Архинд орсон суутан: Эрнест Хемингуэй

Архинд орсон суутан: Эрнест Хемингуэй

 

Америкийн зохиолч, сэтгүүлч Эрнест Хемингуэй жинхэнэ эр хүний хатуу, ширүүн бичлэг, адал явдалт амьдралаасаа гадна архидалтаараа түүхэнд үлдсэн хүн байлаа. Хемингуэй Америкийн уран зохиолд шинэ алдар нэр авчирсан бол түүний дуртай мохито, дайкири ром коктейлууд нь зохиол бүтээлээс нь илүү алдаршсан юм.

Хемингуэй нэг газраа удаан сууж чаддаггүй хүн байлаа. Тэр дайнд оролцож, Африкт аврага загас, арслан агнан, Германы шумбагч онгоцыг ангуучлан, онгоцоор нисэж, галд шатаж, агаар, ус, газрын бараг бүх осолд орж, бокс тоглон, уулын цанаар гулгаж, нэг үгээр хэлэхэд хүний үхэж болох бараг бүх арга замыг туулан гарсан. Дээр дурдсан бүх зүйлийг туулан явж байхдаа газрын гаваас ч хамаагүй архи олоод уучихдаг шидтэй эр байсан юм. Америкийн “Хуурай хууль”, Дэлхийн дайны фронтын шугам дээр ч тэр архи уудаг байлаа.

 

“Яагаад уудгаа би тайлбарлахыг хүсч байна. Би өглөөнөөс эхлээд л зохиолоо бичдэг. Дараа нь архи ууж, бага зэрэг амардаг. Уухгүй бол зохиолын баатраа цаашид юу хийх бол, хайртай хүүхэн нь түүнд юу гэж хариулах бол гэдгийг бодсоор байгаад галзуурна шүү дээ” Эрнест Хемингуэй

“Тасартлаа согтоогүй бол эр хүн биш. Анхны болзоондоо ирсэн бүсгүй шиг ууж болохгүй, эр хүн шиг уух хэрэгтэй” гэж тэр ярьдаг байв. Эрнест Хемингуэй өөрийгөө супер залуу гэсэн ойлголт төрүүлэхийг хичээдэг байлаа. Тагнуулч Мата Хари, жүжигчин Ингрид Бергман, Африкийн омгийн ахлагчийн эхнэр, Грекийн гүнжээс гадна дэлхийн бараг бүх үндэстэн ястны биеэ үнэлэгчидтэй унтаж байсан гэж тэр баталдаг байв.

 

“Зохиолч хүний ажилд юу саад болдог вэ? Архи, хүүхэн, мөнгө. Гэхдээ энэ гурав байхгүй байх нь бүр их саад учруулдаг”  Эрнест Хемингуэй

Ан хийхийг анх заасан аав нь өөрийгөө буудан, амиа хорлосон юм. Харин ээж нь түүнд аавынх нь бууг илгээмжээр явуулна. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Эрнест сэтгэл мэдрэлийн өвчтэй болсон. Тэр бичиж чадахгүй болсон, учир нь хараа нь муудсан. Тэр архи ууж чадахгүй болсон, учир нь элэг нь хүлээж авахгүй байлаа.

 

“Жинхэнэ эр хүн орондоо үхдэггүй. Эр хүн тулаанд юм уу, духандаа сум зоож үхэх ёстой” Эрнест Хемингуэй

Ингээд нэг удаа Хемингуэй эр хүн шиг үхэхийг хүсээд амандаа буу хийгээд гохыг нь дарсан юм.

Архинд орсон суутны намтраас

1917 - 1920 он

Хемингуэй сургуулиа төгсөж, Чикагогоос Канзаст нүүж ирлээ. Орон нутгийн “Star” сонинд ажиллаж байгаад Европ руу сайн дураараа дайнд явав. Хүнд шархдан, Италийн эмнэлэгт хэвтэж байхдаа “Италийн улаан дарс хуурай, сайхан амттай юм” хэмээн бичиж байв.

1923 – 1929

Чикагод сэтгүүлчээр ажиллана. Элизабет Хэдли Ричардсонтой гэрлээд Парист шилжин ирлээ. Монмартр дахь баарны эзэн  Жед Кайли “Тэр америк хүн гэдэг нь хундага яаж барьж байгаагаас нь илт мэдэгдэж байлаа. Хэн нэг нь булаах гэж буй мэт л тас зуурч байсан” гэж байв. “In Our Time”, “The Torrents of Spring”, “Фиеста”, “Гоонь эрчүүд” зохиолоо бичлээ. Удалгүй салж, "Vogue”-гийн сэтгүүлч Полин  Пфайфертэй гэрлэв.

1930 – 1939

“Зэр зэвсэг минь баяртай” зохиолоороо маш их мөнгө олж, “Death in the Afternoon”, “Green Hills of Africa”, “To Have and Have Not” бүтээлээ туурвив. Испанийн Иргэний дайнд оролцож, фронтын шугам дээр ч уусаар. Зөвлөлтийн сэтгүүлч Илья Эренбург “Хемингуэй виски уудаг байсан. Шөнө хүйтэнд нимгэн хувцасласан байхаар нь дулаан хувцсаа өмс гэтэл тэр “Надад түлш байгаа” гээд хармаанаасаа хоёр шил виски гарган үзүүлж байлаа” гэж тэр үеийг дурссан байдаг.

1940 - 1944

Гурав дахь удаагаа гэрлэлээ. Энэ удаа түүний гэргийгээр сэтгүүлч Марта Геллхорн тодорсон юм. Далбаат завиа тоноглон, далайд гарч, Германы шумбагч завийг хайж, Францад партизан отряд байгуулан, армийн өмнө байлдаж байв. Парисийг фашистуудаас чөлөөлөхөд отрядтойгоо хамгийн түрүүнд Парист орж, Вандомын талбай дээр цэргүүдэд мартини тараан, бүх нийтийн архидалт эхлүүлсэн.

1947 - 1954

“Хэнийг дуудаж хонх цохив” романаа бичлээ. Мэри Уэлштэй гэрлэн, Кубад амьдрах болов. Өглөөнөөс эхлээд мохито ууж, орой нь дайкири коктейль уух бөгөөд хооронд нь буюу өдөр дарс, кьянти уудаг зуршилтай болов.

1958 - 1961

“A Moveable Feast” зохиол дээрээ ажиллана. Сэтгэл мэдрэлийн ядаргаа туссан тул эмнэлэгт эмчлүүлж эхлэв. Миннесота нисэж явах замдаа онгоцны хаалга онгойлгож үсрэхийг оролдоно. Газарт буун онгоц цэнэглэж байхад эргэлдэж байгаа сэнсэнд хүрэх гэж зүтгээд байсан тул хүчээр болиулна. 1961 оны долоодугаар сарын 2-нд Эрнест амиа хорлосон юм.

Архины найзууд

Ф.С. Фицджеральд

Фицджеральд өөрийнхөө булшин дээр бичих үгийг хэлж өгөхдөө “Би олон жил согтуу явсан. Тэгээд дараа нь үхсэн” гэж байсан хүн. Энэ хоёр 1925 онд Парисын бааранд танилцсанаасаа хойш архины жинхэнэ найзууд болсон юм. Гэхдээ Фицджеральд архины хордлогоор Эрнестээс 21 жилийн өмнө нас барсан.

Анастас Микоян

1960 он Микоян Кубад албан ёсны айлчлал хийхдээ Хемингуэйд 3 шил орос архи авчирч өгсөн байна. Эрнест тэр дор нь онгойлгоод шилээр нь ууж орхисон гэдэг.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen