“Хонгил”-ын эзэн Н.Алтанхуягийнхан гурил будаа тарааж явна гэв үү

Шударга ёсны төлөө гэх мэтээр хэлж буй зүйлдээ хачир нэмэрлэн яригч болгон шударга зарчим дээр хатуу зогсож чаддаггүйг сүүлийн жилүүдэд жирийн иргэд бид хангалттай харж байна. Шулуухан хэлэхэд өнөөгийн улс төрийн бохир орчинд амь зууж яваа олигархиуд голцуу “шударга”-ын баг нүүрэндээ угалчихаад тийнхүү том дуугарах нь нэг талаар их инээдтэй, нөгөөтэйгүүр тун эмгэнэлтэй хэрэг. Ийм хүмүүсийн нэг нь Ерөнхий сайд асан  Н.Алтанхуяг гэвэл маргах хүн байхгүй болов уу. Тиймээс түүнийг шударга бусын хонгилын жинхэнэ эзэн гэх шүүмжлэл ч сүүлийн үед хүчтэй өрнөж байна.

Н.Алтанхуягийн удирдсан Засгийн газар урьд өмнөх болоод хойшхи засгийнхнаасаа хамгийн “баян” нь байлаа. Урьдчилсан тооцоо, бодит төлөвлөлтгүйгээр  оруулж ирсэн “Чингис”, “Самурай” бондын мөнгөөр ёстой хахтал цалгиж, гулигсансан. Үүнийх нь горыг монголчууд одоо болтол амссаар, дааж давахын аргагүй ачаа үүрч явна. Тэдгээр бондын өр 2021 оноос бүрэн төлөгдөх учиртай. Гэвч яаж төлөх эсэх нь одоогоор тун бүрхэг.  Бусад бондуудын өр, зээл нь ч улам нэмэгдэж, өнөөдөр нийт өрийн тулам 27.9 тэрбум доллар болчихоод байгаа юм.

Н.Алтанхуягийн үед Хөгжлийн банкаар дамжуулж тараасан бондын мөнгөтэй холбоотой хэргүүд эцэслэн шийдэгдээгүй л байна.  Тэрээр бондын мөнгөнөөс өөрийн найз О.Цогтгэрэлийн үүсгэн байгуулсан “ТЭСО” компанид сүүний үйлдвэр барих нэрээр таван тэрбум төгрөг өгсөн нь бүрэн төлөгдөөгүй байх жишээтэй. Энэ мөнгө мэдээж сонгуульд цацагдсан нь тодорхой бөгөөд өнгөрсөн сонгуулиар О.Цогтгэрэл нь одоогийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай  өрсөлдөөд унасныг хүмүүс санаж байгаа байх. За, тэгээд бас Дэнзэн хүргэнийх нь хэрэг мэтээс өгсүүлээд тоочоод байвал Н.Алтанхуягийн балаг мундахгүй их шүү дээ.

Хамгийн сүүлийн жишээ гэвэл саяхнаас “ТЭСО” компаниас нь иргэдэд гурил будаа үнэгүй тарааж эхэлсэн гэнэ. Ухаандаа шударга бусын хонгил хэмээн сүрхий шударга хүний дүр эсгэдэг Н.Алтанхуяг болон түүний найзууд ирэх сонгуулийнхаа бэлтгэлийг базаахаар өглөгч царай гарган “буянтан” болж буй нь энэ бололтой.     

Н.Алтанхуяг тухайн цагтаа АН-ыг толгойлж, Ерөнхий сайд болоод мандаж явахдаа ямархуу туйлбаргүй, нэг хүний захиргаадалтын дэглэмийг шүтэгч, иймэрхүү дэглэм тогтоох гэж оролдогчдын тэргүүн эгнээнд явж байсан гэвэл бас хэтрүүлэл болохгүй л дээ. Намын гишүүд нь ротацийн сонгууль явуулах, их хурлаа хуралдуулж намын доторх эмх замбараагүй явдал, удирдлагын арга барилын ялзрал, ганц хүний хэмжээгүй эрх мэдэл ноёлж, ардчиллын наад захын хэм хэмжээ зөрчигдөж буйг тэр үед хатуу шүүмжилж, удаа дараа шаардлага хүргүүлж байлаа. Гэвч мань хүн алийг нь ч хүлээж аваагүй бөгөөд ийм мугуйд араншин нь тус намын хуваагдмал байдлыг улам гааруулсан гэж зарим судлаач, ажиглагчид үздэг юм билээ.  Түүний намын нөхдөө хууран мэхлэхийг оролдсон нэг ноцтой асуудал гэвэл АН-ын дарга, Ерөнхий сайд байхдаа МАХН-ын дарга Н.Энхбаяртай нууц гэрээ байгуулсан нь ил болж хөгөө чирж байлаа. Тиймээс намынхан нь мань эрд маш дургүй болсон тул Х.Баттулга Ерөнхийлөгчийн Зөвлөх хийж хэсэг үзээд, тэндээ мөн ялгаагүй ад үзэгдсээр Ж.Батзандан, Л.Болд нарын байгуулсан шинэ нам руу зүглэсэн юм. Ингээд хашир одоо ирэх сонгуулиар төрд дахин авирч үзэх санаатай тийнхүү найзуудтайгаа гурил, будаа, ургамлын тос гэх мэт юухан хээхнийг айлуудад тарааж яваа юм шиг байна, чаавас.

О.Баяр

Шуурхай.мн

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen