Мангуу шийдвэрүүд

Сонгуулийн гоёхон яриа, амлалт, бадрангуй дүр төрх, дайчин, эрэмгий удирдагчдын цог заль, нүүрний буянд монголчууд бид их удаан хугацаанд автаж явжээ. Ингэж улстөрч, удирдагч нарынхаа хайрын харцанд илбэдүүлж явахдаа У.Хүрэлсүхийн засаглал Монголыг мандуулна гэж бат итгээд, 62-оор нь сонгочихсон. Гэтэл тэд маань өр рүү өшиглөх мэт авирлаад эхэллээ. Цаашид ч өшиглөсөөр байх уу, өөрчлөн бүтээн байгуулах юм уу гэдгийг харах л үлдэв. Юутай ч дэлхий нийт үймж буй амаргүй цагт тэд эрх барьж байгаа нь үнэн ч өнөөдрийг болтол гаргасан шийдвэр, иргэндээ хандаж байгаа хандлага, чиглэсэн бодлого нь яагаад ч юм нэг л биш ээ. Тоочихгүй тоймлоход л өөх ч биш, булчирхай ч биш шийдлийг бидэнд санал болгосон байх юм. Хамгийн инээдэмтэй нь хоёр үзүүртэй зүү шиг шийдвэр энэ Засгийн газраас удаа дараа гарав. Мөн сар гаруйн өмнө л амлаж байсан мөрөөдлийн чиг шугамаасаа хазайж, зарчмаа зөрчөөд эхэллээ. Энэ нь хэд хэдэн яамны Төрийн нарийн бичгийн даргын томилгооноос бэлхэн харагдана.

Өөрөөр хэлбэл, улс төр дэх ураг төрлийн хэлхээ, залгамж тасрахгүй байгаад асуудлын гол нь байна. Иргэн, олон нийт ч мөн энэ мэт ил, далд тохироо, томилгоонд таатай бус хандаж эхэллээ. Тэгэхээр эрх барих эрх олгосон олон нийтийн итгэлийг эвдэх бус эвлэрүүлэх тактик баривал, энэ Засгийн газарт ирээдүйн арван жилээ даатгах ард түмний улс төрийн өнгө ялгараад эхэлсэн. Гэвч ямбаа хэтрүүлдэг муухай монгол хүний араншингаар төрийн жолоог гартаа атгасан даруйдаа халаасны хүмүүсээ төрийн чухал албан тушаалд томилдог муйхар арга барилаа энэ удаад ч гээсэнгүй ээ. Цаашид хэний хүү дарга болж, хэний охин улстөрийн карьераа Саарал ордноос эхлүүлэхийг таашгүй.

ТАХЛЫН ҮЕИЙН ГЭНЭТИЙН БЭЛЭГ БУЮУ ИРГЭНДЭЭ ТАЛ ЗАСАХУЙ

Монголд л ойлгож, дагаж мөрдөх боломжтой шийдвэрүүд цар тахлын үед ар араасаа гарсаар л байна. Мэдээж дэлхийн их гүрнүүдийг сөхрүүлж буй корона вирусийг монголчууд дотооддоо алдаагүй, тээвэрлэгдэж ирсэн вирусийг эдгээж байгаа нь УОК болон эмч, эмнэлгийн ажилтнуудыг магтах хамгийн том шалтгаан мөн. Үүнтэй маргах хүн гарахгүй. Гэхдээ иргэнээ тусгаарлах, транзит онгоцоор тээвэрлэ, гадаадад гацсан монголчуудаа эх оронд нь авчрах, хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотой Засгийн газар, УОК, салбарын яамнаас гаргаж буй шийдлүүд нь нүд бүлтийлгэж, чих дэлдийлгэж байна. 

Цар тахлын идэвхжил есдүгээр сарын 1-нээс буурч байгаа юм уу, Боловсролын сайд аа. Буурах буурахдаа хүүхдүүд танхимаар хичээллэх гурван өдөрт нь халдвар авах эрсдэлгүй гэх хачирхалтай судалгаа гарав уу. 
Хичээлийг танхим болон цахим хэлбэрээр хослуулан явуулна гэж буй нь иргэддээ тал алдахгүй гэсэн нүд хуурсан шийдвэр боллоо гэдгийг зориуд тэмдэглэе. Тэр тусмаа эцэг эх хоёр нь эрхэлсэн ажилтай хүүхдүүдэд хараа хяналтаас гадуур үлдэх, хэн нэгний асаргаа халамж шаардах, сургуульд нь хүргэж өгөх, авахад тун ч бэрхшээлтэй нөхцөл үүсэж болохуйц шийдвэр боллоо.

Эхэндээ бид эх орондоо эрүүл саруул ирж буйдаа баярла, манайхан давруу, хийрхүү улс даа. Онгоц онгоцоор л иргэдээ авчираад, эмчлээд байх юм. Хэцүү цагт нутгаа зорих эх оронтой шүү дээ, бид. Хөөрхий, онцгой нөхцөлд шийдвэр гаргаж байгаа дарга нар маань хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ дээ, овоо доо, урлаг соёлынхон, малчид, иргэд маань эрвийх дэрвийхээрээ хандив тусламж өгч байна даа гэх мэтээр баярлан хөөрч, магтан сайшаадаг байлаа. Гэтэл загасны мах заагтай ажээ. Нэг сувгаар авч байсан мэдээллийн ард иргэний эрх ашиг, монгол хүний үнэ цэнийг хөсөр орхигдуулснаа тас нуучихсан байж. Алив нэг бусармаг үйл ажиллагаа илчлэгдэхэд амархан болчихсон цахим нийгэмд иргэн бүр бурууд нүд хурц болсон.

Тэд тусгаарлах байрны хүрэлцээ хангамж, тав тух, хоол хүнсний амт чанар, наад захын эрх үүргийн талаарх зөрчил хаана байгааг ээлж дарааллан илчилцгээв. Угтаа бол ганц нэгхэн хүн тусгаарлалтын горимын үед гоншигоновол, “Манайхны ямаан зан хэрээс хэтрэх нь дээ” хэмээн ам амандаа шүүмжлээд өнгөрч болмоор. Гэвч нөхцөл байдал бидний төсөөллөөс хальж, ГХЯ-наас гаргасан таван шаардлагад нийцэж ирсэн хүндэтгэх шалтгаантай иргэд өлсөх нь өлсөж, дэглэм алдагдах нь алдагдаж, адлагдах нь адлагдаж байна. Ийм байж болох уу. Тэд чинь аюулаас зугатаж, мөнгөө төлсөн, үйлчилгээ захиалагчид юм шүү дээ, уг нь. Бид хэдий болтол зовлон ярьж, тарчигхан боломж ярих вэ.

Дансалж, гувчуулж, хөдлөшгүй хөрөнгө болгож, наймаалцаж, оффшорлож, уул уулаар нь бусдад зарж, нутаг нутгаар нь хуваагаад сорчлохдоо бид гарамгай улс. 6000 иргэн бүү хэл, 600 мянган иргэнээ авчраад, зочид буудал болгонд оруулчих хэмжээний хөрөнгө бидэнд байх ёстой. Гэтэл эрх мэдэлтнүүд маань иргэндээ сумын Засаг даргаас ч дор нөхцөл ярьж, бэрхшээл тооцсоор өнөөдрийг хүрлээ. Өгсөн хүн үйлчилгээгээ нэхэх нь гарцаагүй. Гэтэл мөнгийг нь авчихаад авдрыг нь мухарт шидчихдэг байж болмооргүй. 

ЭНЭ ЯМАР УЧИРТАЙ ШИЙДВЭР ВЭ

Наанаа нандин хээтэй, цаанаа чамин хээтэй...гэх магтаал, гуншин бий. Яг үүн шиг шийдвэрийн нэг нь 2020-2021 оны хичээлийн шинэ жилийг угтсан УОК, Засгийн газрын шийдвэр. Тодруулбал, наймдугаар сарын 31-ийг дуустал өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгасан хэрнээ яг маргааш нь буюу есдүгээр сарын 1-нд хүүхдүүдээ хичээлд нь оруулчихаж байгаа юм. Энэ ямар учиртай шийдвэр вэ. Цар тахлын идэвхжил есдүгээр сарын 1-нээс буурч байгаа юм уу, Боловсролын сайд аа. Буурах буурахдаа хүүхдүүд танхимаар хичээллэх гурван өдөрт нь халдвар авах эрсдэлгүй гэх хачирхалтай судалгаа гарав уу. 

Хичээлийг танхим болон цахим хэлбэрээр хослуулан явуулна гэж буй нь иргэддээ тал алдахгүй гэсэн нүд хуурсан шийдвэр боллоо гэдгийг зориуд тэмдэглэе. Тэр тусмаа эцэг, эх хоёр нь эрхэлсэн ажилтай хүүхдүүдэд хараа хяналтаас гадуур үлдэх, хэн нэгний асаргаа халамж шаардах, сургуульд нь хүргэж өгөх, авахад тун ч бэрхшээлтэй нөхцөл үүсэж болохуйц шийдвэр боллоо. Энэ бүхнийг хойш нь тавиад, цар тахлын аюулын өөдөөс бяцхан үрсээ бамбай мэт барьж буй мэт ухвар мөчид, мангуу шийдвэр гаргачихлаа. Бага ангийн сурагчид бол хамгийн дэггүй, тэр бүр удаан суугаад байж чаддаггүй. Гэтэл нийтээр нь хоморголон аз турших нь гал дундуур нүцгэн гүй гэсэнтэй л ялгаагүй шийдэл байлаа. Цагаан сар, Улсын баяраа хийгээгүй байж, бяцхан үрсээ бөөн бөөнөөр нь сургуульд нь оруулж буй энэ шийдвэрээс олон эцэг эх айж байна. 

Гэтэл боловсролын салбарт технологийн шинэчлэлийг ашигласан, цахим орчныг зохистой нэвтрүүлсэн ажил өнөөдрийг болтол нэвтрсэнгүй. Өндөр хөгжилтэй орнуудын хувьд онлайн сургалтын арга барилыг нэвтэрүүлээд, хүүхдүүд гэртээ онлайн сургалтын платформууд болон аппликэйшныг ашиглаад эхэлчихлээ. Эдгээр хүүхдийн хувьд сорилт, шинэлэг зүйл биш бол манай нөхцөлд онлайнаар хичээллэх боломж хомс наад зах нь айл бүрд интернет, компьютер байхгүй зэрэг асуудал яригдаж байгаа нь ядуу орны ядуу иргэний бэрхшээл. Тиймээс дэлхийтэй хөл нийлүүлж алхахын тулд, гэнэтийн үйл явдалд бэлтгэлтэй байх, боловсролыг тэгш олгохын тулд технологитой хосолсон сургалтын арга барилуудыг нэвтрүүлээч ээ, боловсролын салбарынхаан. 

ЭХ СУРВАЛЖ: М.МӨНХ, Npost.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen