Домгийн зуунд үнэ цэнэ нь тодрох "Ногоолин хайрцаг"

Оросын зохиолч П.Бажов 1879 онд одоогийн Свердловск мужийн нутагт ажилчны гэр бүлд төрсөн. Хүүхэд насаа Полевскод өнгөрөөхдөө сүмийн сургуулийн хамгийн шилдэг сурагчдын нэг байж. Дараа нь Екатеринбургийн шашны сургуульд элсэн суралцаж, улмаар Пермийн шашны дээд курсийг төгсжээ. Багшийн алба хашиж, гэр бүлтэй болж, дөрвөн хүүхдийн эцэг болсон байна. Иргэний дайны үед улаантны талд байлдаж, Усть-Каменогорын хоригдлуудын дунд бослого зохион байгуулж байсан П.Бажов цагаантнуудаас чөлөөлөгдсөн бүс нутгийнхныг мэдээ мэдээллээр хангах ажилд голлох үүрэгтэй оролцож, сонин эрхлэн гаргадаг байжээ. Улс төрийн энэ ажлаасаа 1921 онд эрүүл мэндийн улмаас чөлөөлөгдөн, өөрийн эх нутаг Уралдаа эргэн ирсэн. Энд уран бүтээлийнхээ гарааг эхэлж, ардын домог үлгэрүүд цуглуулж эхэлжээ. 1924 онд анхны номоо гаргасан нь "Уралын домгууд. 1936 онд Уралын үлгэрүүдийн дээжээс сэтгүүлд тавигдаж эхлэн, 1939 онд "НОГООЛИН ХАЙРЦАГ” нэртэй бүрэн эмхэтгэл болж гарсан байна. Ардын домог яриаг үндэслэж бичсэн түүний зохиолууд домгийн зуун гэгдэж байгаа XXI зуунд үнэ цэнтэй хэвээр байна. Энэ удаа "НОГООЛИН ХАЙРЦАГ” номын өгүүллэгээс нэгийг онцлон нийтэлж байна.

Домгийн зуунд үнэ цэнэ нь тодрох "Ногоолин хайрцаг"

Зэст уулын эзэгтэй

   Заводад ажил хийдэг манайхны хоёр хүн нэг өдөр газрын гарц үзэхээр явжээ. Тэдний хадлангийн газар Северушка голын тэртээ холхон байдагсан. Амралтын өдөр таарсан бөгөөд сүрхий халуун, урьд өдөр нь бороо орсон, агаар чийглэг, тунгалаг байлаа. Хоёулаа Гумешкийн уурхайд ажил хийж, ногоолин, номин малтаж гаргана. Заримдаа талст аранжин зэс ч олдог байжээ. Нэг нь гэрлээгүй залуухан хүү хэр нь нүдэнд нь хэдийнээ хөх цагариг сууж эхэлжээ. Нөгөө нь насаар ахимаг, зүдэрсэн байдал илт бөгөөд хоёр нүд нь сүүмийн хөхөрч, хацар нь хүртэл зэвхийрээд босох суухдаа ханиалгана.

Үүл манан суунаглаж, шувууд дэрхийн өндөрт хөөрч баясан жиргээд, ойд сэтгэл сэргэм сайхан байвч мань хоёр халуунд ядарч туйлдсаар Красногорын уурхай хүрчээ. Тэгэхэд тэр уурхайгаас төмрийн хүдэр авдаг байсан юм. Тэс модны сүүдэрт ногоон дээр хэвтэнгүүт хоёулаа унтаж орхижээ. Хажуунаас нь хүн нудраад авах шиг болоход л залуу нь сая нэг юм сэрээд өндийж харвал том ургаа чулууны хажууханд овоолсон хүдэр дээр нэгэн бүсгүй буруу хараад сууж байж л дээ. Гэзгийг нь харвал залуухан бүсгүй бололтой гэнэ. Гэзэг нь хөхөмдөг өнгөтэй.

Манай хүүхнүүдийн гэзэг шиг жодгоносон биш, ар нурууг нь дагаад наалдчихсан мэт харагджээ. Гэзэгнийхээ үзүүрт ногоон гэвэл гэхээр бас улаан ч гэж хэлмээр тууз зангиджээ. Тэр тууз нь нэвт гэрэлтэж, зэс ялтас мэт хангинан дуугарах ажээ. Залуу, тэр бүсгүйн гэдгийг гайхан шохоорхохын сацуу цааш даамай ажиглавал намхан нуруутай болохоос аятайхан хүүхэн байлаа. Байж сууж ядан хөл доороо юм эрэх мэт тонгойсноо гэдийж, баруун зүүн хоёр тал руугаа ээлжлэн бөхөлзөж байснаа гэнэт босон харайж, гараа алдалснаа буцаж суугаад дахин тонголзох ажээ. Нэг үгээр хэлэхэд өрөмний өт шиг хүүхэн байв. Аман дотроо шулагнах нь дуулдавч ямар хэлээр ярьж байгаа нь үл ойлгогдох бөгөөд хэнтэй ярьж байгаа нь үл үзэгдэнэ. Үргэлж инээхийг нь бодвол их л зугаатай байгаа бололтой. Залуу үг хэлэн завдсан боловч,

-Ижий минь, энэ чинь уулын эзэгтэй байна шүү дээ! Өмссөн хувцас нь мөн байна. Би яагаад даруйхан ажигласангүй вэ? Гэзгээрээ миний нүдийг хуурч шүү хэмээн санаанд нь гэнэт оржээ. Өмссөн хувцас нь нарт хорвоод эрээд олохгүй ховор хувцас ажээ. Торго шиг ногоолингоор хийсэн платье өмсжээ. Чулуу хэр нь харахад торго шиг, илээд авмаар оюу байдаг юм.

"За гай иржээ! Ажиглахаас нь өмнө арилаад өгөх юмсан” гэж залуу хүү бодож суув гэнэ. Зэгт уулын эзэгтэй хүнээр доог тохуу хийх дуртай гэж өвгөчүүлээс дуулсан байжээ. Ингэж бодож байтал бүсгүй эргээд харжээ. Зэгст уулын эзэгтэй цагаан шүдээ яралзуулан инээмсгэлэж залууг хөгжилтэйгээр ширтэн тоглоом хийж ийн өгүүлэв.

- Степан Петрович, чи дэмий л бүсгүй хүний гоо үзэсгэлэнг ширтэж сууна уу? Зүгээр харсан ч мөнгө авдаг юм шүү. Дэргэд ирж суу л даа. Хоёулаа жаахан ярилцъя. Залуу айж байв ч биеэ бариад сэжиг мэдэгдэлгүй суув. Уулын энэ эзэгтэй ид шидтэй ч гэсэн бүсгүй хүн шүү дээ. Би эр хүн байж бүсгүй хүнээс айж сүрдвэл ичгэвтэр болно гэж бодоод Степан,

- Чамтай ярих зав алгаа! Хадлан үзэх гэж яваад, ундаасч ядраад унтаж хоцорчээ гэв. Бүсгүй сонсоод инээмсгэлэн байж,

- Чамд л хожоотой шүү! Чамтай ярих юм байна аа. Наашаа ирж суу гэж дуудав.

Очихоос өөр аргагүй болсныг мэдээд хүү бослоо. Хүүхэн, овоолсон хүдрийг тойроод ир гэж байгаа бололтой гараараа дохиж харагдав. Хүдрийг тойроод очвол тоо томшгүй олон гүрвүүл бөөгнөрчээ. Зарим нь ногоон, хөх цэнхэр, алт бидэрлэсэн элс шавар адил өнгөтэй, зарим нь шил гөлтгөнө шиг гялалзаж, зарим нь хагд мэт цайлалзаад, бас хээ угалз чимэгтэй ч юм шиг янз янз ажээ. Бүсгүй инээмсгэлэн сууснаа,

- Степан Петрович минь, миний цэргүүдийг битгий гишгээрэй. Чи бие том хүнд, цаадуул чинь жижигхэн амьтад шүү гэж хэлээд алга ташсанд гүрвүүл ярагдан Степанд зам тавьж өгөв. Залууг дэргэдээ ирж зогсоход бүсгүй инээмсгэлэн дахин алгаа ташаад,

- Одоо чи хөл тавих газаргүй болов. Зарц нарыг минь бяц гишгэвэл чамд гай зовлон учирна шүү гэлээ. Доошоо харвал гүрвүүл нэгэн дор цугларч, газар таних аргагүй болоод, хээ угалз болсон алаг шалан дээр зогсож байх шиг Степанд санагджээ. Степан доошоо хараад,

- Ээ, энэ чинь зэсийн хүдэр байна шүү дээ! Гэж бодож зогсов. Сайхан засаж өнгөлсөн төрөл бүрийн хүдэр ажээ. Гөлтгөнө, андуурга, янз бүрийн гялга зэрэг ногоолинтой төстэй чулуу ч байлаа.

- За, Степанушка минь, миний хэн болохыг одоо танив уу? гэж бүсгүй асуугаад, тачигнатал хөхөрч,

- Надаас айх хэрэггүй. Би чамд муу юм хийхгүй гэв. Ийнхүү дооглож, эгдүү хүрмээр үг хэлэхэд залуу тэр бүсгүйд гомдоод ихэд уурлаж,

- Би уурхайн ажилчин хүн. Хэнээс айх юм! Гэж бараг хашхиран хэлжээ.

- Айдаггүй л бол сайн байна. Хэнээс ч айдаггүй зоригтой хүн надад хэрэгтэй байгаа юм. Маргааш өглөө уурхай руу орохоор очиход чинь уурхайн захирагч ирчихсэн зогсож байх вий. Би чамд үг зааж өгнө. Чи захирагчдаа хэлээрэй. Чи мартав аа! гэж захиад ийм үг зааж өгөв.

- Өмхий новш чамайг Зэст  уулын эзэгтэй Красногорын уурхайгаас зайл гэж байна. Хэрэв миний ган дуулгыг эвдэж эхлэх юм бол Гумешкийн бүх зэсийг газрын гүнд оруулж, авах аргагүй болгоно шүү! Ингэж захиад бүсгүй нүдээ анийлган,

- Мэдэв үү, Степанушка минь! Уурхайд ажил хийдэг, хэнээс ч айхгүй гэж хэлсэн биз дээ? Тэгвэл миний захисан энэ үгийг захирагчдаа хэлээрэй. За одоо яв даа. Хамт яваа цаад хүндээ хэлсний хэрэггүй. Ядсан тэр амьтныг ийм хэрэгт оролцуулаад юу хийх вэ, цаашаа гэж захиад, чи энэ хүнд бага ч гэсэн тус хүргээрэй гэж хөх бух шувуунд хэлэв.

Бүсгүй дахин алга ташсанд гүрвүүл бутран одов. Эзэгтэй өөрөө босон харайж, чулуунаас барингуут, дээр нь үсэрч гараад гүрвүүл шигээ дамжин одов. Гал хөл нь ногоон савар болон хувирч, шордойсон сүүлтэй болжээ. Зоо нуруу нь тэхий голоо хүртэл хар судал татан харагдах бөгөөд хүн толгойтой ажээ. Уулын орой дээр гарч эргэж хараад,

  • Миний захисан үгийг мартуузай, Степанушка минь. Өмхий новш чамайг Красногорын уурхайгаас зайл гэж тушааж байна гэж хэлж очоорой. Миний захисанчлан захирагчдаа хэлбэл би чамтай сууна шүү! Гэж хэлжээ. Залуугийн дургүй хүрч
  • Түй, яасан муухай амьтан бэ! Очиж очиж би гүрвүүлтэй суух юм гэнэ гээд нулимжээ. Залуугийн нулимж байхыг үзээд эзэгтэй тачигнатал хөхөрч,
  • За яахав, хоёулаа хожим уулзаж ярилцъя даа. Хэлье гэж санаа шийдвэр үү? гэж асуугаад толгойн цаагуур ороход ногоон сүүл нь гялс гээд далдрав.

Залуу ганцаараа хоцорчээ. Уурхайн орчин нам гүй, гагцхүү овоолгоостой хүдрийн цаана хамт яваа нөхрийнх нь хурхирах чимээ сонсогдоно. Степан нөхрөө сэрээж, хадлан хадах газартаа хүрч газрын гарц үзээд орой тийшээ харьжээ. Яая даа байз, уулын эзэгтэйн захисныг захирагчид хэлнэ гэдэг амаргүй хэрэг гэж Степан санааширсаар байв. Түүнийг үнэхээр өмхий дотортой амьтан гэж олноороо ярьдаг билээ. Эс хэлэхээсээ бас айна. Тэр бүсгүй уулын эзэгтэй болохоор ямар ч хүдрээр хуурч чадна. Тэгэхэд эзний шийтгэлийг яаж давна. Бүсгүй хүнд сайрхаж биеэ хоосон магтсан болох нь бүр ч долоон дор ичгүүртэй хэрэг. Степан ийнхүү эргэцүүлэн бодож бодож, зориг гарган дүүрсэн хэрэг. Уулын эзэгтэйн захисан үгийг захирагчид хэлээд очъё гэж санаа шулууджээ. Маргааш өглөө нь ажилчид уурхайн аманд цугларахад захирагчид хүрч ирэв. Бүгдээр малгайгаа авч дуугүй зогсоход Степан захирагчийн дэргэд очиж,

- Би өчигдөр Зэст уулын эзэгтэйтэй дайралдлаа. Тэрээр чамд хэл гэж надаар үг дайсан юм. Өмхий новш минь чамайг Красногорын уурхайгаас зайл гэж тушааж байна. Хэрэв чи түүний ган дуулгыг эвдвэл Гумешкийн уурхайн бүх зэсийг дотогш нь оруулж, авахын аргагүй болгоно гэж уулын эзэгтэй чамд хэлүүлсэн гэв. Захирагч уурсан салхаа шөвийлгөж,

- Юу гэнээ чи! Согтуу байна уу, солио авчин тусав уу? Элэнцгийн чинь эзэгтэй? Хэнд чи ийм үг байна? Чамайг би гайгүй хашраагаад өгье өө! гэсэнд Степан,

- Чиний дур юм хойно доо. Харин ингэж хэлж очоорой гэж эзэгтэй тушаасан юм шүү гэжээ.

- Энийг сайн зодоод уурхайн мухарт хатаачих! Харангадаж унахааргүй шар будаа чанаж голыг нь зэмлэж бай. Шийтгэлийг хөнгөлөлтгүй оноо! Юухан л гаргавал хайр найргүй жанчаарай! гэж хашхирав.

Степаныг зодож зодож уурхайд оруулаад хаячихав. Уурхайн харгалзагч гэж нэг нохой эр хамгийн өөдгүй мухар зааж оруулжээ. Ус чийгтэй сайн хүдэр ховор, аль эрт орхихоор болсон газарт Степаныг авчирч, ажил хийж болохоор урт гинжээр уяжээ. Хүнийг элдвээр басамжлан дарладаг хамжлагат ёс гэж ямар шүү байсан нь илт билээ.

  • За, чи энд жаал сэрүүц дээ. Хэдий л цэвэр ногоолин олбол чиний шийтгэл төдий хөнгөрнө гэж харгалзагч ер өрөвдөх шинжгүй хэлжээ.

Одоо яах гэх вэ. Харгалзагч явмагц Степан ёотуу аваад ухаж эхлэв. Бяртай ч залуу байж. Харвал хоосонгүй баймаар газар ажээ. Ногоолин чулуу хүн авч хаяад байгаа юм шиг л нурж ирээд байлаа. Ус ч алга болж уурхайд хув хуурай болов. "Ашгүй, уулын эзэгтэй намайг мартсангүй дээ” гэж Степан бодов. Ийнхүү бодтол их туяа татав гэнэ. Харвал уулын эзэгтэй ирээд өмнө нь зогсож байлаа.

  • Степан Петрович сайн эр байна. Өмхий новшоос айсангүй, миний захисан үгийг хэлээд очжээ. Магтаал хүртэхээр хүн байна. Одоо хоёулаа явж хуримын инж үзэх үү дээ. Би ч хэлсэн үгэндээ хүрнэ шүү гэж уулын эзэгтэй хэлжээ.

Өөрөө харин дурамжхан байгаа мэт хөмсгөө зангидан зогсоно. Эзэгтэй алгаа ташихад гүрвүүл ирж Степаны гинжийг салгав.

  • Шийтгэлийнх нь хэмжээнээс хоёр дахин илүүг буулгаад өг. Торго шиг сайхан ногоолингоос шилж байгаад өгөөрэй гэж уулын эзэгтэй тушаагаад Степанд хандаж,
  • Нөхөр болох залуу минь, миний инжийг үз дээ гэв.

Эзэгтэй түрүүнд нь Степан араас нь дагаад явжээ. Эзэгтэйн явсан зүгт торох тээглэх юм үгүй ажээ. Газар доор янз бүрийн эрднийн чулуугаар доторлосон цэлгэр уудам танхим байлаа. ногоон алт, бидэрлэсэн шар зэс, цэцгэн хээтэй, хөх цэнхэр өнгө өнгийн ханатай, нэг үгээр хэлэхэд үгээр хэлэх арагүй гоёж чимсэн ажээ. Уулын эзэгтэйн өмссөн хувцас нь солигдож, нэг үе шил толь мэт гялалзаж байснаа бүдгэрэн, алмас эрдэнэ адил гялтганаж, заримдаа зэс адил шаргалтан, бас ногоон торго шиг тунарна. Уулын эзэгтэй явж явж нэг газар орж зогсоод:

  • Цааш химэрлэгт шар элс шороо олон мод газар үргэлжилнэ. Явж үзэхийн хэрэг байна уу? Бид одоо Красногорын чанх доор ирээд байна. Энэ бол Гумешкийн дараа орох хамгийн өгөөжтэй чухаг газар даа гэлээ.

Өргөн уудам танхим байхыг Степан харлаа. Дотор нь тавьсан ор дэвсгэр, ширээ сандал, исрийг аранжин зэсээр хийжээ. Тасалгааны ханыг ногоолингоор алмаас эрдэнэ шигтгэн хийж, адрыг бүдэг өнгийн зосоор будаж цэцгэн хээ тавьжээ.

- Хоёулаа энд сууж ярья даа гээд эзэгтэй мухар исэр дээр сууж,

- Миний инжийг үзэв үү? гэж асуув.

- Үзлээ гэж Степан хариу өгүүлэв.

- Тэгвэл хоёулаа гэрлэх үү дээ?

Степан юу гэж хариу хэлэхээ мэдэхгүй суув. Степан сүй тавьсан бүсгүйтэй хүн. Өнчин өрөөсөн ч сайн охин билээ. Гоо үзэсгэлэнгээрээ эгэл тэр бүсгүй уулын эзэгтэйтэй яахан тэнцэх билээ. Степан аргаа барж барж,

- Чиний буулгасан инж хаад ноёдод л зохих инж юм. Би бол жирийн нэг ажилчин хүн шүү дээ гэв.

- Хонгор минь чи бигий займруулаад бай. Намайг эхнэрээ болгож авах эсэхээ шуудхан хэлчих гэж хэлээд уруу царайлан хариу хүлээж суув.

- Би өөр хүнд амлачихсан болохоор чамайг эхнэрээ болгож чадахгүй хэмээн шууд хэлээд, одоо ч хилэгнэж гарах байх даа гэж боджээ. Гэтэл эзэгтэй харин ч баярлаж байх шиг.

- Степанушко, чи ёстой эр хүн юм. Миний захисан үгийг захирагчдаа хэлж очсонд чинь чамайг магтсан билээ. Одоо хоёр дахин илүү магтъя. Чи миний эд агуурсанд шунаж эхнэр болох Настенькагаа чулуун хүүхнээр сольсонгүй. (Нээрээ сүйл бүсгүйг нь Настя гэдэг билээ). Бүсгүйд чинь бэлэг болгоё гэж хэлээд том ногоолин хайрцгийг Степанд өгчээ. Ногоолин хайрцагт ээмэг, бөгжнөөс эхлээд ямар ч баяны сүйт хүүхэнд байхгүй бүсгүй хүний гоёл чимэг дүүрэн байлаа.

- Энэ хайрцгийг чинь би яаж дээшээ авч гарах вэ? гэж Степан асуухад эзэгтэй,

- Санаа зовох хэрэггүй болноо. Чамайг би захирагчийн чинь гараас суллана. Чи залуу энхэртэйгээ баян тансаг аж төрөх болно. Харин хоижм намайг дурсан санаж болохгүй гэдгийг чамд захъя. Энэ миний гурав дахь сорилт шүү. Одоо хоол унд идэж уу гэж хэлээд алга танихад гүрвүүлүүд ирж, идээ ундааныг ширээ дүүрэн өрлөө. Ногоотой шөл, загастай бялуу, хонины мах бэрээсээнээс аваад орос ёсны амтат зуушаар дайлжээ.

- За Степан Петрович минь, өлзийтэй сайн яваарай. Намайг битгий дурсаарай гэж хэлээд уулын эзэгтэй нулимс дуслуулж суув. Бөөн бөөнөөр дуслан буй нулимс бүсгүйн алган дээр жижигхэн үрэн болон царцаж байлаа. атга дүүрэн үрэл Степанд өгч,

- Май, үүнийг ав даа. Энэ чулуунд их үнэ өгнө. Чи баяжина гэжээ. Үрлэн чулуу нь цэв хүйтэн байхад бүсгүй гар амьд хүний гар шиг халуун бөгөөд үл мэдэг чичирч байжээ. Степан чулууг авч мэхийн ёслоод,

- Одоо би хаашаа явах вэ? гэж асуухдаа царай нь бас л уйтгартай харагдав. Уулын эзэгтэйн хуруугаар заасан зүгт уурхайн хонгил шиг гарах газар нээгдлээ. Дотор нь өдөр шиг саруулхан ажээ. Степан тэр хонгилоор явж, газрын элдэв эрднэсийн баялаг сонирхон үзсээр нэг мэдэхэд уурхайнхаа мухарт иржээ. Хонгил хаагдаж бүгд хэвэндээ оров. Нэг гүрвлл ирж Степаныг гинжлэв. Эрдэнэсийн сан дүүрэн ногоолин хайрцаг нь гэнэт жижигхэн болж, Степан түүнийг өвөртлөв. Төдөлгүй уурхайн харгалзагч хүрч ирэв. Басамжилж, даажигнах санаатай ирснээ харин төрөл бүрийн тунамал сайхан ногоолин шийтгэлийн хэмжээнээс хавьгүй илүүг овоолсныг хараад "Яасан хачин жигтэй юм бэ? Яаж ийм ихийг олов” гэж боджээ. Уурхайн мухарт орж үзээд,

- Эндээс хэн ч, хэд л бол хичнээн ногоолин олох газар байна гээд Степаныг өөр мухарт аваачиж оронд нь ач хүүгээ суулгажээ. Маргааш нь Степан шинэ газрыг ухаж эхлэхэд ногоолин урдын адил нурж ирээд бас мушгиа аранжин зэс ч гарч байлаа. харгалзагчийн ач хүүнийн очсон мухраас хоосон чулуу, андуурга хоёроос өөр хэрэгтэй юм гарсангүй. Харгалзагч учир явдлыг мэдээд захирагчийнд ирж нэг нэгэнгүй тоочив.

- Степан ад чөтгөртэй нөхцжээ гэхэд захирагч,

- Юутайгаа нөхөцнө, түүний дур. Бид л олз омон ихтэй байвал болоо юм биш үү. Зуун пүү ногоолин олж өгвөл хамжлагаас суллана хэмээн намайг амлаж байна гэж хэл гэжээ.

Захирагч Степаныг дөнгөнөөс салгаж Красногоын уурхайд ажил хийхийг зогсоо гэж тушаав. Красногорын уурхайд төмрийн хүдэр зэсийн хольцтой гарч ширэм бохирдуулаад байх болсон юм. Цаад мангуу чинь эртүүд ортой юм хэлжээ дээ, яаж мэдэх вэ? гэжээ. Харгалзагч, захирагчийнхаа амласныг ирж хэлэхэд Степан,Эрх дураараа амь зуух дургүй хэн байх билээ? Хичээж үзье. Олж чадвал миний аз биз гэж хэлж гэнэ. Төдхөн Степан ол гэсэн ногоолинг тэдэнд олж өгсөн ажээ. Тэд ногоолинг уурхайн гүнээс гаргаад "Бид ийм л сүрхий улс даа” гэж бардамнасан хэр нь Степаныг хамжлагаас сулласангүй. Тэд том ногоолин олсноо эзэндээ бичжээ. Эзэн, Петобургээс саатан ирж хэрэг явдлыг дуулж мэдээд, Степаныг дуудуулав.

Таван алдаас богиногүй баган хийж хүрэх ногоолин олж өгвөл чамайг зоргоор чинь тавина гэж тайж угсаагаа барьж амлая хэмээн эзнийг хэлэхэд Степан,

-Нэг удаа ингэж амлаад намайг мэхэлсэн. Би хаширсан хүн шүү. Урьдаар чөлөөлөх бичгээ хийж өг. Тэгсний сүүлд л оролдож болохыг нь үзье дээ гэв. Эзэн уурлаж, шал дэвслэн хашхирсан боловч Степан өөрийнхөөрөө зүтгэн:

-Миний хүүхнийг хамжлагаас чөлөөлөх бичиг хийж өг гэж хэлэхээ арайтай л мартчихсангүй. Чөлөөт хүн хамжлага эхнэртэй байна гэдэг ямар ёс вэ гэжээ. Степаныг яггүй яхир эр юм гэж эзэн мэдээд хамжлагаас чөлөөлөх бичиг хийж:

-Май, хичээнэ шүү чи! Гэв.

-Миний аз л мэдэх хэрэг гэж Степан хариулав. Степан тэр уулан дотор яма ямар эрдэнэс байгааг сайн мэдэж авсан бөгөөд уулын эзэгтэй тусалсан болохоор эзний таалалд нийцэх уртаараа таван алд ногоолин олж өгсөн билээ. Тэр ногоолингоос тэд хэрэгтэй баганаа засаж аваад дээш нь гаргажээ. Эзэн тэр баганыг Петрбург хотын гол сүмд бэлэг болгон илгээсэн юм. Степаны анхны олсон ногоолинг одоо болтол хотод бий гэлцэх бөгөөд хамгийн ховор нандин зүйл гэж эрхэмлэн хадгалдаг гэж ярилцдаг билээ.

Ингэж Степан халамжлагаас суллагджээ. Тэр үеэс эхлэн Гумешкийн уурхайн бүх баялаг сураггүй алга болсон гэдэг. Номин чулуу элбэг байх шиг харагдавч ихэнх нь андуурга ажээ. Судалтай аранжин зэсийн сураг алдарч, ногоолин ч алга болж уурайг ус авч эхэлсэн юм. Энэ үеэс Гумешикийн уурхай ашиггүй болж сүүлдээ усанд автжээ. Ногоолингоор багана засаж сүмд тавьснаас Зэгст уулын эзэгтэй хилэгнэв гэж ярих болсон билээ. Энэ нь уулын эзэгтэйн хувьд огт нэрэггүй юмны нэг ажээ.

Степан ч аз жаргал үзээгүй билээ. Хайр сэтгэлтэй хүүхэнтэйгээ ханилан сууж, тохилог сайхан орон гэр төхөөрчээ. Баяр баясгалантай аж төрж болох байсан авч уйтгар гунигт автаж, өвчин зовлон ороох болжээ. Бие өвчтэй хариугүй хэр нь түлээ мод түүж, ан гөрөө хийж, Красногорын уурай руу байж байж явж, олз омоггүй гэртээ буцаж ирэх болжээ. Нэгэн намар гэрээсээ гараад эргэж ирсэнгүй. Алга л байж, алга л байж...

Хаашаа яваад алга болов? гэж хүмүүс гайхаж олуул нийлээд эржээ. Степан уурхайн дэргэд, том чулууны хажууд үхсэн хэвтэв. Нүүрэнд нь инээмсгэлэл үлдэж, буу нь цэнэгтэй хэвээрээ дэргэд нь байв. Хамгийн түрүүнд хараад гүйж хүрсэн хүний ярих нь урьд өмнө огт үзэгдээгүй том ногоон гүрвүүл талийгаачийн дэргэд байсан гэнэ. талийгаачийн дээрээс өнгийн суусан гүрвүүлийг өнндийхөд нь ажилахад нүднээс нь нулимс дусалж байсан гэж тэр хүмүүс ярьсан билээ. Хүмүүсийн гүйж ирэхэд тэр гүрвүүл хад дамжин алга болжээ. Өөр юу ч олж харсангүй. Талийгаачийг гэрт нь авчирч угаалга хийж байхад үрэл цухуйж байсныг ажиглажээ. Ногоон үрэл Степаны алтгаар дүүрэн байсан ажээ. Эрдэнийн чулуу таньдаг нэг хүн ногоон үрлийг ажиглаад:

Энэ чинь маргад эрдэнэ гэж мөн байна! Их ховор үнэтэй чулуу даа. Настасья чамд барагдахгүй их баялаг хоцорчээ. Степан энэ чулууг хаанаас олов оо? гэж гайхжээ.

Талийгаач ийм чулууны тухай огт дурсаж байгаагүй гэж Настасья хариулав. Степан, Настасьятай суухаасаа өмнө том ногоолин хайрцагтай юм бэлэглэсэн ажээ. Хайрцаг дотор ховор сайхан гоёл чимэг их байвч ийм чулуу байсныг Настасья огт үзээгүй ажээ.

            Ногоон үрлэн чулууг Степаны гараас авахад тоос болон бутарч алга болов. Ийнхүү Степан тэр чулууг хаанаас олсныг тэр үедээ хэн ч ухаж мэдсэнгүй билээ. Хүмүүс Красногорын уурхайг ухаж сэндчээд зэсийн гялага бүхий хүрэн хүдрээс өөр юу ч олсонгүй. Энэ лав Зэст уулын эзэгтэйн нулимс байх шүү гэж хожим нь нэг хүн таасан гэдэг. Степан тэр үрлэн чулууг худалдаж борлуулсангүй, гэрийнхэндээ ч хэлэлгүй тас нуусаар яваад атгаж үхдэг байна шүү!

            Зэст уулын эзэгтэй гэгч ийм л эзэн байж дээ! Түүнтэй муухан эр учирвал гаслан зовлон амсдаг, сайн хүнд ч баяр баясгалан бага, ийм л өгөөжгүй эзэн байж дээ.

1936 он

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen