Эмч нар сайдыгаа сандал суудалд нь үлдээх гэж жагсаагүй

 
 Эмч нар сайдыгаа сандал суудалд нь үлдээх гэж жагсаагүй

Боловсрол, эрүүл мэндийн  салбарыг  хамгийн их бухимдалтай байна гэж тодотгож  болно. Салбарын ажилчид нь цалингаа нэмүүлэх шаардлага, жагсаал эсэргүүцэлтэй байгаа.

Ялангуяа эрүүл мэндийн салбарынхан. Тангараг өргөсөн эмч нар барагтайд бичиг лозун барьж жагсаад байдаггүй. Тийм ч зав зай байдаггүй биз. Гэвч аливаа тэсвэр тэвчээр хязгаартай. Өнөөдөр эмч нар цалингаа нэмүүлэхээр тэмцэж буй.  Харин эмч ажилчдынхаа энэ жагсаалыг сайд А.Цогцэцэг өөрийнхөө суудлыг хадгалж үлдэх зорилго руу чиглүүлэхчих арга ухаан хайж явна уу гэлтэй. Түүний Монгол HD телевизэд өгсөн ярилцлага олон хүнд ийм бодол үлдээсэн байх. Шударга эмч нар цалингаа нэмүүлэх гэж жагсч байгаа болохоос бус  сайдыгаа сандал суудалд нь хэвээр нь үлдээх гэж жагсаагүй. 

Тэр хэвлэл мэдээллийнхэнтэй сэм уулзаж өөрийгөө сайдын суудалд улирч ажиллах ёстой хүн гэсэн пиар хийлгэж байгаа гэх. Үнэхээр Засгийн газар нь огцорчихоод байхад тэр цааш үргэлжлүүлэн сайдаар ажиллах гавьяатай нэгэн мөн үү. Эрхэлж буй салбар, эмч мэргэжилтэн нартаа  ямар буян үлдээж байгаа билээ?  Ингэж л харна. Гэтэл тэр нийгмийн үйлчилгээний энэ салбарыг хэдийнэ улстөржүүлж, намын эрх ашгийн төлөө эмч мэргэжлтнүүдийг  сайдын тушаалаараа далайлган дайчилж байсныг нэгэн таагүй явдал гэрчилнэ.

Өнгөрөгч зуны долдугаар сарын эхээр  Өвөрхангай Улаанбаатарын чиглэлд Гэмтлийн эмнэлгийн эмч нарын зорчиж явсан машин  Элсэн тасархайгаас 10 гаруй км-ийн зайд дунд оврын автобустай мөргөлдөж осолдсон билээ.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг  тушаал гаргаж салбарынхаа ажилтнуудыг Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчийн  сонгуулийн сурталчилгаа хийхийг үүрэг болгон тал тал тийш явуулсан нь ажлаа хийгээд явж байсан эмч нарыг ийн осолд өртөх шалтгаан болсон гэдгийг тухайн үед хэвлэлээр мэдээлж байв. Тодруулбал, амралтын өдрөөр гарсан ослын өмнөх баасан гарагт сайд А.Цогцэцэг эмч мэргэжилтнүүдийг Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд оролцуулах шийдвэр гаргасан байдаг.

Ийнхүү ардаа хүний амь насаар хэмжигдэж байдаг их ажилтай тангараг өргөсөн эмч нарыг улстөр, намын эрх ашгийн төлөө сонгуулийн ажилд  дайчлан оролцуулж улмаар тэдний эрүүл мэндэд  ихээхэн гарз хохирол учруулсан буруутан нь сайд А.Цогцэцэг байсан юм.

Бодит байдал ийм байсаар байхад аялж зугаалж явсан эмч нарын ослыг улстөржүүллээ гэж буруугаа бусдад тохож байсан хүн одоо сайдаар улирч ажиллана, намаа хамгаална гэхчлэн ярьж явна. 

Ажлаа хийж чадахгүй бол зайгаа тавьж өг гэж салбарынхныгаа шахдаг шигээ  одоо өөртөө ийм шаардлага тавих нь ёс суртахуунтай алхам болох юм биш үү. 

 
http://www.uls.mn/read/2cgag61g

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen