Эх сурвалж: www.reuters.com

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen