ИНЖЕНЕР БҮХНИЙГ ЧАДНА

ИНЖЕНЕР БҮХНИЙГ ЧАДНАЯ.Голованов: ЭРДЭМТДИЙН ТУХАЙ ЗУРАГЛАЛ номоос

РУДОЛЬФ ДИЗЕЛЬ

Энэ хүн бол өнөөдөр төмөр замчид, жолооч нар, далайчид хэн хүнгүй мэдэх дэлхийг дагуулсан дизель моторыг бүтээсэн билээ. “Дизель” гэж ярихад хэн ч хүний нэр хэмээн ойлгохгүй машины тухай ярьж байна гэж бодох бүлгээ. Гэтэл тийм нэртэй хүн байсан байнам. Маш их аз жаргалтай бас ч чамгүй их зовлон зүдүүр амссан хүн байжээ…

Тэрбээр 1858 оны гуравдугаар сарын 18-нд Парис хотноо мэндэлсэн бөгөөд Парисын гаменчуудаас ноорхой хувцасныхаа цэвэр нямбай байдлаар л ялгагддаг байв. Тэр төрөлх хотдоо хайртай, түүнийг сайн ч мэддэг байлаа. Номонд хатуу хавтас хийдэг аав нь түүнийг янзалсан номоо бариулан хамгийн олдомгүй хаягаар ч явуулдаг байжээ. Тэд бол өнөөдрийнх нь ажил хөдөлмөр, мараагийнх нь хоол болдог сая сая эгэл парисчуудын нэгэн адил аж төрөн суудаг байв.

Бас сайн өдрийг ч “бусдын адил” өнгөрөөж, Венсеннийн ойд очиж бусдын адил завиар зугаалан, ногоо зүлгэн дээр суун хооллодог байв. Номын хавтасчин бээр герман хүн бөгөөд түүний үр хүүхдүүд ч цөм герман хүмүүс гэдгийг хэн ч хэзээ ч дурсдаггүй байв. Гэтэл дайн эхэлж, түүнийг мэдэх болжээ. Баден болон Мак-Магон нарын мулгуу авир, зэрлэг үндэсний дээрэнгүй үзэл нийслэл хотыг хуйлран нөмрөв. Гамен герман гахай “боша” болж хувирлаа. Энэ үед Дизель дөнгөж 12 настай байсан боловч тэрхүү аюумшгийг сайн ойлгож байжээ.

Хүнийг өөрийн нь сонгон авсан бурхан тэнгэрийн нь төлөө мөрдөж хяхаж болно. Бас өөрөө шилж авсан үзэл бодлын нь төлөө мөрдөж мөшгиж болно. Гэвч хэрвээ герман төрлийг олж мэндэлсэн бол ямар ч бурхан тэнгэрт мөргөж, ямар ч удирдагч жолоодогчид тангараглаад нэмэргүй байжээ. Үүнд түүний буруу юу билээ? Хожим том болсон хойноо Франц, Герман хоёр эх оронтой гэж боддог болсон ч үнэндээ ямар ч эх орон түүнд байсангүй…

Гавр бол дүрвэгсдийн онгоц хөлхсөн, герман хэлээр аймхай, болгоомжтой ярьсан, англи цагаан эрэг бүлгээ. Хэдэн сарын дараа эцэг нь Рудольфийг өлсөж зовсон гэр бүлээ орхиод Германы Аугсбур руу ахынхдаа очин эрдэм ном сурахыг ятгажээ. Тийнхүү 13 настайгаасаа эх эцгийн материаллаг эс болохноо санаа сэтгэлийн тусламжаас хөндийрчээ. Бие даасан байдал нь түүнийг сахилга журамтай бөгөөд зожиг болгожээ. Тэрбээр ёсорхог, нягт нямбай, бүрэг, зөрүүд нэгэн бүлгээ.

Герман хүний мэриймжтэй, чанд зан улам бүр боловсрон хэвшжээ. Магад ч үгүй чухамхүү тэр ганц бие байдал нь л түүнийг техникумын тэргүүн сурагч болгон, дараа нь политехникийн сургуульд оруулж, явуулын профессорын хайр талархлыг хүлээн Мюнхен дэх техникийн дээд сургуульд уригдах болгосон байж ч мэднэ.

Мюнхенд 1878 оны хавар бүх л амьдралыг нь тодорхойлсон үйлийн үрт лекцийн 45 минут болж өнгөрч, хөргөгч сав бүтээсэн профессор Линде аугаа их Сади Карногийн дулаан динамикийн мөчлөгийн тухай ашиглаж буй дулааны 70 хувийг хүртэл ашигт ажиллагаа болгон хувиргаж болох тэрхүү гайхамшигт явцын тухай сонсон суусан Рудольф оюутныхаа дэвтрийн хуудсанд “Изотермийг амьдралд хэрэглэх боломжийг судлах” хэмээн дараа санахын тулд хурдхан тэмдэглэж авчээ.

Хожим санахын тулд бичсэн тэр хэдэн мөр нь олон жилийн хөтөлбөр, ирээдүйн амьдралынх нь утга агуулга нь болно гэдгийг мэдсэнгүй. Карногийн сэдсэн зүйл түүнийг зөн зүүд мэт салахгүй дагаж байлаа. Тэр хэдийн өөрийн машинаа сэтгэлдээ үзэж, товхимолд түүний тухай тодорхойлон бичиж, машин бүтээсний патент олж авчээ.

Тэр, шаталтын явцыг жолоодож сураад цилиндр дэх даралиыг 250 атмосфер хүргэн, усан хөргүүл хэрэглэхээс татгалзан, мотороо нүүрсний исээр ажиллуулахаар зохиов. Гэхдээ гол нь Карногийн изотермийг практик үнэн машин болгожээ. Энэ бол түүний хөтөлбөр байлаа. Гэвч хөтөлбөрийнхөө ганц заалтыг ч биелүүлсэнгүй.

Бүх юм санаснаас хэцүү байлаа. Хэвийвээр Дизель тэр үед өндөр даралт гарган авч, нүүрсний исийг шатаана гэдэг бол маш хүнд бэрх ажил гэдгийг мэдэж байсан боловч Круппаас хөрөнгө мөнгө гаргуулж, өөрийн бодлыг бусдад ойлгуулан хөдөлгөнө гэгч ямар хэцүү байх байсныг мэдсэнгүй.

Заримдаа бүр гуниг гансралд орж хайртай дуртай Вагнерийнхаа хөгжмөөр сэтгэл зогоодог байв. Эхнэртээ “…миний тухай хүмүүс юу гэж бодож буйг бүгдийг би тэсэж чадна. Гагцхүү намайг тэнэг гэж бусад хүн үзэхийг л би тэвчиж эс чадман!” гэсэн хилэнт захиа ч бичив байж. Тэглээ ч тэр ажилласаар л байлаа.

Өглөө эрт босон, үдийн хоолны дараа ялимгүй амсхийж, өдрийг борив бохисхийх завгүй ажлын хоёр хэсэг болгон хуваажээ. 1883 оны долдугаар сард туршлагын хөдөлгүүр хийв. Анхны туршлагаар тохируулагч бут үсрэн Дизель азаар амьд үлджээ. Туршилтын тэмдэглэлд энэхүү бүрэн бус хийгдсэн машин дээр “Ажлын үйл явцыг гүйцэтгэх боломжгүй гэж үзнэ” хэмээн бичсэн байна. Боломжгүй гэнэ ээ? Дизель уруултаа тас зуун цааш холдов.

1894 оны хоёрдугаар сарын 1-нд дахин сэргээн зассан шинэ машин дээр туршилт хийж эхлэв. Тэрбээр эхний сул хөдөлгөөнийг ажигласангүй, угсрагч-селесарь хөгшин Линден л тостой тэвхэн малгайгаа дуугүйхэн авахыг л харжээ. Яг энэ агшинд дизель мотор мэндэлж байжээ.

Ийнхүү худалдаалан наймаалцагчийн амьдрал эхэлжээ. Эрээн мяраан элдэв цаас наасан пиндгэр чемодан гэртээ тогтохоо болилоо. Нюрнберг, Берлин, Бар-ле-дюк, Фабри, Лейпциг, Гент хаа сайгүй л аялдаг болов. Ялагчийн баяр хөөр, зах зээлийн газрын хөл үймээнтэй хослов. “Би өөрийнхөө өмнөх үеийн машин бүтээн байгуулалтыг хол давж, техникийн дэвшлийн манлайд явна гэж зоригтой хэлж чадахуйц боллоо” гэж тэрбээр өөрийгөө ялагчаар үзэж байв.

Их хурлууд, дайллага цайллага, хэлсэн үг, Мюнхэн дэх баян чинээлэг харш, Галици дахь нефтийн хайгуул ганцхан жилд олсон гурван сая алтан рубль энэ бүхэн түүний амьдралын мөр байлаа…

Гэвч Дизель амласнаа хийгээгүй байлаа. Түүний хөдөлгүүр Рурын томоохон эздийн хүсэн хүлээж байсанчлан нүүрсний исээр ажиллаж байсангүй, шингэн түлш хэрэглэж байв. Өөрийн хүрсэн баяр баясгалант өндөрлөгөөс Дизель толгой дээгүүр нь их дайн-нүүрс, нефтийн их дайны жад шүнгэнэж асныг мэдсэнгүй.

Ажил явдал цасан шамрага мэт өсөж, амар тайван байхын аргагүй болов. “Дизельд зохион бүтээсэн юм юу ч алга… Тэр хүний зохион бүтээснийг л цуглуусан. Тэр бол ерөөс инженер биш” гэх мэт явуулга, дайрч доромжилсон, давшилсан үгс дуулдах болов. Хорон хэл амнаас зайлсхийн шинэ автомашиндаа суун европоор тэнүүлчэн, хаан ч тогтож чадахгүй, цааш юу ч хийж дөнгөхгүй явава. Америк руу хоёр дахин хөлтэй аялал хийлээ. Дахиад л цайллага, дайллага, хундага тулгасан үг… Тэрхүү хөл хөгжөөн, дуу шуугиан дунд тэрбээр Эдисоноос

  • Та үхлийн тухай бодож байсан уу? гэж асуужээ.
  • Би ажил үйлд биеэ зориулсан болохоос метафизик сонирхдоггүй хэмээн америк эр хариу өчжээ.

Цав цагаан цардмал захтай, цэвэрхэн зангидсан зангиа, нямбай зүүсэн ханшаар шил бүхий 55 насандаа бууралтаж яваа үзэсгэлэнт, ганган хувцасласан тэр хүн хичнээн үнгэгдэн нухлагдаж, хичнээн зовж, хичнээн хордсон ч тайван амгалан хэвээр явлаа. Тэрбээр “Дрезден” хэмээх хөлөг онгоцоор Лондон руу хэсэг инженерийн хамт явж байлаа.

Анхилуун үнэртэй сигар тамхи татан, амтлаг сайхан оронй хоороо тав тухтай зооглов. Хамт явагсад нь өрөө рүү нь хүргэж өгчээ. Дизель тэдэнтэй салах ёс гүйцэтгэж,

  • Сайхан нойрсоорой, маргааш болтол баяртай хэмээн гар барив.

Өглөө өрөөнд нь орвол ор нь хураалттай хэвээрээ, замд авч явдаг цүнхэндээ биенээсээ ер салгадаггүй алтан цагаа орхисон байв. Хоёр хоногийн дараа Шельдийн хошуунд флиссингены загасчид ганган хувцастай хүний хүүр олжээ. Загасчид хүүрийг авч гэр лүүгээ явж байтал далайд шуурга дэгдэн оволзжээ.

Нутгийн сүсэг бишрэлтэй загасчид Шельда өөрийн гай түүтгэрт гаргасан хүнээ өгөх дургүй байна хэмээн үзэж хүүрийг далай руу нь буцаан шиджээ. Тийнхүү Рудольф Дизель үүрд алга болж. Харин дизель мотор л үлдсэн байна.

1977 он

rudolf-diesel-300x204 Инженер бүхнийг чадна
Рудольф-Дизель-1-300x263 Инженер бүхнийг чадна
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen