Ливид байлдааны ажиллагааны улмаас амиа алдсан хүний тоо нэмэгдсээр байна

Ливид байлдааны ажиллагааны улмаас амиа алдсан хүний тоо нэмэгдсээр байна

 

Ливийн нийслэл Триполи хот орчимд болж буй байлдааны ажиллагааны улмаас 254 хүн амиа алдаж, 1200 гаруй хүн шархадлаа гэж тус улс дахь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ салбар “Twitter” хуудсандаа мэдээлжээ.

Урьд нь 227 хүн амиа алдаж, 1128 хүн шархадсан гэж мэдээлж байв. “Өнгөрсөн долоо хоногт ДЭМБ-ын эмч нарын багууд галын шугамд ойр байрладаг эмнэлгүүдэд 152 хагалгаа хийсний 89 нь хүнд хагалгаа байлаа. Манай эмч нар хотын эмнэлгүүдэд мэс засал хийхэд туслалцаа үзүүлсээр байна” гэж мэдээлэлд дурдсан байна.  

Ливи улсын засгийн эрх мэдэл хоёр хуваагдчихаад байгаа юм. Фаиз Сараж тэргүүтэй Үндэсний зөвшилцлийн Засгийн газар нийслэл Триполи хотод, харин Ливийн Үндэсний армийн дэмждэг, парламентаас сонгогдсон Абдалла Абдуррахман ат-Танигийн тэргүүлдэг сайд нарын түр танхим тус улсын зүүн нутагт үйл ажиллагаагаа явуулж байна. 

Ливийн Үндэсний армийн командлагч Халиф Хафтар Триполи хот руу хийх дайралтаа эхлүүлснийг дөрөвдүгээр сарын 4-нд мэдэгдсэн билээ. Харин Сараж өөрийн хяналтад байдаг цэргүүдээ байлдааны бэлэн байдалд оруулах тушаал өгсөн. Байлдааны ажиллагаа одоогийн байдлаар нийслэл хотын орчимд болж байгаа аж.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen