Түүх: Охиныг 10 хүрэнгүүт нь 30 настай залуутай хүчээр гэрлүүлсэн гэдэг

Түүхийг нь өгүүлэх гэж байгаа энэ эмэгтэй 10хан настай бяцхан охин байхдаа 30 настай эртэй гэрлэжээ. Хүчирхийлэгч нөхөр нь нас бага эхнэрээ байнга зодож, дарамтлаад зогсохгүй гурвын гурван хүү төрүүлж өгсөн эхнэрээ 9 сартай жирэмсэн байхад нь гэрээсээ хөөжээ. Эмэгтэй гэрийнх нь ойролцоо байх үхрийн саравчинд охиноо төрүүлж, хүйн холбоогоо иртэй чулуугаар тасдсан гэдэг. Дөнгөж төрсөн нялх биетэй бүсгүй охиноо аваад, хэдэн км газар алхаж байж, ээжийндээ очсон ч ээж нь хүлээж авахаас татгалзсан байна. Болсон бүх үйл явдал сэтгэлзүйд нь нөлөөлж, бүсгүй амиа егүүтгэх тухай ч бодож амжсан гэдэг.

Гэхдээ тэр бууж өгсөнгүй. Охиноо тэжээж тэтгэхийн тулд гуйлга гуйхаас өөр зам байсангүй. Гуйлга гуйхаар суух болгондоо эргэн тойронд нь эцэг эхгүй, өнчин өрөөсөн хүүхдүүд дэндүү их байгааг ажиглаж эхэлжээ. Ингээд өнчин өрөөсөн, өлссөн цангасан хүүхдүүдийг дэргэдээ авч эхэлсэн байна. Хүүхдүүдээ гэдэс цатгалан явуулахын тулд гуйлга гуйсаар хэвээр л байлаа. Эцэст нь энэ эмэгтэй өнчин өрөөсөн хүүхэд бүрийг үрчилж аван, амсаж үзээгүй хайр халамжийг нь хүртээхэд үлдсэн амьдралаа зориулахаар шийдсэн байна. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр эмэгтэйн нэр алдар төрөлх Энэтхэг даяар нь "Өнчин нялхасын өрлөг эх” хэмээн түгж эхэлжээ. Олны дэмжлэгтэйгээр Өнчин нялхасын өрлөг эх маань өнөөдөр Энэтхэг даяар олон тооны асрах төвүүдтэй болжээ. Өнөөдрийг хүртэл тэрбээр 1000 гаруй хүүхдийг үрчилж аван, хайр халамжаа хүртээсээр байна. Эцэг эхдээ хаягдаж гологдсон тэдгээр хүүхдүүддээ боловсрол эзэмшүүлж, хуримыг нь хийлгэж, гэр бүл нь өргөжин тэлж байгааг нь бишрэн харж байлаа. Асрах төвдөө авсан ч хүүхдүүдээ бусдад үрчлүүлээгүй бөгөөд өөрийн хүүхэд шиг хайрлаж, хамгаалж өсгөсөн тэр хүүхдүүд дунд нь өнөөдөр эмч, инженер, багш, хуульч гээд нэр алдраа дуурсган, амжилттай ажиллаж яваа олон хүн байгаа юм.

Гудамжинд суугаад хэлэн дээрээ тавих жаахан хоол гуйж байхдаа л өөртэй нь адил байдалтай байгаа олон хүнд тусалж чадна гэсэн итгэл төрсөн гэдэг. Энэ эмэгтэйн нэр бол Синдхутай Сапкал. 1948 онд төрсөн тэрбээр хүсээгүй хүүхэд байсан учраас эцэг эх нь чиндхи буюу даавууны өөдөс гэж дуудахын зэрэгцээ ядуу малчны гэрт төрсөн охиныг 10 хүрэнгүүт нь 30 настай залуутай хүчээр гэрлүүлсэн гэдэг. Өнөөдөр Синдхутайн байгуулсан 6 асрах төв өнчин хүүхдүүдийн амьдралд бодит өөрчлөлтийг бий болгож байна. Тэрбээр одоо хэдэн мянган хүн цугласан үйл ажиллагаанд уригдаж, хийж бүтээсэн бүхнээ ярьж өгөн бусдын зүрх сэтгэлд ч гэсэн итгэл, найдварын галыг асаасаар явна. Өөрийгөө умартан, бусдын төлөө хүнд хэцүү, бартаа саадтай замаар мацан өгсөж чадсан Синдхутай 1000 гаруй хүүхдүүдийн амьдралыг өөрчилж чаджээ. Энэ эмэгтэйн түүх "амьдрал хичнээн хүнд хэцүү байсан ч гэлээ бид бусдын зүрх сэтгэлд гал асааж чадна” гэдгийн бодит нотолгоо юм. Синдхутайн туулж өнгөрүүлсэн амьдрал, бусдад өгсөн хайрыг илэрхийлэхийн тулд газар дээр буусан сахиусан тэнгэр гэж л нэрлэмээр санагдаж байлаа. Тийм ч учраас энэ эмэгтэйн гайхамшигтай, бишрэм түүхийг та бүгдтэй хуваалцахыг хүссэн юм.

Ариунаа Онгио

Ariunaa Ongio
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen