Зулын 25-ны залбирал мөргөлийн учир...

Зулын хорин таван буюу өвлийн эхэн сарын 25-ны энэ өдөр Ханд Дагинасын чуулах өдөр болон Зонхов богдын мэндэлсэн, нирваан дүрийг үзүүлсэн хоёр их дүйчин өдөр давхацдаг юм байна. Буддын шашин доторхи Гэлүгва урсгалыг тэргүүлэгч Зонхов гэгээнтний жилдээ ганц тохиох тэмдэглэлт их дүйчин өдөр гэж ойлгох учиртай аж.
Энэ өдөр өглөө эрт хүрээ хийдүүд өөр өөрийн нутаг оронд тогтсон дэг жаягаар хурал номоо хурж зан үйлээ үйлдээд орой захын од гарах үед лам хувраг, сүсэгтэн олноор хүрээ сүмийн үүдэнд цуглаж Зонхова богдод зул хүж, ерөөл магтаал өргөж даган баяссанаар их буяныг хураах ажаам.
Сүсэгтэн олон Буддын их хөлгөний "Мэгзэм" хэмээх номыг урин уншиж Богд Зонхова болон түүний хоёр шавь Жалцавжи, Хайдүвжи нарт мөргөвөөс буяныг хураан өөрийн барчид, саад тотгорыг амирлуулах ажгуу. Хэдий чинээ сүсэг бишрэл байна төдий чинээ бурхдын адистид аврал оршино.
Төвдүүд Зонхова багшийг хоёр шавийн нь хамтад "Жи явсрай сүм" хэмээн нэрэлдэг. Энэ нь ямар учиртай вэ гэвэл "Богд, Ялгуусаны хөвгүүд" гэсэн үг юм. Хэзээ ч салшгүй эцэг үрийн барилдлага ямар мэт байдаг.... яг түүн лүгээ адил дээдийн дээд, мянган галавт ч салшгүй багш шавийн ариун барилдлага барьсан буяны садан эрхэм дээд богдууд юм. Тийм учраас Жи Явсрай сүм буюу "Богд, Ялгуусаны хөвгүүд" хэмээжээ.
Явсрай сүм богдууд нь язгуурын гурван бурхны үндсийг баригч, нэгэн үндсэнд оршигч бурхад хэмээн үздэг.
Язгуурын гурван бурхан нь энэрэл нигүүсэлийн охь шим болсон Жанрайсиг, оюун билгийн манлай болсон Манзушри, эрх хүчний охь манлай Очирваань юм.
Жалцав богдыг энэрэл нигүүслийн их гуу сан Жанрайсиг бурхны дүрд ялгалгүй нэгэн мөн чанартай хэмээнэ
Зонхова богдыг оюуны манлай болсон Манзушри бурхны дүрд ялгалгүй нэгэн мөн чанартай хэмээнэ
Хайдүв богдыг эгнэшгүй хүч чадлыг эрхшээсэн Очирваань бурхны дүрд ялгалгүй нэгэн мөн чанартай хэмээн үзэж бясалгах нь ч бий.
Угтаа бол эдгээр бурхан бүгд нь Зонхава богдын зүрхэн таалалд багтах бөгөөд нэг мөн чанартай гэж үздэг.
Ингэж бодож залбирваас гурван цагийн бүх бурхдад залбирсан лугаа адил хэмжээлшгүй их буяныг хураана хэмээсэн байдаг.
Ж.Батсайхан
Хуваалцах:

Сэтгэгдэл