Абдулрашид Садулаев: Токио хол санагдаж байсан ч хэдийнэ хаяанд хүрээд иржээ

Риогийн олимпийн аварга, дэлхийн 3 удаагийн аварга Абдулрашид Садулаев Будапештэд Америкийн Кайл Снайдерийг ялснаасаа хойш дэвжээнд гараагүй байгаа билээ. Гэхдээ тэр удахгүй эргэн ирнэ. Абдулрашид Садулаев WRESTRUS.RU цахим сайтад ярилцлага өгөхдөө хэзээ дахин барилдахаа хэлсэн байна.

WRESTRUS.RU Тигран Аванян

- Абдулрашид, ДАШТ дуусаад нэлээд хугацаа өнгөрлөө. Бөхийн хорхойтнууд таны хэзээ барилдахыг тань тэсэн ядан хүлээж байна.
- Ерөнхий дасгалжуулагч Замболат Тедеев дараагийн цугларалт дээр шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлах болохоор би сайн мэдэхгүй байна. Гэхдээ Якутскт болох Дэлхийн Цомын тэмцээнд барилдах болов уу гэж бодож байгаа. Дэлхийн Цомд түрүүлнэ гэсэн зорилго тавьсан болохоор манай бүх шилдгүүд тэнд барилдах болно. Би өөрөө ч хурдан барилдмаар байна. Форм сайтай байгаа тул ямар ч тэмцээнд ороход бэлэн.

- ДАШТ-ий дараа юу хийж, цагийг өнгөрөөв?
- Гурван долоо хоног гэрийнхэнтэйгээ амарч, огт бэлтгэл хийгээгүй. Дараа нь Ярыгиний тэмцээнд бэлтгэж эхэлсэн ч дасгалжуулагч нар намайг тэмцээнээс чөлөөлсөн. Тийм болохоор одоо хурдан барилдмаар л санагдаж байна. Архызад очиж, цанаар гулгалаа. Их сонирхолтой спорт байна, маш их таалагдсан.

- Та дэлхийд 3 түрүүлсэн. "Ташкент-2014", "Лас-Вегас-2015", "Будапешт-2018". Хамгийн сэтгэлд үлдсэн ялалт аль нь вэ?
- Будапешт. Энэ ялалт хамгийн сайхан, хамгийн чухал ялалт байлаа. Замболат Ильич надад "Бүх хүн ялагдсан ч байсан хамаагүй, чи заавал ялах ёстой шүү" гэж хэлсэн болохоор би ёстой л үхэх сэхэхээ үзэхэд бэлэн байв. Миний ялалт улс оронд, Снайдераас хариугаа авах нь манай бөхийн хорхойтнуудад ямар их хэрэгтэй байгааг би ойлгож байлаа. Дээр нь Америк, манай багууд ижилхэн 3 алтан медальтай байсан. Бүх ялалт маань чухал хэрэгтэй байсан ч Будапештийн ялалт хамгийн хурц тод нь байлаа. Риогоос буцаж ирээд би "4 жил гэдэг их урт хугацаа.

Токио хаа ч байсан юм" гэж бодоод хэсэг юу ч хийгээгүй. Харин одоо "Тамирчны амьдрал тун богинохон. Хүч чадалтай байгаа дээрээ хичээн зүтгэж, бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй юм" гэдгийг ойлголоо. Үгүй бол дараа нь харамсана шүү. Би одоо их харамсаж байна. Бодоод үз л дээ. Би "Рио 2016" наадмын дараа хагас жил бэлтгэл хийгээгүй. 2017 оны ДАШТ-д Снайдерт ялагдаад л ухаан орсон. Надад маш том хичээл сургамж болсон. Тэр ялагдал надад ямар хэрэгтэй байсныг та нар төсөөлөхгүй байх... Магаст болсон УАШТ-д би ямар ч бэлтгэлгүй очсон. Тэгээд түрүүлчихсэн. Ингээд л ирээд шууд түрүүлчихэж байгаа юм бол бэлтгэл хийх ямар хэрэг байна? Би бүгдийг чадах юм байна гэж бодож байлаа. Харин Парист ялагдсаны дараа л амьдрал тийм амар зүйл биш юм гэдгийг ойлгосон.


- Анхны ДАШТ-ээ эргэн дурсвал?  Тэр үед та "Орос танк" биш битүү морь байсан ч бүх өрсөлдөгчөө хугацаанаас өмнө ялсан.
- Тэр үед залуу байсан болохоор ямар хэмжээний тэмцээнд түрүүлснээ сайн мэдрээгүй. Харин дараа нь л ДАШТ-д түрүүлнэ гэдэг маш чухал зүйл юм гэдгийг ойлгосон.


- Удахгүй Европын АШТ, Европын наадам болно. Дасгалжуулагч нар бүрэлдэхүүнээ сонгоогүй байгаа ч хэрэв та сонгох эрхтэй бол алийг нь сонгох вэ?
- Эхлээд тивийн аваргад орчихоод дараа нь Европын тоглолтод орж болох уу гэж асууна. Үнэнийг хэлэхэд би одоо энэ талаар бодохгүй байна. Хоёр сарын зай байна. Одоогийн гол зорилго бол Дэлхийн Цомд түрүүлэх. Дараа нь шигшээ багийн дасгалжуулагч нар ямар шийдвэр гаргана, тэрийг нь л дагана.

- Сочид болсон цугларалт дээр Ерөнхийлөгч Владимир Путин ирсэн.
- Уулзалт бэлтгэлийн танхимд болсон. Би Ерөнхийлөгчтэй яриад амжсан. Будапештэд болсон ялгуусан ДАШТ-ий дараа шигшээ баг Ерөнхийлөгчтэй уулзах байсан боловч, Ерөнхийлөгч завгүй байсан тул хойшлуулсан юм. Тэр үед Будапештийн ДАШТ-д оролцсон тамирчин, багш нарыг Төрийн шагналаар шагнах яриа гарч байсан юм. Би сая Ерөнхийлөгчид энэ талаар санууллаа. Владимир Владимирович асуудлыг авч хэлэлцэнэ гэж хэлсэн. Манай чөлөөт бөхийнхөн улс орондоо маш их медаль авчирдаг ч үнэнийг хэлэхэд нэг их тоогдоод байдаггүй төрөл шүү дээ.  

- Шигшээ багийн анхны цугларалт өндөрлөх гэж байна.
- Бүх юм төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Залуус маань хичээж, зүтгэж байна. Энэ цугларалт дээр ачаалал бага байгаа. Дэлхийн Цом дөхөөд эхлэхээр үндсэн бэлтгэл эхлэх болно.

- Таны жин яаж байна?  
- Намайг хагас хүнд жинд барилдахад хөнгөхөн гэж тооцсон хэвээр байгаа. Гэхдээ би жингээ нэмэх бодолгүй байна. Олимп хүртэл ямар ч гэсэн нэмэхгүй.

 

- Та Ярыгиний тэмцээнд ороогүй. Таны жинд маш их өрсөлдөөн гарсан. Шамиль Мусаевийн талаар юу хэлэх вэ? Мөн Кайл Снайдерийн ялагдлын талаар?
- Расул Магомедов Снайдерийг ялаад финалд итгэлтэй гарах ёстой байсан. Үнэнийг хэлэхэд Расулын ялагдсан тэр бөх бол түүнтэй өрсөлдөх хэмжээний бөх биш байсан. Расул яасныг мэдэхгүй юм. Сэтгэл зүйн асуудал гарсан байж болзошгүй. Шамиль Мусаевийг би эртнээс мэднэ. Залуу, ирээдүйтэй сайн бөх. Ярыгин Гран Прид үнэн чадлаараа түрүүллээ. Түүнд энэ эрчээ алдалгүй, амжилт гаргахыг хүсэн ерөөе.

- Жингийнх нь лидер Абдулрашид Садулаев байхад хэн ч эрчээ алдалгүй зүтгэх байх.
- Сайн залуучууд гарч ирж байгаа нь надад ч хэрэгтэй. Мусаев 2 долоо хоногийн дараа эхлэх Европын залуучуудын АШт-д торох юмгүй түрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. 

М.Сугар-Эрдэнэ

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen