Төсөв тойрсон будлиан

Төсөв ер нь юу болоод байна вэ. УИХ шөнө дөлөөр шахуу хуралдаж байгаа ч өдийг хүртэл төсвийн дөрөв дэх хэлэлцүүлгийн сураг ч алга. Үгүй ядаж Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцчихсэн байх ёстойсон. Гэвч Төсвийн байнгын хороо ирцээ бүрдүүлж чадахгүй цаг алдаж хугацааг нь  тулгав. Төсвийн хэлэлцүүлэг ийн оройтсон нь Сангийн сайд өмнөх сайдынхаа бэлдсэн төсвийн төслийг дур мэдэн өөрчилж хэт үрэлгэн төсөв оруулж ирсэнтэй холбоотой гэнэ. Тиймээс гишүүд Ч.Хүрэлбаатарын үрэлгэн гарыг хазаарлах зорилгоор дахин дахин хуралдаад байгаа аж.

 

Зарим гишүүд үрэлгэн төсвийн зардлыг бууруулчих санаатай ихээхэн хичээл зүтгэл гаргаж байгаа харагдана. Жишээлбэл, М.Билэгт гишүүн Баянхонгор аймгийн төвийн иргэдийг үер усны аюулаас гэтэлгэх зорилгоор "Үерийн далан байгуулах ажил”-д зориулж 2.9 сая төгрөг /2.9 тэрбумын санхүүжилтийг эрхэм гишүүн андуурч хэлэв бололтой/ шийдэж өгөхийг гишүүдээс хичээнгүйлэн гуйчихаад өөрөө татгалзсан санал өгч байгаа харагдах юм. Нэг талаас тойргийнхоо иргэдийн асуудлыг шийдүүлчих гээд, нөгөө талаас үрэлгэн төсвийг хэмнэчих гээд уймарч сандчаад эрхэм гишүүнд их л хэцүү байгаа бололтой. Яг л Ерөнхий сайд "Багш нарын цалинг нэмэх боломжгүй” хэмээн мэдэгдээд байхад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төрийн албан хаагчдад нэг удаагийн урамшуулал болгож 55 тэрбум төгрөг цацахаар төлөвлөөд байгаатай ижил зөрчилдөөн М.Билэгт гишүүний сэтгэл дотор яваад байх шиг.

 

УИХ Засгийн газартайгаа нийлж ийн будилж төөрсөөр байтал Төсөв батлуулах хугацаа хоолой дээр тулж ирлээ. УИХ жил бүрийн арваннэгдүгээр сарын 15 гэхэд төсвөө баталж чадахгүй бол  тардаг хуультай. Товчхондоо ажлын гурав хоногт багтааж төсвөө баталж чадахгүй бол УИХ тарж, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно. УИХ-ын сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулж дараагийн парламентын бүрэлдэхүүн сонгогдож, Засгийн газраа шинээр эмхлэн байгуулах гэсээр байтал хойтон жил болно. Монголчууд төсөвгүй, төргүй нэг жилийг үднэ гэсэн үг. Төрийг ингэтэл нь хямраасан буруутан нь хэн юм бол.

 

Дургүй ламд дарж байж сахил хүртээнэ гэдэгчлэн төрийн албан хаагчдыг дургүйцээд байхад л 300 мянган төгрөг халаасанд нь шургуулах гээд байгаа Сангийн сайдын муйхарлал уу, УИХ дахь хэт олонхи "65”-ын бүлгийнхэнтэйгээ учраа олж, төсвөө батлуулж чадахгүй байгаа Ерөнхий сайдын бардамнал уу. "65”-ын бүлэг шаазан аяга шиг хага үсэрснээсээ хойш "33”, "32” гэсэн хувиар хоёр хуваагдчихаад эвлэж өгөхгүй зовоож байгаа нь энэхүү хямралын эхлэл гэдэгтэй бүгд санал нийлэх байх. Нэмэр дээр нэрмээс гэгчээр Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед ая дангийн тааруулаад зохиочихсон төсвийг Ч.Хүрэлбаатар сайд гарын үзүүрээр засахдаа төсвийн зарлагыг хэт нэмэгдүүлж, орлого зарлагын зөрүүг алд дэлэм болгочихсон бололтой.

 

Үүнд бухимдсан гишүүд Төсвийн байнгын хорооны хуралдаа суухгүй туньж гүйгээд Ц.Нямдорж сайдад хорчин, хутгуурчинаараа дуудуулаад байгаа сурагтай. Ийнхүү цаг хугацаа гэрлийн хурдаар хурдалж байхад төсвийн хэлэлцүүлэг яст мэлхийн хурдаар мөлхөж явна. Төрөө хямрааж, түмнээ хоосруулах гээгүй л юм бол хугацаандаа амжиж төсвөө батлуулах хүндхэн үүрэг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт тулгараад байна. Гараа сайн бол бариа сайн гэдэгсэн, энэ засгийн эхний гараа нэг л эв дүйгүй явчихлаа даа. Юу л болдог бол.

http://www.24tsag.mn/content/156924.shtml

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen