Б.Батзориг нарын хэрэг прокурорын эсэргүүцэлтэй тулгарлаа

Эрх мэдэл, албан тушаалаа ашиглан ЖДҮХС-гаас их хэмжээний зээл авсан хэрэгт ХХААХҮ-ийн сайд, УИХ-ын гишүүн Б.Батзориг тэргүүтэй долоон хүнийг яллагдагчаар татсан.

Тэд гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, эрүүгийн хэргийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн зөвшөөрч, хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцаагаад байгаа.

Тэднийг буруутгаж байгаа зүйл заалт нь Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх. Өөрөөр хэлбэл, тэднийг 10-40 сая төгрөгөөр торгох, эсвэл 2-8 жилээр хорих заалттай.

Харин эрүүгийн хэргийн хялбаршуулсан журмаар шийдсэнээр тэд прокурортой ял наймаалцана гэсэн үг. Тодруулбал, торгууль, оноох ялын хэмжээг прокурортой тохиролцоно. Хэрэв тохиролцож чадахгүй бол хялбаршуулсан журмаар шийдэхээ больж, ердийн байдлаар хэргийг шийднэ.

Хялбаршуулсан журмаар шийдэхийн тулд хэд хэдэн шаардлага хангасан байх ёстой. Үүнд, гэм буруугаа хүлээн зөвшөөрөх, хохирлоо нөхөн төлсөн, эсвэл нөхөн төлөхөө илэрхийлсэн байх, хохирогчтой эвлэрсэн байх.

Б.Батзориг тэргүүтэй хүмүүсийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрчихсөн. Харин хохирлоо нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн эсэх, хохирлыг хэрхэн тооцох нь тодорхойгүй байгаа.

Хуульчид хэрэгт холбогдогч нар хохирлыг барагдуулах нэрээр ам таглаад өнгөрөх вий гэх болгоомжлол байсан. Мөн хохирогчтой эвлэрэх гэсэн нөхцөлд чухам хэнтэй эвлэрэх нь тодорхойгүй байгаа юм. Учир нь энэ хэргийн хохирогч нь ЖДҮХС-гаас зохих журмын дагуу зээл авах ёстой байсан энгийн үйлдвэрлэгч нар. Тэдний хохирлыг энэ долоон хүн барагдуулах уу гэдэг нь эргэлзээ дагуулж байна.

Тэгвэл прокурорын байгууллагаас дээрх хэрэгт эсэргүүцэл бичжээ. Энэ нь прокурор ял наймаалцахаас татгалзсан гэсэн үг. Ингэснээр энэ хэргийг эрүүгийн хэргийн хялбаршуулсан журмаар шийдэхгүй, ердийн байдлаар шийдэхээр болж байгаа юм.

Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ, ҮНДЭСНИЙ ШУУДАН

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen