Үнээгээ алж идэх үү, эсвэл тэжээж тэнхрүүлэх үү

Үнээгээ алж идэх үү, эсвэл тэжээж тэнхрүүлэх үү

 

Тэртэй тэргүй хямарч, орлого нь эрс багассан иргэд, аж ахуйн нэгжүүддээ "Илүү их татвар төл" гэж хэлэхэд их л тэнэг эр зориг хэрэгтэй дээ.

 МАН хоёрхон сарын өмнө ярьж байсан амлалтаасаа холбирон ухарч эхэллээ. УИХ-д 65 суудалтай үнэмлэхүй олонхи болгосон ард түмнээсээ нүүр бурууллаа. Үүнийгээ гарцаагүй нөхцөл байдал гэдгээр тайлбарлаж буй бололтой. Өөр арга байхгүй гэдэг ганцхан шалтгаар тэд татвар нэмэхээр санаа шулууджээ.

МАН хоёрхон сарын өмнө ярьж байсан амлалтаасаа холбирон ухарч эхэллээ. УИХ-д 65 суудалтай үнэмлэхүй олонхи болгосон ард түмнээсээ нүүр бурууллаа. Үүнийгээ гарцаагүй нөхцөл байдал гэдгээр тайлбарлаж буй бололтой. Өөр арга байхгүй гэдэг ганцхан шалтгаар тэд татвар нэмэхээр санаа шулууджээ. Эдийн засгийн хямрал нүүрлээд буй энэ үед эрх баригчдын зүгээс найман төрлийн татварыг нэмэх бодлого боловсруулан хэлэлцэж байна. Хувь хүний орлогын албан татвар 10 хувь байсныг 25 хувь хүртэл өсгөнө. Үүнийгээ өндөр орлоготой иргэд буюу сард 2.5 саяас дээш орлоготой хүмүүст зориулагдсан гэж омойтож буй. Гэтэл ядарсан иргэдийнхээ халаас руу гар шургуулж байгаа ялгаагүй л ядмаг үйлдэл гэж харагдаж байна. Учир нь 2.5 саяас дээш орлоготой иргэд гэвэл улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 70-аас дээш хувийг бүрдүүлдэг мөнөөх хувийн хэвшлийнхэн л шүү дээ. Тэгвэл хувийн хэвшлийнхэнд татвар, татаас, дарамтаас илүү төр засгийн дэмжлэг хэрэгтэй байгаа ийм үе.

Түүнчлэн шинээр бий болох нийслэлийн татварын хүрээнд бараа, бүтээгдэхүүний худалдан авалтын шат бүрт нэг хувийн татвар тавигдсанаар дөрвөн хувьд хүрэх аж. Мөн "Hybrid” хөдөлгүүртэй авто машинуудаас Онцгой албан татвар авч эхлэх нь. Монголчуудын унадаг мөнөөх "Prius” машины татвар нэмэгдэж, үнэ нь өснө гэсэн үг. Бусад машины татвар ч ялгаагүй нэмэгдэнэ. Хуучин сэлбэгээс өдийг хүртэл авч ирсэн 5 хувийн татварыг тав дахин буюу 25 хувь болгож өсгөнө. Архи, тамхины онцгой албан татварыг 20 хувиар нэмнэ. Алт олборлогчид Монголбанкинд алтаа тушаас­ныхаа төлөө өнөөдөр төлж байгаагаасаа хоёр дахин их татвар төлнө. Мөн Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэхээр ярьж байна. Тодруулбал, НДШ-ийн хувь хэмжээг 1-2 пунктээр өсгөх гэнэ. Гэтэл үнэндээ даатгуулагчийн төлж буй НДШ-ийн өнөөгийн хувь хэмжээ бусад орнуудтай харьцуулахад өндөр болохыг хууль тогтоогчид ч хүлээн зөвшөөрдөг. Учир нь даатгуулагчийн сар бүр төлөх НДШ-ийн хувь хэмжээ нь хөдөлмөрийн хөлс, олох орлогынх нь 10 хувь бол ажил олгогч 10-13 хувийг төлөх үүрэг хүлээдэг. Нийлбэр дүнгээрээ орлогын 20-23 хувьтай тэнцдэг байна. Ийм атал шинэ Засгийн газар төсвийн дарамтыг бууруулах зорилгоор НДШ-ийн хувь хэмжээг дахин өсгөх санал оруулж ирэв. Ингэснээр иргэдийн гар дээрээ авч буй цалингийн 30 хувь нь хураагдана гэсэн үг л дээ. Энэ нь ямархан хэмжээний дарамт болох тухай ярих нь бараг л илүүц. Учир нь хүн бүхэн үүнийг мэдэж, ам уралдан шүүмжилж байна. 

 Хямралын үед байтугай эдийн засгийн өсөлттэй үед ч төр засаг нь иргэд, тэр дундаа хувийн хэвшлийнхнийхээ халаас руу өнгийх, гар дүрэхийг төдийлөн зөв бодлого гэж үздэггүй.

Хямралын үед байтугай эдийн засгийн өсөлттэй үед ч төр засаг нь иргэд, тэр дундаа хувийн хэвшлийнхнийхээ халаас руу өнгийх, гар дүрэхийг төдийлөн зөв бодлого гэж үздэггүй. Олон улсын жишиг ийм. Харин Монголд төр засгийн буруутай, алдаатай бодлогоос үүссэн төсвийн алдагдал, хямралыг ард иргэдийнхээ нуруун дээр үүрүүлэхээс өөр гарц олж хардаггүй бололтой. Төсвийн бүрдэхгүй байгаа орлогыг нөхөх үүнээс өөр мэх, үүнээс өөр мэргэн санаа МАН-д төрсөнгүй. Тэгвэл энэ зөв бодлого мөн үү. МАН ердөө хоёрхон сарын өмнө үүнийг маш буруу бодлого, тиймээс бид огт татвар нэмэхгүй гэж амалж байжээ. Нэг хүнд хоёр ам байх учиргүй. Харин нэг намд хоёр ам байгаад зогсохгүй нэг амаараа нэгийг хэлэвч нөгөө амаараа түүнийгээ үгүйсгэдэг ажээ.

Эргэн санацгаая. МАН-ын мөрийн хөтөлбөрөөс эшлэе. "Татвар нэмэхгүй. Шинээр татвар бий болгохгүй” гэх бүлэгт дурдсанаар бол "Монгол Улсад бүртгэлтэй 126 мянга гаруй аж ахуйн нэгж байгаагаас 2015 оны байдлаар 62,3 мянга гаруй нь үүд хаалгаа барив. 2012-2016 оны хооронд ажлын байр хоёр дахин буурав. Улсын бүртгэл статистикийн газрын судалгаагаар, 2012 онд монгол айл өрхийн орлого 40 хувиар өсч байсан бол 2015 онд 13 хувиар буурлаа. Цалингийн өсөлт үнийн өсөлтөөс гурав дахин удааширлаа. Эрх баригчид төсвийн орлогоо бүрдүүлэхийн тулд татвар, хураамж, торгууль, хүүний хэмжээг нэмж, шинэ татварууд олныг санаачиллаа. Сүүлийн дөрвөн жилд хүү, торгуулийн хэмжээ дөрөв дахин нэмэгдэв. Худалдаа, үйлчилгээ, бизнес эрхлэгчдийг торгох ажиллагаа гаарав. Авто зам ашигласны төлбөрийг 50 хувиар, цахилгааны суурь хураамжийг хоёр дахин нэмэгдүүлж, үнийг нь 20,8 хувиар, дулааны үнийг 15 хувиар, цэвэр усны үнийг 71 хувиар, бохир усны үнийг 88 хувиар нэмэгдүүлэв. Шатахууны онцгой албан татварыг гурав дахин нэмэгдүүлэв” гэх зэргээр тэрхүү мөрийн хөтөлбөрт бодит байдлын тухай тоочжээ. Тэгвэл "Бид ингэж шийднэ” гэсэн хэсэгтээ МАН юу гэж амалж байж вэ. "Жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгоно. Төрөөс бизнес эрхлэгчдэд олгож байгаа тусгай зөвшөөрлийг гурав дахин цөөрүүлж, хүчинтэй байх хугацааг уртасгана. Давхардсан хяналт шалтгалт, хүнд суртлыг арилгана. Хөдөө орон нутаг, алслагдсан бүс нутагт бизнес эрхлэлтийг дэмжих "Бүсийн хөнгөлөлт”-ийн бодлого хэ­рэг­жүүлнэ” гэх зэргээр татвар нэмэхгүй байх мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн байх юм. Үүнийхээ ч үр шимээр УИХ-д үнэмлэхүй олонхи болсон нь саяхан. Ард түмэн тэдэнд бус, тэдний мөрийн хөтөлбөрт итгэж саналаа өгсөн нь дамжиггүй. 

 

 

Ингэж амлаж, ийн баталж байсан эрх баригчид өнөөдөр татвараа нэмэхээс өөр арга чарга алга гэж ичих ч үгүй мэлзэж, мэтгэж, нүүрээ ширлэж сууна. Тэд татвар нэмэхийг хүндрэлийг даван туулах хамгийн шилдэг арга гэж итгэж байгаа бол үүн шиг том эндүүрэл байхгүй. Дээрх төрлийн татваруудыг нэмсэнээр улсын сан хөмрөг, төсвийн хэтэвч зузаарна гэж найдаж байгаа бололтой. Үгүй дээ, тэгдэггүй юм. Хатуухан хэлэхэд, их санаж хэт найдаад дэмий дээ гэмээр байна. Татвар нэмсэнээр орлого нэмэгдэхгүй, харин эсрэгээрээ далд эдийн засаг цэцэглэн хөгжих болно оо. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгч л болж, олсноосоо татварт тав арван төгрөг илүүчилдэг байсан иргэд, аж ахуйн нэгжүүд татвараас яаж бултах вэ гэж тархиа уралдуулж эхлэх болно. Хамгийн энгийн жишээ хэлье. Монголбанкинд тушаасан алтнаас авах татварыг нэмчихвэл одоогийн тушааж буй алтны хэмжээ эрс багасна. Алтны 68 хувийн татвар оногдуулахад жилдээ улсын санд 700 кг алт тушаагдаж байв. Гэтэл тус татварыг тогтоохоос өмнө улсын санд жилдээ 13 тонн алт тушаагддаг байсан ажээ. Бусад бүх алт нууцаар хил давдаг байсаан гэсэн үг. Ийм л бүтэхгүй үр дагавар дагуулах шийдвэрийн эрх баригчид бодож олжээ. Бас нэг жишээ бол архи, тамхины онцгой албан татварыг нэмэх тухай юм. Төсөв хүндэрсэн, урсгал зардлаа даахаа болих бүрт сөхөгддөг энэ яриа дахиад л гарч ирлээ. Гэхдээ аль ч улсад, аль ч нийгэмд архи, тамхины татварыг нэмэх бус, тогтвортой байлгахыг хичээдэг. Яагаад гэвэл цаад талд нь нийгэмд асар том хохирол дагаж байдаг болохоор тэр. Стандартад нийцсэн бүтээгдэхүүний үнэ өсөхөөр стандарт бус, шулуухан хэлэхэд шагийн архи л гарч ирдэг. Найрканаас болж өчнөөн олон хүн эрүүл мэндээрээ хохирдог, бүр амь насаа алддаг гашуун жишээ Монголд ч бий. "Азийн чоно” хэмээх архинаас хордож хэчнээн хүн хорвоог орхилоо?! 15 хүн шүү дээ. Иймээс л согтууруулах ундааны татварт маш болгоомжтой хандах ёстой. 


Нийтлэлч Баабар энэ тухайд "УИХ байгуулагдангуутаа л татвар нэмсэнээр архины улсын хяналт шууд 10 хувиар буурч найрка гараад ирдэг. Ийм статистик дуулсан уу” гэжээ. Мөн тэрээр иргэд, аж ахуйн нэгжүүдийн ачааг хүндрүүлж, татвар нэмэх тухай Засгийн газрын саналын талаар "Татварын хүрээг нэмж төсвийн орлогоо нэмэгдүүл. Хувийг нь нэмчихээр орлого багасдаг. Адгийн тэнэг төрөөс ухаантай” гэж жиргэсэн нь үнэнийг хөнджээ. 

 Татвар нэмсэнээр эрх баригчид далд эдийн засгийг цэцэглүүлсэн алдаагаа дахин давтах гэж байна. Одоо мөрдөгдөж буй татвар, нийгмийн даатгалын шимтгэл аж ахуйн нэгж, иргэдэд ямар хэмжээний дарамж учруулж, үүнээс үүссэн ямар олон хүндрэлүүд бий болсныг санах хэрэгтэй.


Алддаггүй хүн гэж байдаггүй. Харин нэг алдаагаа хоёр удаа гаргавал тэр тэнэг хүний шинж гэдэг дээ. Татвар нэмсэнээр эрх баригчид далд эдийн засгийг цэцэглүүлсэн алдаагаа дахин давтах гэж байна. Одоо мөрдөгдөж буй татвар, нийгмийн даатгалын шимтгэл аж ахуйн нэгж, иргэдэд ямар хэмжээний дарамж учруулж, үүнээс үүссэн ямар олон хүндрэлүүд бий болсныг санах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд зарим аж ахуйн нэгжүүд ажилчдынхаа НДШ-ийг төлөөгүй гэх үндэслэлээр шүүхийн хаалга татаж, торгууль төлсөн. Үүнээс сүйхээлж ихэнх нь хоёр данс хөтөлсөн. Ингэж л далд эдийн засаг бий болж, УИХ-аас энэ алдааг засахын тулд Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хууль гэгчийг баталж байсан билээ. Уг хууль хэрэгжсэнээр 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болсон нь бас л саяхны хэрэг явдал шүү дээ. 

 

Татварын орлого бүрдэхгүй байгаа нь аж ахуйн нэгжүүдийн борлуулалт буурсантай холбоо­той болохоос биш татварын хувь хэмжээ бага байгаатай учир холбогдолгүй. Үүнийг энэ удаагийн төр засаг олж харахгүй байгаа нь хачин. 25 хувь болгож өсгөх Хүн амын орлогын албан татварыг зөвхөн 2.5 саяас дээш орлоготой иргэд л төлнө гэдгээр энэхүү шийдвэрээ хаацайлж буй. Уг нь ямар ч татвар хүн бүрт тэгш үйлчлэх ёстой. Нөгөөтэйгүүр, татварын хувь хэмжээг бууруулж, татвар төлөгчдийнхөө хүрээг тэлэх нь нэмсэнээсээ илүү орлого төвлөрүүлж ч болох талтай. Өөрөөр хэлбэл, татварын дарамт багасах юм бол иргэн бүр, аж ахуйн нэгж бүр татвараа дуртайя төлөх болно. Тэр хэрээр татварын бааз суурь бий болж, аж ахуйн нэгжүүд томорч, улмаар татвараар бүрдэх орлого өсөн нэмэгдэж таарна. 

 

 

Үнээгээ шууд алаад идэх үү, тэжээж тэтгээд сүү саалийг нь нэмэгдүүлэх үү л гэдэг энгийн томъёо шүү дээ.  Өндөр татвар оногдуулж, иргэд, аж ахуйн нэгжүүдээ улам л сөхрүүлэн мөлхүүлэх зам руу тууж байгаа өнөөгийн эрх баригчдын бодлого бол үнэндээ үнээгээ шууд алж идэх сонголт мэт харалган, бүдүүлэг арга гэж эдийн засагчид дүгнэж байна. Саалийн үнээнээс их сүү авахын тулд саваа томруулаад ямар ч нэмэргүй. Сүү савнаас биш, үнээнээс гардаг болохоор тэр. Түүнтэй адил тэртэй тэргүй хямарч, орлого нь эрс багассан иргэд, аж ахуйн нэгжүүддээ "Илүү ихийг төл” гэж хэлэхэд их л тэнэг эр зориг хэрэгтэй дээ, эрх баригчид минь.  

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen