Хулгайд алдагдаж байсан гайхмаар 10 зүйл

Урт гартуудын нүдэнд заримдаа асар үнэтэй, заримдаа бүр хачирхалтай гэмээр зүйлс туссан байдгийг дараах 10 жишээгээр харуулъя.


10

3,5 сая ам.долларын үнэтэй хийл

Страдивариусын хийлүүд дэлхий дээрх хамгийн үнэтэй хөгжмийн зэмсгүүдийг тэргүүлдэг. 1995 онд “Давидофф Морини Страдивариус” гэх 3,5 сая ам.долларын үнэтэй хийлийг хулгайд алдсан байна. Ийм ховор, гайхамшигтай хийл дахин зарагдсан бол амархан олдох боломжтой байсан ч одоог хүртэл хэн, яах гэж авсан болох, одоо хаана байгаа нь хүртэл тодорхойгүй л байгаа. 


09

300 ширхэг траншейны таглаа

Хэдэн 10 жилийн өмнө Лос Анжелес хотын траншейны таглаанууд учир битүүлгээр алга болж эхэлжээ. Нийт 300 таглаа алга болсон бөгөөд энэ хүнд төмрийг хэнд ч мэдэгдэхгүйгээр аваад байсан явдал хэсэг хугацаанд олныг гайхшруулж байлаа. Цагдаа нар 1990 онд хэргийн учрыг олж, хаягдал төмөр худалдан авах цэгт зарж байсан этгээдүүдийг баривчилсан байна.


08

Буддын сүмийн хонх

Вашингтон хотын Буддын сүмд хулгай орж, 1.36 тонн жинтэй зэс хонх алга болжээ. Гэхдээ тухайн үед хийдэд лам нар байсан бөгөөд хэнд ч сонсогдолгүйгээр, ийм том хонхыг аваад гарсан нь гайхалтай. Хулгайчийг хэдэн жилийн дараа мөн л хаягдал төмөр худалдан авах газарт хонхоо тушаахаар ирэхэд нь баривчилсан байна. 


07

Эдвард Мункийн “Хашгираан”

“Хашгираан” бол дэлхийн хамгийн алдартай, үнэтэй зургуудын нэг. Эдварт Мунк “Хашгираан” зургаа дөрвөн өөр янзаар зурсан байдаг юм. Тус зургийг 2004 онд Норвегийн Мункийн музейгээс зэвсэгт этгээдүүд хулгайлж байсан бөгөөд хоёр жилийн дараа эргэн олджээ. Хачирхалтай нь өмнө нь 1994 онд мөн л уг зургийг хулгайлж байсан байна. Тухайн үед Лиллехаммерын өвлийн олимпийн наадам болж байсан бөгөөд зургийг арай өөр газар байрлуулсан нь хулгайчдад боломж олгосон байна. Цагдаа нар гэмт этгээдүүдийг тусгай ажиллагааны ачаар баривчилж, зургийг буцаажээ.


06

Эйнштэйний тархи E=mc2

Дэлхийн хамгийн агуу тархитай нэгэн гэгдэх Нобелийн шагналт суут ухаантан Альберт Эйнштейн Принцтон их сургуульд дотуур цус алдалтаас болж нас барсан билээ. Гэвч түүний тархийг Томас Столз Харви гэгч паталогич хулгайлж, олон хэсэгт хуваан, судалгаа хийхэд ашигласан байдаг. Хэдийгээр Эйнштейн өөрийнх нь тархийг судалгаанд ашиглаж болно гэж ярьж байсан тухай тэмдэглэл байдаг ч Столз хэний ч зөвшөөрөл аваагүй гэдэг нь сүүлд илэрчээ. 

05

Наполеоны эмзэг эрхтэн

Францын агуу удирдагч Наполеон Бонапартыг таалал төгссөний дараа задлан шинжилгээ хийсэн нэгэн эмч түүний эрхтнийг огтлон авч өөртөө дурсгал болгон хадгалжээ. Бонапартын шодой хэд хэдэн удаа худалдагдсан бөгөөд хамгийн сүүлд Нью Йорк хотын музей худалдаж авсан байдаг. 


04

Оскарын цом

Оскарын нэг цомоос илүү юу байж болох вэ? Мэдээж Оскарын олон цом шүү дээ. 2000 онд Академийн шагнал гардуулах ёслол руу хүргэгдэх ёстой байсан 55 цомыг ачаа ачих хэсгээс хулгайлжээ. Гэмт этгээдүүд тухайн газар ажилладаг байсан бөгөөд Оскарыг хар зах дээр зарахад их үнэ хүрнэ гэж бодсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.


03

Да Винчигийн “Мона Лиза”

1911 онд Луврын музейгээс дэлхийн хамгийн алдартай уран зураг болох Леонардо да Винчигийн “Мона Лиза” зураг хулгайлагдсан байна. Музейн ажилтнууд Жокондаг алга болсон гэдгийг дараах өдөр нь л мэдсэн гэдэг. Зургуудад шилэн хайрцаг хийлгэхээр хөлсөлсөн хүн музейд нууцаар үлдэж, зургийг авч зугтжээ. Зальт этгээд эцэст нь баригдаж алдарт зураг маань ч байх ёстой газраа эргэн ирсэн байна.


02

Үлэг гүрвэлийн яс

Эрик Прокопи гэх үлэг гүрвэлийн олдворын хулгайч Монголоос хэд хэдэн үлэг гүрвэлийн араг яс хулгайлсан байна. Түүнийг 2012 оны 10 дугаар сард Флорида муж дахь гэрээс нь баривчилсан байдаг. Прокопигийн хулгайлсан олдворууд дотор 70 сая жилийн настай Тарбозавр Батаар байсан гэдгийг монголчууд бид андахгүй. Монгол руу буцаасан олдворуудаар нь бид музей хүртэл байгуулчихсан шүү дээ. 


01

Empire State Building

Та зөв уншлаа. Нью Йорк хотын хамгийн алдартай барилга болох Эмпайр Стэйт барилгыг Нью Йорк Дэйли Ньюс агентлаг хулгайлсан юм. Гэхдээ мэдээж хулгайллаа гээд байшин хаа холдох билээ. Тэд маш олон тооны баримт бичиг, тамга тэмдэг, нэрсийг хуурамчаар үйлдэн барилгын эзэмшигчийг сольсон байна. Маш ухаалаг ажиллагаа байсан бөгөөд энэ нь хуулийн системд цоорхой байгааг харуулах зорилготой үйлдэл байжээ. Сонингийн газрын зүгээс зорилгодоо хүрснийхээ дараа удалгүй барилгын эзэмшлийг зүй ёсны эзэмшигчид нь шилжүүлэн өгсөн байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen