NHK: Монгол Улс өдөөн хатгасан үйлдлээ зогсоохыг БНАСУ-д уриаллаа

Хойд Солонгосын удирдагч Ким Жонг Ун дөрөвдүгээр сарын  12-нд Ардын дээд чуулганд үг хэлэх үеэрээ АНУ-тай хийж буй хэлэлцээрээр хоёр талд харилцан ашигтай шийдвэр гаргасан тохиолдолд буулт хийж, цөмийн хөтөлбөрийг бүрэн эцэслэхэд бэлэн гэдгээ илэрхийлээд Ерөнхийлөгч Доналд Трамптай гурав дахь дээд хэмжээний уулзалт хийх хүсэлтэй байгаагаа албан ёсоор мэдэгдсэн билээ.

Пхеньянд болсон Ардын дээд чуулганыг ОХУ-ын Төрийн Думийн төлөөлөгчид өргөн бүрэлдэхүүнтэй ирж сонирхсон юм. Үүний дараагаар Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун албан ажлаар Хятадын нийслэл Бээжин орох замдаа Владивосток хотод саатаж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй анх удаа төрийн дээд хэмжээний уулзалт хийнэ гэсэн мэдээ түгэх болсон юм.

Энэ талаар олон улсын улс төрийн шинжээчид “АНУ-Хойд Солонгосын яриа хэлэлцээрийн дараагийн шат эхлэхээс өмнө Ким Жонг Ун Орос болон Хятадын удирдлагуудтай уулзаж байр сууриа өөрсдөдөө ашигтайгаар зохицуулах өндөр шаардлагатай байгааг харуулж байна” гэсэн юм. Мөн магадгүй их гүрнүүдийн байр суурь Солонгосын хойгийг тогтворжуулах, цөмийн хөтөлбөрийг эцэслэх асуудалд хүндрэл учруулж болзошгүй гэж таамаглаж байна.

Харин олон улсын нэр хүндтэй хэвлэлүүд болон тоймч, судлаачид энэ асуудлыг эвээр шийдэх явдалд хамгийн боломжит зуучлагч орныг Монгол гэж үзсээр ирсэн. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч болон Хойд Солонгосын удирдагч нарын түүхэн дээд хэмжээний уулзалт болох газруудын дунд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хамгийн ихээр яригдаж байсан боловч өвлийн улирлын цаг уурын таагүй байдлаас болж Вьетнам улсад энэхүү уулзалтыг хийсэн билээ. Тиймээс магадгүй одоо болох гурав дахь дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдах хамгийн өндөр магадлалтай хувилбар нь Улаанбаатар байх юм.

Хамгийн сүүлд өнгөрөгч пүрэв гаригт Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарын бичгийн дарга Д.Даваасүрэн Хойд Солонгос улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд тус улсын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо болон БНАСАУ-ын Ажилчдын намын төв хорооны орлогч дарга Ри Су Ёнг нартай ганцаарчилсан уулзалт хийсэн аж. Мөн өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо Монгол Улстай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор Улаанбаатар хотод айлчилж хоёр орны найрсаг харилцааг цохон тэмдэглэж байсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн оны аравдугаар сард Хойд Солонгосын удирдагч Ким Жонг Уныг эх орондоо айлчлахыг албан ёсоор урьсан билээ. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрөгч оны есдүгээр сард Вашингтонд айлчлах үеэрээ бүс нутагт аюулгүй байдлыг бий болгох Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг эцэслэх үйл хэрэгт Монгол Улс нь АНУ-тай ижил байр суурьтай болохыг илэрхийлж байсан юм.  

Тэгвэл саяхан энэ асуудлаар Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Хойд Солонгост ханданөдөөн хатгасан үйлдлээс татгалзаж, АНУ болон Японтой хийж буй хэлэлцээрээ үргэлжлүүлэхийг уриалсан талаар “NHК” телевиз онцолсон байна.

Японы “NHК” суваг өнгөрөгч бямба гаригт Гадаад харилцааны сайдтай утсаар холбогдон хэд хэдэн асуултад хариулт авсан байна. Сэтгүүлч, өнгөрөгч хоёрдугаар сарын сүүлээр Вьетнамын нийслэл Ханой хотод болсон АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Жонг Ун нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалт хүлээж байсан үр дүнд хүрээгүй, бүтэл муутай болсон талаар ямар байр суурьтай байгааг асуухад.

Д.Цогтбаатар сайд, "Болж өнгөрсөн үйл явдал нь цаашид өрнөх процессын нэг хэсэг учир үүнд урам хугарахгүй байхыг бусад ажиглагчдад уриалмаар байна. Мөн Монгол Улсын зүгээс энэхүү яриа хэлэлцээрийн үе шатыг ахиулахад тусалж, цаашид дэмжлэг үзүүлсэн хэвээр байхаа илэрхийлж байна" гэжээ. Тэрээр энэ үеэр Монгол-Хойд Солонгосын хооронд дипломат харилцаа үүссэний түүхт 70 жилийн ой тохиож буйг дуулган, хоёр орны нөхөрсөг харилцааг цохон тэмдэглэсэн юм.

Гадаад харилцааны сайд, өнгөрөгч долоо хоногт Хойд Солонгосын тал шинэ тактикийн-удирдлагатай зэвсэг туршсан асуудлыг “өнөөгийн нөхцөл байдалд сөргөөр нөлөөлж болохуйц өдөөн хатгасан үйлдэл” гэж тодорхойлсон байна.

Харин НҮБ-ын Аюулгүйн зөвлөл болон АНУ-ын зүгээс Солонгосын хойгийг тогтворжуулах, цөмийн хөтөлбөрийг эцэслэх үйл хэрэгт гаргаж буй Монгол Улсын хүчин чармайлтыг өндрөөр үнэлэн талархал дэвшүүлж, цаашид ч олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг үргэлжлүүлэн дэмжиж, хамтран ажиллах, мэдээлэл солилцохыг уриалсан юм.

О.Мөнхбат

Эх сурвалж: Modern Diplomacy, NHK, NKNews

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen