Хууль бүдгэрч, хийрхэл тодордгийг зогсооно

Хаврын чуулганаас гишүүд хурууны хээгээр саналаа өгч, хуралдаанаа тасалдуулвал цалингаасаа хасуулах зохицуултыг хийхээр УИХ-ын ажлын хэсэг ажиллаж байна.

 

УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдааныг товлосон цаг нь эхлүүлэх, хуралдуулах, хуул, тогтоолын төслийн хэлэлцүүлэгтэй холбоотой санал хураалт явуулах үед гишүүдийн ирцийг бүрдүүлэх нь тулгамдсан асуудал болсоор ирсэн. Гишүүд ирцээ бүртгүүлээд, хуралдааны дундуур гарч явдгаас санал хураалтын үед бусад нь “ажиллаж”, өөрсдийн  талд “эзэнгүй” нэгнийхээ кнопыг дарах, захиас авч үлдэх гээд УИХ-ын дэгээр зохицуулагдаагүй үйлдэл ердийн үзэгдэл болтлоо үргэлжилж ирсэн билээ. Тухайлбал, 2012-2016 оны парламентын гишүүдийн тасалсан цаг нийт 10 мянга-д хүрч байсан судалгаа байна. Энэ парламентын тухайд өнгөрсөн намрын чуулганаар нэр бүхий гишүүд М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулахыг шаардаж, 40 гаруй хоног ирц бүрдүүлэхгүйгээр төрийг гацаасан түүхтэй.

 

Харин УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачлагаар УИХ-ын дэгийн хуулийн хэрэгжилт, бусад орны туршлага, шинэлчлэлийн асуудлаар Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгууллаа.  УИХ-ын дарга Г.Занданшатар “Хууль тогтоох байгууллага асуудлыг шийдвэрлэж, хууль тогтоож байгаа ч УИХ-ын гишүүдийн ёсзүй, ирцийн асуудал нийгэмд анхаарал татсан асуудал болоод байна. Хариуцлага, дэг журмыг УИХ-ын дээд байгууллагаасаа эхлэн тогтоох ёстой Парламентат засаглалын нэр хүндийг бид сайжруулах ёстой. Парламентын мэтгэлцээн ард түмний хүсэл зорилгыг биелүүлсэн, баримтад тулгуурласан, онолын болон шинжлэх ухаанд тулгуурласан байх ёстой. Гаргасан хууль нь бодитой хэрэгждэг, хянан шалгах үйл ажиллагааг сайтар хийснээр парламентын нэр хүнд дээшилнэ. УИХ-ын хаврын чуулганаас эхлээд хурууны хээгээр гишүүд саналаа өгч хууль хэрэгжүүлдэг болно. Хүний өмнөөс кноп дарах асуудал байхгүй болж, цэгцэрнэ. УИХ танхим популизмын талбар, хэрүүлийн танхим байх ёсгүй. Жинхэнэ ард иргэдийнхээ хүсэл зоригийг илэрхийлдэг танхим болно” гэдгийг онцолсон юм.

 

УИХ-ын дэгийн тухай хуулийг 2007 онд баталснаас хойш 21 удаа өөрчлөлт оржээ. Харин энэ хаврын чуулганаас УИХ-ын гишүүд ирцээ бүртгүүлэх, саналаа өгөх, үг хэлэхдээ хурууны хээгээр бүртгүүлж эрхээ авч байх хуулийн зохицуулалт хийх гэнэ. Хэрвээ гишүүн хүндэтгэх шалтгаангүйгээр хуралдаандаа оролцохгүй бол цалингаас нь хасах өөрчлөлтийг оруулж байгаа аж.

 

Өнөөдрийн үйлчилж байгаа хуулиар гишүүн хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудалтай холбоогүй асуудлаар үг хэлэхийг хориотой. Мөн УИХ-ын гишүүний асуултад хариулж байгаа албан тушаалтан үнэн зөв мэдээлэл өгөх бөгөөд худлаа мэдээлэл өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэх заалттай. Дэгийн хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэх үүргийг хуралдаан даргалагч хүлээдэг.  Тиймээс хуралдаан даргалагч өөрт оногдсон эрхээ хэрэгжүүлж, гишүүдээс хариуцлага, ёсзүйтэй байхыг сануулж, шаардах асуудал дутагдалтай байгааг ажиглагчид шүүмжилдэг. 

 

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт “Бидэнд ард түмнээсээ илүү ихийг үүрэг ачаа байх ёстойгоос илүү их эрх мэдэл, хамгаалалт байх ёсгүй. УИХ-ын гишүүн илүү эрх дархтай гэдэг ойлголт олон нийтэд ч, гишүүдэд ч суусан байдаг. Тиймээс илүү их ачаа үүрэх ёстой. Зарим гишүүд УИХ-ыг популзмын талбар, хэрүүлийн тайз болгон хувиргаж байгаа. Хөгжил дэвшил, бодлого шийд ярьдаг нь бүдгэрч, хөөрцөглөн хийрхэж, хөөргөж, дарцагласан гишүүд нь тодордог болчихоод байгаа. Тиймээс ч гишүүд үүний төлөө уралдаж байна. Жирийн иргэд, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн бусдыг гүтгэсэн буруутай үйлдэлдээ Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээж, мөнгөн торгуулиар торгуульдаг. Гэтэл гишүүд олон түмний нүдэн дээр бусдыг гүтгэснийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой. Хууль тэгш үйлчлэх ёстой. Хэрүүл, хийрхэл, хэгжүүрхэл гурав УИХ-ыг гутааж байна. Бид энэ бүхнийг засч байж хөгжинө” гэж байлаа. Тиймээс ч УИХ-ын дэгийн хуульд өөрчлөлт оруулахдаа олон улсын парламентын туршлагаас судалж, тусгахаар ажиллаж байгаа аж.

 

УИХ-ын хэлэлцэж байгаа асуудалд нам, эвлийн бүлэг бодлогын байр сууриа хэлэлцүүлэх, баталсан хуулиндаа дүн шинжилгээ хийдэг байх зохицуулалтыг хийх юм. Парламентад суудалтай  намууд сонгогдсон гишүүдийнхээ тоогоор санхүүжилт олгодог. Тиймээс гишүүдийн хандлагыг өөрчилж, бүтээлч болгох, хариуцлагыг дээшлүүлэх үүднээс улс төрийн намын санхүүжилтийг хасах хүртэл хариуцлага тооцох санал ч гарч байлаа.

 

Өнөөдрийн үйлчилж байгаа дэгээр чуулган, байнгын хорооны хуралдааны хэлэлцэх асуудалтай холбоотой гишүүд горимын санал гаргадаг. Уг нь УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, тухайн долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталдаг ч гишүүд хуулийн төслийг хэлэлцүүлэх санал гаргах эрх нь нээлттэй. Харин энэ удаагийн дэгийн өөрчлөлтөөс гишүүдээс хэлэлцэх асуудалтай холбоотой санал авдгийг болиулах асуудал яригдаж байна. Цаашлаад  албан тушаалтан томилох чөлөөлөхтэй холбоотой гишүүн бүр санал хэлдгийг хасах нь зүйтэй гэж үзэх хэсэг байна. Ийнхүү ирэх хаврын чуулганаар гишүүдийн хариуцлага, ёс зүйг өндөрсгөсөн шинэ дэгийн зохицуулалт хийгдэх нь.

 

Тиймээс УИХ баталсан хуулиа хэр хэрэгжүүлэхийг харцгаая. 

Н.Энхлэн

SHUUD.MN

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen