"Хайрын зурвас"

"Хайрын зурвас"

 

Анхны хайрын тухай бодол адуунаас унтаж хоцорсон цагаан унага шиг сэтгэлийн манан дундуур янцгаан давхиж айсуй. Босовч суувч нэхэн дагасаар билээ. 
Анхны хайр минь хөвөнтэй ногоон дээлтэй, хоёр салаа гэзэгтэй торгон савхин түрийд шальгүй нарийдсан чилгэр бор шилбэтэй байжээ.

Би завсарлага бүхнээр ангийн нь хавьцаа эргэлдэж, дараагийн нь завсарлагаанаар очих шалтгаанаа хичээл бүхэн дээр боловсруулан суудагсан. Түүний ангийнхан дээр очиж байхын тулд мөн ч олон хүүхдийн гэрийн даалгаврын тоог бодож өгсөн дөө. 
Орой ангидаа суугаад давтлага хийхэд онгорхой хаалгаараа чамайг хараасай гэж цааш нааш мөн ч олон гардагсан. Нэгэн шөне ангидаа би түгжиж суугаад анхны хайрын захидлаа бичиж билээ. 
Лааны гэрэлд цаасны өнгө шарланги, миний сэтгэл тогоотой сүү шиг дэврэн, анхны хайр минь өрөм шиг ариухан байжээ. 
Сурагчийн эмзэгхэн үзэг хайрын үгийг итгэлгүйхэн сийлэхдээ гэмт хэрэг хийж байгаа юм шиг үл мэдэгхэн чичрээд байсан. Гадна талын хаалга дуугарахад давхийн цочиж, бичиж байгаа захидлаа шүүрэн авч базчихаад хөлийн чимээ тасарсан хойно, дахин өөр цаасан дээр бичиж байлаа. Тийнхүү шөнөжин бичсэн илгээлтээ өвөртөлчихөөд явж байхад тэрхэн зурвасны хэмжээгээр дөрвөлжин газар халуу шатаж би бээр улсын нууц хадгалсан төмөр авдар шиг хариуцлагад тохогдсоноо мөч бүхэнд ухаарч байсан. Түүнийг гардуулах эвтэй мөчийг хүлээн хэд хоносны эцэст сургуулийн довжоон дээрээс би чам руу чиглээд: трамплин дээрээс л үсэрчих шиг хоёр чих юм сонсохоо больж аврах ганцхан шийдвэр эх дэлхийн цагаан цас шиг чи минь ойрхон л юм шиг атлаа эрин өнгөрөх шиг хол байсан. Дотно байна гэж бодоод байсан чамайгаа хичнээн хөндий байсныг тэгэхэд л би гадарласан. 
Чи зурвасыг минь авчихаад хоёр салаа гэзгээ годогнуулж гүйх шахам булан тойрсон, би сургуулийн үүдэнд ургаастай юм шиг яахаа ч мэдэлгүй зогссоор байлаа. 
Маргааш нь дөрөвдүгээр цагийн завсарлагаанаар танай ангийн Чимгээ ирж миний алгебрын номыг гуйгаад эгүүлэн авчирч өгөхдөө их л учиртай инээж нэг юм хэлэх гэсэн боловч хонх нэгэнт дуугарч, багш журналаа барьсаар айсуй тул анги анги руугаа эргэн гүйлдэнэ. 
Хичээл ид дундаа явж байхад номоо дэлгэвэл дөрөв нугалсан дэлбээ цаас нүднээ тусав. Түүнээс минь хариу иржээ. Номоо сэмхэн хамхиад саванд нь хийвэл тийм хүндтэй юм хадгалж явахад хуучирсан муу цүнх минь их л гологдож байх шиг санагдлаа. Зүрхний цохилт түргэсэн хацар улайж, хуучин муу цүнхнийхээ оосроор гараа ороож барьчихаад хичээл тарахыг ирээдүй мэт хүлээв. Хичээл тараад хамт явдаг хүүхдүүдээс албаар хоцорч ганцаар дөлөн явсаар замын баруун овоон дээр гарч суугаад уул зурвасыг задлан үзлээ. Дэлбээн цаасны голд "10Б-ийн тэнэг. Дахиад өгвөл багшид хэлнэ дээ" гэж нямбай нь аргагүй бичээд нэрээ ч тавьсангүй... Нөгөө зурвасны захын цагааныг таслан хаясаар суутал зевхөн "10Б-ийн тэнэг" гэдэг нь үлдэв. Би туүнийг зажилж, зажилж залгичихлаа. Дотор сэтгэл хоёр адилхан горойж залгисан зүйл маань их л хатуу байлаа. Түүнийг зөөлрүүлэх гэсэн мэт аяндаа гарсан нулимс завьж даган аманд орсоор байв...

Ж.Лхагва

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen