О.Баасанхүү гишүүн намаа цэвэрлэх үү эсвэл хөөгдөх үү

О.Баасанхүү гишүүн намаа цэвэрлэх үү эсвэл хөөгдөх үү

 

МАХН-ын дотоод “дайн” үргэлжилсээр байна. Шинэчлэн найруулсан дүрэм, мөрийн хөтөлбөрөө бүртгүүлэх тухай МАХН- аас гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх өнгөрсөн даваа гарагт хэлэлцээд дүрмийн 10.5.2, 10.5.3 дугаар заалтаас бусдыг нь хүлээн зөвшөөрч, бүртгэсэн. Харин МАХН- ын дүрэм, мөрийн хөтөлбөрийг өөрчилж, өөрсдийгөө намын даргаар бүртгүүлэх гэсэн эрхмүүд Дээд шүүхийн шийдвэртэй холбоотой байр сууриа илэрхийлсээр байгаа юм.

Тухайлбал, УИХ- ын гишүүн О.Баасанхүү энэ сарын 25-нд мэдээлэл хийж, МАХН-ын даргаар Н.Энхбаярыг бүртгээгүй хэмээн мэдээлсэн. Тэрбээр “Шинэчлэн найруулсан дүрмийн 10.5.2, 10.5.3 дугаар заалтыг Дээд шүүх бүртгэхээс татгалзсан. Энэ нь Н.Энхбаяр гэдэг хүнийг МАХН-ын даргаар бүртгээгүй гэсэн үг. Тиймээс дараагийн Их чуулган хуралдах үед даргыг шинээр сонгоно. Ирэх арванхоёрдугаар сард Их чуулганаа зарлаж, намын даргаа сонгох, үл бүтэх зарим гишүүнийг хөөж цэвэрлэх төлөвлөгөөтэй байна” гэсэн юм. Ийнхүү тэрбээр намын дарга болох санаа өвөрлөн намаа цэвэрлэх тухай ярьж байхад намын гишүүд нь өөрийг нь гишүүнчлэлээс хасах үндэслэл бийг хэлж байна.

Мөн тус өдөр МАХН- ын Гүйцэтгэх хорооны гишүүн Ц.Шаравдорж, намын дэд дарга Ц.Оюунбаатар нар мэдээлэл хийх үеэрээ “Дээд шүүх 10.5.2, 10.5.3 дугаар заалтыг бүртгэхээс татгалзсан нь намын удирдлагыг сонгоход ил болон нууц санал хураалт явуулахтай холбоотой. МАХН-ын дарга Н.Энхбаяр хэвээр байгаа. МАХН-ыг О.Баасанхүү төлөөлж байгаа гэж харахгүй байна. Намын дүрмээ Дээд шүүхэд бүртгүүлэхгүйн төлөө яваа тэр хүний санаа, зорилго нь намын бодлогоос нэгэнт өөр болсныг харуулж байгаа хэрэг. О.Баасанхүүг намаас хасах хангалттай үндэслэл бий” гэж байр сууриа илэрхийлсэн. Тиймээс О.Баасанхүү гишүүн намаа цэвэрлэх гэсэн биш өөрөө хөөгдөх магадлал өндөр байна.

М.Энх

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen