“Женко” Х.Баттулга улс төрөөс “арчигдав” уу?

“Женко” Х.Баттулга улс төрөөс “арчигдав” уу?

 

Цагтаа АН-ынхаа туг нь болж явсан "Женко” Х.Баттулга УИХ-ын сонгуулиар ялагдал хүлээснээс  хойш сураг чимээ алдрав.

Одоо түүнтэй холбоотой Тавантолгойн төмөр замын санхүүжилтийн хэргийнх нь талаар хааяа хэвлэлээр л сөхөгддөг болж.

Сая Ардчилсан нам VI их хурлаа хуралдуулан, намын даргаа сунгаагаар сонгохоор шийдвэрлэсэн. Намын даргад нэр дэвшигчид 240 сая төгрөг намдаа хандивласнаар энэхүү сунгаанд өрсөлдөх эрхтэй болсон юм.

Намын даргын сонгуульд "Алтангадас” фракциас Н.Алтанхуяг, "Шонхор”-оос С.Эрдэнэ, Ж.Батзандан, МҮДН-ээс Д.Эрдэнэбат, "Нэг ардчилал”-аас Л.Гантөмөр нарын таван нэр дэвшигч өрсөлдөж, С.Эрдэнэ намынхаа тамгыг атгахаар боллоо. Уг нь Х.Баттулга намын даргын сунгаанд эртнээс яригдаж байсан ч саяын сунгаанаар түүний нэр байтугай сураг ч дуудлсангүй. "МоАХ”-ныхоо төлөөллийг намын даргад дэвшүүлсэнгүй.

Мөн УИХ-ын сонгуулиас өмнө түүний нэр намаасаа шадар сайд, цаашлаад ерөнхий сайдын суудалд яригдаж байсан. Гэтэл ретинг өндөртэй байсан  тэрбээр УИХ-ын гишүүнээс мултарснаас хойш ийн газрын гаваар орсон юм шиг улс төрөөс дайжсан нь гайхал төрүүлэхэд хүргээд байгаа юм. Х.Баттулга, Н.Алтанхуяг лидерүүдийн хувьд хууль шүүхийн байгууллагаар шалгагдаж байгаа, ерөнхийлөгчтэй харилцаа эрс муудсан гэдэг. Тэгвэл "Женко”-г улс төрийн шахаанаас болж, мөн төмөр замын санхүүжилтийн хэрэгтээ ороогдоод "амаа хумхив” уу хэмээн хардах хүмүүс цөөнгүй байна.

Төмөр замын салбарт эзэн суусан гэгддэг Х.Баттулга УИХ-ын гишүүнээс мултарсан болохоос хуулийн хариуцлагаас зугтах учиргүй. 

Одоогоос хоёр жилийн өмнө түүнийг шалгах хангалттай баримт цугларсан гэж ойлгогдохоор зүйлийг хууль хяналтын ярьж байсан ч яван явсаар өнөөдөр энэ асуудал таг чиг болчихсон нь анхаарахгүй өнгөрч боломгүй сэдэв мөнөөс мөн.

Тэгвэл  Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрх шилжүүлэх гэрээ нэрийн дор БНСУ-ын "Самсунг Си Ти” компанид тендергүй олгосон, "Шинэ төмөр зам”-ын бүтээн байгуулалтын төсөлд албан тушаалаа хэтрүүлэн улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн  асан Х.Баттулга, Улсын их хурлын даргын зөвлөх  асан А.Гансүх, МТЗ компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батзаяа нарын хэргийн нэмэлт мөрдөн байцаалт дуусч, шүүхэд шилжихэд бэлэн болоод байгаа гэх мэдээлэл байна.

Хэрэгт холбоотой БНСУ-ын иргэн, "Самсунг Си энд Ти” хэмээх хуурамч компанийн захирлаар ажилладаг Ли Жонг Ёлыг яллагдагчаар татаж, цагдан хорих хугацааг нь сунгаж, бусад холбогдогчид бүгд батлан даалтад гараад байгаа юм. Тэгвэл Ли Жонг Ёлыг цагдан хорих хугацаа энэ сарын 20-нд дуусах ба үргэлжлүүлэн хорих эсхүл батлан даалтад гаргахыг шийдэх шүүх хурал Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох аж.

Түүнчлэн Х.Баттулга, А.Гансүх нарыг гадагш зорчих эрхийг нь хасч, шаардлагатай тохиолдолд прокурорын байгууллагаас хилийн хоригоо түр цуцлуулан явах боломж олгоод байгаа гэдгийг хуулийнхан хэлж байгаа.

Намдаа эзлэх байр суурь, нэр нөлөө, фракцийн хүч, улс төрчийн туршлага зэргээрээ намынхаа туг нь болж явсан "Женко” Х.Баттулга юуны учир таг болов.  Амаа үдүүлж улс төрөөс "арчигдав” уу, эсвэл зодог тайлав уу.  Ямартай ч усанд хаясан чулуу шиг алга болсон түүнийг шүүхийн хаалгаар эргэлдэж байгааг эх сурвалжууд хэлж байна.

Эх сурвалж: Bolod.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen