М.ЭНХБОЛДЫГ ОГЦРУУЛАХ ГЭЖ ЯВАА “АРИУН” ЖИДҮҮЧИД

Жидүүчид АН-ын зарим ахан дүүстэйгээ хамтран Сүхийн талбайд өнөөдөр жагсаал цуглаан дэглэв. Ингэхдээ “МАНАН дэглэмийг түлхэн унагая” хэмээн уриалах нь тун чиг сүртэй. МАНАН1-ийн эсрэг МАНАН2 ажиллагаа гэж харагдах МАН, АН-ын харьяалалтай УИХ-ын 5 гишүүн жаран тэрбумын толгойлогч хэмээн үзэж буй М.Энхболдыг УИХ-ын даргын албан тушаалаас огцрохыг шаардаж байна.

Энэ өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай байсан боловч мөн л ирц хүрсэнгүй тул хүрэлцэн ирсэн 32 гишүүн тэгсгээд тарлаа. Энэ нь УИХ-ын 14 гишүүн ЖДҮС-тай холбогдсон дуулиан дэгдэж, Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцсэнээс хойших богино хугацаанд Монгол Улсын хууль тогтоох байгууллага долоо дахь удаагаа ирцгүйгээс хуралдаж чадахгүй гацаад байна гэсэн үг.

МАНАН дэглэмийг түлхэн унагах жагсаалд 30 гаруй мянган иргэн цугласан гэж зохион байгуулагчид зарласан боловч том, жижиг жагсаал цуглааныг газар дээрээс нь сурвалжилж, талбай дүүргэлтээр тоон баримжаатай болсон хэвлэлийнхний хэлж байгаагаар, 10 мянга орчим хүн оролцсон нь үнэн. Энэ бол өсгөж зарлахын хэрэггүй маш том тоо. Тэдний дунд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн толгойлж байсан МАН-ын дэргэдэх төрийн бус байгууллагын залуус болон Ерөнхийлөгч Х.Баттулгыг дэмжигч Босоо хөх, Нэхүүл зэрэг 15 хөдөлгөөний идэвхтэн гишүүд хуран чуулжээ.

Хашгичиж байгаа хүн бүр шударга үнэний дуу хоолой биш гэдгийг хариуцлага, сахилга бат, хуульт ёсоор ангаж цангасан монголчууд андахгүй болсон. Харин ч жинхэнэ хулгайч бантахдаа л “Хулгайчийг бариарай” гэж хамгийн түрүүнд хашгирдаг гэдэг. Жагсаалын гол дүрүүд болон “гялалзаад” буй УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нарт УИХ-ын дарга М.Энхболдыг чуулганы танхимд огцруулах бүрэн боломж бий. Тэд 40-үүлээ нэгдсэн байтлаа ямар учраас дэглэмийг түлхэн унагая гэхчлэн улстөржиж сүржигнэсэн жагсаал зохион байгуулж байгаа нь энэ удаад ЖДҮС-гийн дуулианы галыг М.Энхболдоор унтраах шийдэл гэж харагдахаас өөр ямар ч тайлбар алга.

Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшээд ялагдсанаас хойших сүүлийн нэг жил гаруйн хугацаанд УИХ-ын дарга М.Энхболдын нэр хүнд байж болох хамгийн хурдацтайгаар унаж байна. Үүнд сонгуулийн үеэр Х.Баттулгын багийн зүгээс явуулсан сурталчилгаа, тухайлбал, 60 тэрбумын бичлэг, түүний ээжийг Хятадын эрлийз хэмээн зарласан зэрэг сөрөг мэдээллүүдийн инерц мэдээж нөлөөлж байгаа. Түүнээс гадна МАН-ын дотоод зөрчил хурцадсанаар У.Хүрэлсүхийн талыг баримтлагсдын зүгээс М.Энхболдын эсрэг олон нийтэд нөлөөлөх үйл ажиллагаа улам бүр эрчимжиж, өнгөрсөн 28 жилийн хугацаанд МАХН, МАН-д харьяалагдах бүхий л гэм зэмийг түүнд оноон цээрлүүлбэл зохих мэт төөрөгдлийг нийгэмд төрүүлж байна.

Шударга ёсоор цангасан ард түмний аманд хаях томоохон золиосоор нэр хүнд нь унаад буй М.Энхболд сонгогдлоо. Үүнд хөөрсөн түмэн жидүүчдийг мартан баясна гэж Л.Оюун-Эрдэнэ нарын 5 гишүүн буюу МАНАН2 хөдөлгөөнийхөн итгэлтэй байна.

http://seruuleg.mn/6270?fbclid=IwAR3em8aQsAaJQvnzrvQamjtvWWeGwxkZHLxborabBQZsGfo1-9bEo7btDmY

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen