Цагаан тагтаагаар дайж, нисгэ

 

Дашчойлин хийдэд Монгол дахь бүх шашны төлөөлөл өнөөдөр Олон Улсын Энх тайвны өдрийг тэмдэглэлээ. НҮБ жил бүрийн 9-р сарын 21-ний өдрийг Олон Улсын Энх тайвны өдөр болгон зарласан. Өнөөдрийн үйл ажиллагаа нь "Хүн ардууд Энх тайван амьдрах эрхтэй” уриан дор явагдаж байна.

Тус хийдэд НҮБ-ын Суурин зохицуулагч болон Буддын шашны төлөөлөл, Дашчойлон хийд, Бага хөлгөний драмакаяа бясалгалын төв, Шинто Оомото Монгол төв, Ража йогийн бясалгалын төв, Христийн шашны төлөөлөл Католик сүм, Хинду шашныг төлөөлж Индия клуб, Иудейн шашны төлөөлө, Монголын Мусульманы нийгэмлэгүүдийн холбоо, Ананда Марга бясалгалын төв, Бахай шүтлэг зэрэг шашнуудын төлөөл энх тайван, амар амгалангийн төлөө мөргөл залбирлаа уншин, зул мандаалаа. Дараа нь Энхтайвны хонхыг цохих ёслол үйлдэв.

Дашчойлон хийдийн хамба лам Дамбажав хэлэхдээ” Шашны төлөөллүүд дайн дажингүй, энхтайван, амар амгалан амьдарлын төлөө хүсэл зорилгоо бичиж, мөргөлийн хавтсанд хийлээ. Үүнийгээ НҮБ-ын Суурин төлөөлөгчид гардуулсан. Энэ бол маш том агуулгатай мөргөл, залбирал юм.” гэж тайлбарлав. Дашчойлон хийдэд гурав дахь удаагаа Олон Улсын Энх тайвны өдрийг зохион байгууллаа.

Анх 1981 онд Их Британи, Коста Рико  улсын дэмжлэгтэйгээр Олон улсын энхтайвны өдөр болгон тунхагласан байна. НҮБ-ийн Үндэсний Ерөнхий Ассамблей  есдүгээр сарын гурав дах долоо хоногийн хоёр дахь өдрийг энх тайвны үйл хэргийг хөгжүүлэх, дурсан санаж байхын тулд тэмдэглэдэг уламжлал тогтоожээ. Хамгийн анх Олон улсын Энх тайвны өдрийг 1982 оны есдүгээр сарын 21-нд тэмдэглэж, цагаан тагтаа энэ өдрийн бэлэг тэмдэг нь болсон түүхтэй.

Энэ өдрийн үд дундад Нью Йорк дахь НҮБ-ын Төв байранд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мун "Энхтайвны хонхоо” цохисон байна. Энэ хонхны цохилт бол дэлхий нийтийн энх амгалан, аз жаргал, энх тайвны төлөө нэг хором дуугүй зогсон хүндэтгэл үзүүлдэг гүнзгий утгатай юм байна. Дэлхийн хүмүүс энэ өдрийг мөргөл залбирлын өдөр болгож, оюун санаалаг байдлаар тэмдэглэн өнгөрүүлэх ёстой гэнэ.

Энэ үеэр Монголд үйл ажиллагаа явуулдаг Католик шашны гэлэнмаа, Солонгос улсын иргэн  Мишэл, Рэжина нартай уулзаж, Энх тайвны өдөр олон улс орны иргэн бүр юу хийх ёстой вэ. Ер нь энэ өдрийн ач тусын талаар та байр сууриа илэрхийлнэ үү? хэмээн тодруулахад "Өнөөдөр дэлхийн хүн төрөлхтөн Энх тайвны төлөө нэгдэж, мөргөн залбирч байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мун, ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Ирина Бокова нарт хандаж,  дэлхийн хүн ардыг тайван амгалан, сайн сайхан аз жаргалтай  ажиллаж, амьдрахад нь бодит ажил үйлсийг улс орнуудтай хамтарч хийгээсэй гэж бид бурхандаа залбирч байна.” гэж хариулсан.

Монголд төдийгүй улс орнуудад сургууль, соёл үйлчилгээ, төр, иргэний нийгмийн байгууллагуудыг Олон улсын Энх тайвны өдрийг өөр өөрсдийн хүрээнд тэмдэглэж, эв нэгдэл, энх амгалан амьдралыг бэлгэдэж, бодитой хувь нэмэр оруулахыг НҮБ-ын Олон улсын Энхтайвны өдрийг зохион байгуулах хороо уриаллаа.

Цагаан тагтаа бол ариун, ёс журамтай байх, урт наслахын билэг дэмбэрлийг агуулдаг гэдэг. Гэр бүлийн аз жаргал, хайр сэтгэл, цэвэр нандин бүхний илэрхийлэл төдийгүй энхтайвны цагаан тагтаа гэж нэрлэдэг аж. 

Энэхүү мөргөл, залбирлын хүчинд тэнгэрт цагаан тагтаанууд өдөр бүр дүүлэн нисч байвал улс орнууд эвлэлдэн нэгдэж, амар тайван, аз жаргалтай болох билэг тэмдэг  гэж ойлгоорой. Тиймээс олон улс орнуудын иргэн бүр хүсэл, зорилгоо шивнэн цагаан тагтаагаар дайж, нисгээрэй гэж сэтгүүлчийн зүгээс саналаа дэвшүүлж байна.

    Оюун санаагаа нэгтгэж, энх тайвны төлөө мөргөж байгаа нь чухал нөлөөтэй

Дашчойлон хийдэд хэвлэл мэдээллийн төлөөлөл, сүсэгтэн олон цугласан байлаа. Нэгэн настай эрэгтэй ламын хажууд зогсож байхад нь хандаж, танаас яриа авъя. Би улстөрч вэб сайтын сэтгүүлч юм. Болох уу гэж асуувал зөвшөөрлөө.

- Сайхан намаржиж байна уу. Та аль байгууллагын төлөөлөл вэ?

-Би Өвөрмонголын Хөх нуур нутгаас ирсэн.

-Таны нэр хэн бэ?

-Улс төр судлаач Ц.Хасчулуун гэдэг хүн байна.

-Өө, та Хөх нуураас ирсэн хүн юм уу.. Уучлаарай. Их холоос Монголд ирсэн юм байна шүү дээ. Одоо Монголд хаана ажилладаг юм бэ?

-Тиймээ. Монголд ирээд, МУИС-ийн улс төрийн ангид докторантаар сурч байна.

-Та тэгвэл улс төр судлаач хүний хувьд Олон улсын Энхтайвны өдрийг тэмдэглэж байгаа үйл явдлыг ямар өнцгөөс харж байна вэ. Ямар үр дүнд хүрээсэй гэж бодож байгаа вэ?

-Өнөөдөр энэ Дашчойлон хийдэд олон шашинтнуудын төлөөл хүрэлцэн ирж Олон улсын Энхтайвны өдрийг угтан тэмдэглэж, мөргөл үйлдэж байгааг хараад сэтгэл таатай байна. Шашин бол хүн төрөлхтөнг энх тайван, амар амгалан, элбэг хангалуун, аз жаргалтай амьдрахад нь том үүрэг гүйцэтгэдэг. Тэр үүрэг ёсоор энэ ажил үйлс бол оюунлаг хэлбэр юм.

-Дэлхийн улс орнуудын улс төр, ард тмүний өнөөгийн байдлын талаар ямар үзэл бодолтой байна вэ?

-Улс үндэстнүүд эв нэгдэлтэй, элэгсэг дотно харилцан нөхөрлөж, бие биенээ дэмжиж, энх тайванч байгаасай гэж эхлээд хүсье. Дэлхийн орнуудад улс төрийн байдал, хүмүүсийн боловсрол, эдийн засгийн эмзэг байдал, шашны ялгаа зөрчил үүсгэж байна. Жишээ нь, терроризм, коммунизм гэх мэт үйл ажиллагаанууд олон ард иргэдэд хохирол учруулж, зөрчил гаргадаг. Монголд бурхны шашин том байр суурь эзэлдэг учир бусад шашинтай хамтарч, оюун санаагаа нэгтгэж, энх тайвны төлөө мөргөж байгаа нь чухал үр нөлөөтэй юм.  

 

www.ulsturch.mnСурвалжилсан сэтгүүлч Б.Баярмаа

- See more at: http://chingis.mn/index.php?view=article&type=item&val=6442#sthash.5Eqm3uFz.dpuf
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen