Дарга нарыг газар зарж давраахгүй, орон сууцны оршин суугчдыг "эзэн" болгох хуулийн төсөл

Дарга нарыг газар зарж давраахгүй, орон сууцны оршин суугчдыг "эзэн" болгох хуулийн төсөл

 

Иргэн бүрийн аж амьдралтай шууд холбогддог хуулийн нэг нь Газрын тухай хууль юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Энхбаяр тэргүүтэй гишүүд  өнгөрөгч 10 дугаар сард газрын тухай хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн барьсан. Хуулийн төсөл одоогоор иргэдийн дунд нэлээд хүлээлттэй байгаа. Ялангуяа орон сууцны оршин суугчдын хувьд. Мөн СӨХ-үүд ч багагүй хүлээлттэй байна.

Энэ талаар  нэгэн СӨХ-ийн захирал “Энэ хуулийн төсөл батлагдвал хэдэн байрныхаа дундах хүүхдийн тоглоомын талбайгаа эрх мэдэлтнүүдэд булаалгачихгүй, санаа амар байж болхоор байна” гэв.

Мод тарьж, явган хүний зам барьж,  тоглоомын талбай, сүүдрэвч ширээ сандлаас эхлээд юм юмтай том цэлгэр талбай аж. Хоёр жилийн өмнө энэ талбайг дороо гражтай  болгоно гэж хэсэг сандаргасан. Тэр үеэр СӨХ-ийн хэдэн ажилтан оршин суугчидтайгаа хамтран манаж хонож байсан тухай ярив.

Манай дарга нар ч хотын төвийн жаахан онгорхой зай талбайг андахаа больсон. Болж л өгвөл байшин сав барьчих санаатай.

Иймэрхүү зовлон зөвхөн СӨХ-ийнх биш бас оршин суугчдынх.  Нар хааж байшин барьж байгааг хэн ч хайхрахаа больсон гэж гомдлов.

Газар мэддэг шийддэг дарга нар барилгын компаниудтай хамтарч орон сууц барьж бизнес хийдэг болсон гэх яриа чих дэлсч байна билээ.  Тухайн газарт баригдсан орон сууцанд мөнөөх газар олгосон даргын  ойрын хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр бүр бүтэн бүтэн давхраараа  бүртгэгддэг гэв.  

Ер нь амьдрал дээр газар эзэмших өмчлөх асуудалд дарга нар хүч түрж уулын амыг бүхлээр нь хашаалчихсан байгаа нь бодит үнэн.  УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан газрын албыг тойрсон  наймаа, авлигын талаар сөхөж байсан удаа бий. 

Харин дээр өргөн барьсан Газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батглагдвал дарга нарын газрын наймаа эцэс болно гэж үзэж байгаа юм. Энэ хулийн төсөл ирэх хаврын чуулганаар хэлэлцэгдэж таарах болов уу.

Хуул санаачлагчдын зүгээс Газрын тухай хуульд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг Иргэний хуульд заасан агуулгаар тодорхойлж чадаагүй гэж үзэж байна. Үүний улмаас иргэдийн, ялангуяа нийтийн орон сууц өмчлөгчдийн өмчлөх эрх болон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөх нөхцөл бий болсон гэж байгаа юм.

Тухайлбал, ноцтой нэг баримт дурдахад УБЕГ-ын мэдээлснээр 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд баригдаж дуусаагүй 552 барилгыг үл хөдлөх хөрөнгөд бүртгэж авчээ. Мөн 123 баригдаагүй барилга банк, санхүүгийн байгууллагын зээлийн барьцаанд байна.Үүний улмаас  тухайн орон сууцад сууцыг худалдаж авсан ч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авч чадахгүй байгаа 333 иргэн байна.

Иймээс хууль санаачлагчдыг зүгээс  Иргэний хууль болон Газрын тухай хуулийг уялдуулах, түүний дотор нийтийн зориулалттай орон сууцтай холбоотой иргэдийн өмчлөх эрх ноцтой зөрчигдөж буй зохицуулалтыг өөрчилж, боловсронгуй болгох зайлшгүй хэрэгцээ шаардлага дээр үндэслэн хуулийн төслийг боловсруулжээ.

 Уг хуулийн төслөөр:

  1. Төрийн байгууллагуудын нийтийн зориулалттай орон сууцны зориулалтаар газар эзэмшиж, хөрөнгө босгодог шударга бус байдлыг хязгаарлах, Ингэснээр газар ашиглах эрхтэй этгээдийн орон сууц барих эрхийг хязгаарлана.
  2. Барьж дуусаагүй барилгыг үл хөдлөх эд хөрөнгөд бүртгэж, иргэдийн өмчлөх эрхийг зөрчдөг зохицуулалтыг өөрчлөх;
  3. Нийтийн зориулалттай орон сууцны дэвсгэр болон орчны газрын эрхтэй холбоотой зохицуулалтыг шинээр бий болгохоор тусгаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийтийн зориулалттай орон сууцны газрын эрхийг сууц өмчлөгчдөд олгох талаар зохицуулсан.
  4. Нийтийн зориулалттай дундын өмчийн эрхийг хуульчилж, орчны газрыг сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулдаг зохицуулалтыг өөрчилж, орчны газрыг сууц өмчлөгчид эзэмших боломжтой болно.
  5. Газар эзэмших, ашиглах эрхийн харилцаан дээр үндэслэж өмчлөх эрхийг дуусгавар болгодог зохицуулалтыг халж, иргэдийн өмчлөх эрхийг хамгаалах ач холбогдолтой зохицуулалтыг тусгажээ

Харин төрийн байгууллага, албан газар албан хэрэгцээнийхээс бусад зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргасан нөхцөлд хүсэлтийг Засгийн газар хуралдаанаараа шийдвэрлэхээр зохицуулахаар төлөвлөж байна.

            Хууль батлагдснаар хэн нэгэн этгээд тоглоомын талбай болон нийтийн эзэмшлийн  талбайд  барилга барих, ногоон байгууламжийг устгах, СӨХ болон иргэн, аж ахуйн нэгжийн газрын маргаантай асуудал цэгцрэх үндэс тавигдана гэж төсөл санаачлагчид үзжээ.

Г.Хан

Toim.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen