Х.Нямбаатар гишүүнд хэлэх үг

Х.Нямбаатар гишүүнд хэлэх үг

Хуучин цагт “арандаг” гэж хэлдэг байсан даа. Эдэлж хэрэглэж байгаа юмандаа дайсан болсон хүнийг тэгж хэлдэг байв. Эзэмшсэн мэргэжил, өвөртөлсөн дипломондоо гологдож, мэргэжлийнхээ дайсан болох шиг муухай юм үгүй. Түүний оронд одоо моод болоод байгаа олон залуусын адил “баарны тейк түшээд” үүрэглэж зогсох нь хамаагүй зөв шударга амьдрал юм.

Уг нь манай энэ удаагийн парламент өмнөх бүх парламентуудаас хамаагүй олон,  бүр 28 хуульч гишүүнтэй юм байна. Эд бүгд хууль зүйн боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй гэж сивигээ бөглөсөн байна. Тэдний нэг нь УИХ-ын будаг нь ханхалсан шинэхэн гишүүн Х.Нямбаатар. Бид түүнийг дүүргийн Засаг зарга байсан, Орхон их сургуулийг төгссөн гэдгээс өөр өмнөх, хойдохыг нь мэдэхгүй. Мэдье ч гэж зориогүй. Харин түүний хуульчийн боловсрол нь хууль тогтоох үйл ажиллагааг хэрхэн хорлож буй тухайд ганц хоёр үгээр дурьдсан төдий.

Саяхан Засгийн газраас Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Хууль зүйн байнгын хороо уг хуулийн төслийг хэлэлцэхээр шийдээд нэгэн дуугаар дэмжсэн билээ. ХЗБХ-нд нөгөө 28 хуульчийн 18 нь ордог юм байна. Гэсэн ч эдгээр хуульчид Монголын хууль зүйн салбарыг 15 жилээр ухраах сонголт дээр зогсч байгаа нь харамсалтай. Ялангуяа Хууль зүйн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нар энэ ажлыг оройлон авч яваа нь үнэний хувьтай.

Сайд Ц.Нямдоржийг уг хуулийн төслийг УИХ-д оруулж ирэхээс өмнө буюу өнгөрсөн хавар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Дансандаа сая ам.доллартай шүүгч байна. Захиргааны шүүхийн бүх шүүгчид авлига авдаг” хэмээх мэдэгдлийг хийсэн. Гэвч тэр энэ мэдэгдлийг өөртөө маш итгэлтэйгээр хийсэн атлаа уг шүүгчийг шалгуулахаар АТГ-т гомдол гаргаагүй нь хачирхалтай байв.

Үүний учир ч гэсэн удахгүй тайлагдсан. ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж уг асуудлыг тодруулаад “Хүүхэд нь хүнд өвчин туссан шүүгчийн гэр бүл хүүхдээ АНУ-д явуулж эмчлүүлэхийн тулд чинээлэг айлын бэр болсон эгчийнхээ банкны дансыг хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн байжээ” хэмээн тайлбарласан. Гэсэн ч нэгэнт “ассан түймэр” буюу шүүгчдийг жигших үзэгдэл, авилгад сэрдэх үзэл хавтгайдаа үлдсэнийг та бид мэднэ. Х.Нямбаатар гишүүн зоригодоо хүрсэн хэрэг.

Харин дараа нь, хаврын чуулган завсарлахын өмнө Хууль зүйн сайд Ц.Нямдорж Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Ямар ч хуулийн төслийг боловсруулахад наанадаж хоёр сар, боловсруулсан хойноо нийтээр хэлэлцүүлж, санал авахад дахиад хоёр сарын хугацаа шаарддаг. Гэтэл Ц.Нямдорж сайдын төсөл Хууль зүйн яамны сайтад тавигдсанаас хойш долоо хоногийн дараа УИХ-д өргөн баригдсан билээ. Уг хуулийн төсөл хуульчдын дунд маш ихээр шүүмжлэгдэж, УИХ-аар хэлэлцэхгүй байх зөвлөмж хүртэл гарсаар байтал Хуульзүйн байнгын хороо хуулийн төслийг хэлэлцүүлэгт оруулсан.

Одоо олон нийтийн сүлжээнд юу ярьж байна гээч? “Өө муусайн авилгач шүүгчдээр яах юм бэ...” Энэ л тэдний хүссэн үр дүн байв. Х.Нямбаатар, Ц.Нямдорж нарын. Жоомоо алах гээд гэрээ шатаахын үлгэрээр “шүүгчдээ улс төрийн нөлөөллөөс ангид шийдвэр гаргадаг болгоё, томилгоог нь ил тод, шударгаар явуулдаг болъё” гэхийн оронд шүүхээ татан буулгая гэж ярьж байна. (Би зохиогоогүй, Ц.Нямдорж сайдын өөрийн амаар хэлсэн үг шүү)  

Тиймээс өмнөх нийтлэлд (“У.Хүрэлсүхийн Засгийн газар унах нүхээ өөрөө малтав”) Х.Нямбаатар гишүүнийг Ц.Нямдорж сайдын улс төрийн зорилгыг гүйцэлдүүлж байгаа утсан хүүхэлдэй, хуулийн төслийн ченж хэмээн бичсэн хэмээн бичсэн хэрэг. Гэтэл энэ нь Х.Нямбаатар гишүүний “өндөр дээд” нэр хүндэд халдсан явдал болж, өөрийг гүтгэсэн хэргээр цагдаад гомдол гаргасан гэнэ. Нэгэнт бидний дунд хувийн ямар нэг өс хонзон байхгүй, тэр тусмаа хувийн сонирхол өвөртөлж хүн гүтгэсэн удаагүй тул хуультай юм хуулиараа шийдэгдэх биз гэтэл үгүй бололтой. Эрхэм гишүүд өчигдрөөс нийгмийн сүлжээн дэх өөрийн гар хөлөөр дамжуулан сэтгүүлчийн нэр төрд халдаж, хувийн амьдрал, үр хүүхдээр нь оролдсон эрээ цээргүй гүтгэлгийг хийж эхэллээ. Зөрчлийн хуулиар хэрэг шийдэгдэх хугацаа, хэргийн ачааллаас хамаарч хоёр сар хүртэл үргэлжилдэг гэж тооцвол үлдсэн хугацаанд ямархуу дайралт ирэхийг таамаглахад бэрх болов.

Тиймээс УИХ-ын гишүүн Х.Нямбаатарт хандаж нэг зүйлийг сануулья. УИХ-ын гишүүн гэдэг нийтийн эрх ашгийг тээгч, түүнийг хамгаалагч байх ёстойн хувьд нийгмийн зүгээс гарч ирж болох ямар ч шүүмжлэлд бэлэн байх учиртай. Тэндээс өөрийгөө дахин дахин цэнэглэж, алдаа дутагдлаа засч, авах гээхийн ухааныг хослуулж явах учиртай. Ялангуяа тан шиг залуу хүнд над шиг “эмээ” болсон сэтгүүлчээс зөвлөхөд. Хэрэвзээ 28 жил энэ довыг сахиж, эрүүл согтуу загнасаар цагаандаа гарсан Ц.Нямдорж гэдэг хуульч шиг үг хэлсэн болгоны өөдөөс чулуу шидээд, үг, үйлдлээрэээ дарангуйлаад явна гэвэл нас чинь залуу, цус чинь шингэн байна. Залуу хүний замын хүзүү урт тул сайнтай нь нөхөрлөж, саар бүхнээс тойрч явах ёстой юм.

Хоёрдугаарт УИХ-ын гишүүн хүн “утсан хүүхэлдэй”, “хуулийн ченж” гэдэг үгэнд гомдох бус харин ч “Үндсэн хуулиар олгогдсон иргэдийнхээ эрхийг хулгайлах гэж байна. Энэ хууль батлагдвал хуульгүй засаглал, намын дарангуйлал тогтох аюултай шүү” гээд байгаа мэргэжил нэгтнүүдийнхээ үг, үзэлд ач холбогдол өгч, анзаарч харах ёстой юм. Улстөрч хүний (ингэж хэлэхэд хэтэрхий эрт байна л даа) хувьд, бас хуульч хүний (ингэж хэлэхэд ч гэсэн чамлалттай санагдах болов) хувьд ч тэр. Хувийн нэр төр, өчүүхэн ашгаас илүү улс орныхоо, ядахдаа хуульч хүний хувьд ядахдаа салбарынхаа ирээдүйг бодох ёстой.  

Гуравдугаарт, монголчууд хүүхдэдээ “номыг нь сурахгүй бол номхныг нь сур” гэж сургадаг нь хий дэмий зүйл биш. “Хүний номыг үзсэн хүнд номын номыг үзүүл. Хүний номыг үзээгүй хүнд номын номыг бүү үзүүл” гэсэн мэргэдийн үг ч бий. Тиймээс миний дүү эхлээд хүн бол. Дараа нь хуульч бол. Тэгээд хамгийн сүүлд улс төрийн хүн гэдгээ санаж, аливаад хатуужилтай бай. Тэгэхгүй өөрт хамаагүй хүмүүсийн өмнүүр орж хууль санаачлах эрхээ бусдад ашиглуулаад яваа чинь “хуулийн ченж” гэж нэрлэгдэхэд хүргээд байгаа юм.

Мартсанаас “Веритас партнерс” хуулийн фирмийн залуус өнгөрөгч хавар таны хөрөнгө орлогыг ил гаргаж, ямар эх үүсвэрээр тэр их хөрөнгийг олж авсанаа тайлбарлахыг шаардсан байх аа. Тэр асуултад эхлээд хариулт өг. Тэгэхийн оронд үг үсэг тэрлэхээс өөр шидгүй ядуу сэтгүүлч рүү уяаны нохдоо турхирч, эр бяраа гаргах чинь УИХ-ын гишүүн таны өндөр дээд нэр хүндэд сэвтэй байна. Хорхой ч гэсэн биедээ хүрэхээр атирдаг гэдэг.

Эх сурвалж: INEWS.MN

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen