Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэж байна

 
 Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэж байна

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн  12 дугаар хуралдаанаар  Нийслэлийн эдийн засаг нийгмийг  2017 онд  хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, ирэх оны үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын захирагч  С.Батболд   хэлэхдээ "Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц  энэ оны  аравдугаар сарын 1-ний байдлаар  88.8 хувьтай байна.  Оны эцэс гэхэд   өнгөрсөн оны зорилтоо бид бүрэн хэрэгжүүлж дуусна” хэмээн онцоллоо.   Нийслэлийн эдийн засаг, нийгмийг  2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд  хотын эдийн засгийг богино хугацаанд  тогтворжуулах, өсөлтийг нэмэгдүүлэх  бодлого хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн жижиг дунд үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх,  бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, хот тохижилтын асуудалд  мэдэгдэхүйц ахиц авчирах зорилт тусгаад байна.  Улаанбаатарчуудын  хамгийн  тулгамдсан, шийдэл хүлээгээд  орон сууцаар хангах, гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх, авто замын түгжрэлийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр  ч  нийслэл хот өөрийн төсвийн даац болон  улсын төсөв, гадаад дотоодын  хөрөнгө оруулалтын   дэмжлэгтэйгээр зорилтот ажлуудыг хийнэ гэдгийг тодотголоо.  Төрийн үйлчилгээг  түргэн шуурхай  болгох,  гэмт хэргийг бууруулах, бизнесийн таатай орчин бүрдүүлэх  асуудлыг   онцгойлон авч үзсэн байна. 

"Нийслэлийн эдийн засаг, нийгмийг  2018 онд  хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төсөлд тусгасан  400 гаруй бодлогын  арга хэмжээг хэрэгжүүлэхэд  нийтдээ  1.3 их наяд төгрөгийн санхжүүжилт  шаардагдахаас улсын төсвийн хөрөнгөөр  90.9, нийслэлийн  төсвийн хөрөнгөөр 114.8, гадаад эх үүсвэрээс  745.9 тэрбум төгрөг болон төр, хувийн хэвшлийн түншлэлээр 349.9 тэрбум  төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр тусгасан.

 Үндсэн чиглэл нь  5 бүлэгтэй.  Үүнд,

  1. Эдийн засгийн өсөлт  өрх бүрт
  2. Хот байгуулалт, дэд бүтэц
  3. Байгаль орчин, ногоон хөгжил
  4. Нийгмийн хөгжил
  5. Засаглал, төрийн үйлчилгээ зэрэг орж  байгаа юм.

Үндсэн чиглэлийг "Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичиг,  түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө,  "Монгол Улсын  Засгийн газрын  2016- 2020 оны үйл ажиллагааны  хөтөлбөр”, "Нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын Захирагчийн  2016-2020  оны үйл ажиллагааны  хөтөлбөрт” тусгасан зорилт, арга хэмжээ болон тухайн салбарын бодлогын бичиг баримт, нийслэлийн  хэрэгжүүлэгч агентлагуудын санал, улсын төсвийн хөрөнгө оруулалт  зэрэг бодлогын бичиг баримтад тулгуурлан боловсруулсан гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen