Интернэт дэх нэг минутын хүч

Интернэт дэх нэг минутын хүч

 

Нэг минут таныхаар хэр их хугацаа вэ? Зарим хүнд юу ч хийлгүй суухад хэдхэн хоромд болоод өнгөрөх мөч, харин заримд нь секунд бүр нь асар их үнэ цэнээр хэмжигдэх 60 секунд.

Тэгвэл интернэт орчинд нэг минутын дотор юу хийж болох вэ?  "Google”-ээр 2.4 сая хайлт хийж, Фэйсбүүкээр 700 мянган хүн нэвтэрч, Snapchat-аар 527 мянган хүн зургаа хуваалцах хугацаа. Зарим хүн хурууны үзүүрээ ч хөдөлгөж амжаагүй энэ нэг минутад Амазоноор 200 мянган ам.долларын худалдаа хийгдэж, Youtube сувгаар 2.78 сая бичлэг хандалт авч байна.

Харөнгийн бирж дээр ганцхан минутын дотор магадгүй хэдэн зуун сая ам.доллар, хөрөнгө мөнгөө алдаж, алдагдалд орж болно. Дэлхий ертөнц дээр үйл явдал, шийдвэр гаргалт, томоохон үйл явдал сар жилээр биш, өдрөөр ч биш, минут секундээр хэмжигдэж байна. Хэдхэн секундын дотор хүний амьдрал орвонгоороо эргэж болно. Хоёрхон секунд хүрэхгүй, эгзгээ олж хэлсэн таны үг бүхнийг эргүүлэх хүчтэй.

Интернэт орчин минут секундээс ч илүү нарийвчлалтайгаар асар хурдацтайгаар шинэчлэгдэж, хөгжиж, өөрийгөө улам боловсронгуй, хурдтай, илүү ухаалаг "болгосоор”. Технологи, интернэт гээч зүйл өөрийг нь зохион бүтээсэн хүн төрөлхтний оюун ухааныг гүйцэж түрүүлэх үү? Магадгүй хэдийнэ гүйцэж түрүүлсэн. Ганцхан товчлуур дарах төдийгөөр хүн хүссэн үедээ, хүссэн мэдээллээ цаг хугацаа, орон зайг үл хамааран интернэтийн орчинд дэлхийн хаанаас ч авах боломжтой болсон цагт бид амьдарч байна.

Зөвхөн танин мэдэхүйн хувьд төдийгүй хүмүүсийн цаг хугацааг хэмнэж, мэдээллийг цаг алдалгүй хүлээж авч, дүн шинжилгээ өгч, хэрхэн хариу үйлдэл гаргаж, шийдвэр гаргах зэрэгт нөлөөлдөг маш өргөн цар хүрээтэй, ач холбогдлын хувьд зүйрлэшгүй зүйл болж.

Интернэттэй уралдаж, гүйцэж түрүүлэхийн тулд эцэж сульдан махран гүй гэсэнгүй. Энэ нь бүтэхгүйг нь, үр дүн нь сөрөг гарахыг мэдсээр байж, аливаад сэтгэл хөдлөлөөрөө хандаж төгсгөлтэй нуур тулахаас ч долоон дор. Ер нь угаасаа байж боломгүй зүйл гэдгийг бид бүгд мэднэ. Харин таны зүгээр суусан, магадгүй үр бүтээлгүй, өөрийгөө доош татсан утга учиргүй өнгөрүүлсэн тэр ганцхан минутад дэлхий ертөнцөд, тэр дундаа интернэтэд ямар гайхалтай их зүйл өрнөдгийг сануулах гэсэн хэрэг. "Миний мэдлийн цаг хугацаа, миний юу хийх нь бусдын хэрэг биш” гэх зүйлийг олон хүн хэлдэг. Гэвч эцэст нь бардамнал харамслаар өндөрлөдгийг тэр  цаг хугацаанд даанч бүрэн ухаарах сэхээгүй байдаг нь гэм биш хүний зан гэлтэй.

eagle.mn

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen