АНУ-Д ЯВАА ЕРӨНХИЙ САЙДАД АРДЫН НАМЫНХАН БЭЛЭГ ИЛГЭЭВ

АНУ-Д ЯВАА ЕРӨНХИЙ САЙДАД АРДЫН НАМЫНХАН БЭЛЭГ ИЛГЭЭВ

 

МАН-ын дарга У.Хүрэлсүхэд гомдоллох эрх үлдсэнгүй

 

Мянганы сорилтын сан­тай Улаанбаатар хотын усны хангамжийг сайжруу­лах 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөтөлбөрт гарын үсэг зурсан талаарх Ерөнхий сайд хийгээд МАН-ын дарга У.Хүрэлсүхийн АНУ-д хийж буй айлчлалын тухай сайн мэдээ түгэхтэй зэрэгцэн Монголд буюу Улаанбаатар хотод нийслэлийн МАН-ын 34 дүгээр Бага хурал эхэлж байлаа. Төдийгөөс өдий хүртэл буюу товлосон хугацаанаасаа жил орчмын дараа сунжирч, сунжирч сая нэг хурлын ширээнээ суусан нийслэлийн МАН-ын төлөөлөгчдийн хувьд хамгийн том сорил нь дарга сонгох шийдвэр.

Өнгөрсөн жил орчмын хугацаанд Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга Су.Батболд нийслэлийн МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж, элбэн товхинуулах түр зуурын үүрэг хүлээсэн. Гэхдээ эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтахын үлгэрээр тэрбээр энэ сарын 21-нийг хүртэл буюу УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт гурван төлөөлөгчийн саналаар ялагдах хүртлээ нийслэлийн МАН-ын даргаар жинхлэх итгэл өвөртөлж явсан нь мэдээж. Тиймээс ч сошиал орон зайд түүний хийж бүтээсэн ажлын тайлан, МАН-ын шинэчлэлд оруулах хувь нэмрийнх нь холын зорилтууд зурагт хуудас мэт түгэн дэлгэрч байлаа. Тэр хэрээр УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын тухай эв хавгүй дайралтууд хөвөрч, эгээтэй л УИХ-ын сонгууль болж байна уу даа гэж итгэсэнгүй.

Гэхдээ үүнээс өмнө МАН-ын Удирдах зөвлөл нийслэлийн МАН-ын даргад албан ёсоор Су.Батболд даргыг нэр дэвшүүлэх шийдвэр гаргасан нь өөрөө олон хүнийг ялалт түүний талд эргэсэн хэмээн итгэхэд хүргэсэн байх талтай. Намын туг намирсан эрх мэдлийнх нь сүрийг ч төсөөлж, харсан нь ч лавтай. Хачирхалтай нь, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан танхимаас Д.Сумъяабазарын нэрийг дэвшүүлснээр жил орчим үргэлжилсэн хоёр улстөрчийн өрсөлдөөн тухайн өдөр албажих нь тодорхой болсон юм. Гэхдээ ачир дээрээ Д.Сумъяабазарын нэр дэвших шийдвэр аль 2016 онд гарч, тэр хэрээр Су.Батболд ч өрсөлдөөнд хүчгүйдэхгүй гэдгээ өдөр бүр нотолж байсныг дурдах хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга, УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр уг хуралдааны өмнө “Би нэр дэвшинэ” хэмээн өөрийгөө улс төрд тод яваагаа харуулах бяцхан улс төр хийснийг эс тооцвол дээрх хоёр улстөрчдөд өөрсдөөс нь өөр өрсөлдөгч байсангүй ээ. Тиймээс ч ялалтын тэмдэглэлд “Су.Батболдыг Д.Сумъяабазар гуравхан хүний саналаар яллаа” гэсэн өгүүлбэр тод тэмдэглэгдэн үлдэж, энэ нь эргээд МАН дахь улс төрийн зөрчил ямар ойрхон хүч тэнцүү явааг ирээдүй цаг хугацаанд ч нотлох нь дамжиггүй. Харин МАН-ын Удирдах зөвлөл дэх Ерөнхий сайдын багийн нөхөд юуны учир хотын даргыг ийн түр зуурын хугацаанд баярлуулан гомдоох болов хэмээн асуулт тавьж, хариултаа нэхэх нь өөрөө бас ч үгүй сонирхолтой. Гэхдээ энэ нь нийслэлийн МАН-ын хурлын өмнөх шийдвэр тул энэ удаад сэдвийг салгаж үлдээе.

Харин зайлшгүй хөндөх ёстой өөр нэг өнцөг бол Сонгинохайрхан дүүрэг Улаанбаатар хотыг тэр дундаа, нийслэлийн МАН-ыг удирдах нь гэдэг сэдэв. Тус дүүргийн тухайд нийслэл хотын хамгийн олон хүн амтай, хамгийн их гэр хороололтой, хамгийн их ядууралтай, хамгийн дэд бүтэц муутай... ер нь л хамгийн хэцүү дүүрэг. Нэг ёсны зайлшгүй, тэр дундаа түргэн шуурхай шийдвэрлэвэл зохилтой олон хэцүү бэрхтэй тус дүүргийн хөгжлийн бодлогыг тодорхойлж, гардан гүйцэтгэж яваа хүмүүс өнөөдөр нийслэлийн МАН-ыг удирдахаар боллоо. Өөрөөр хэлбэл, Д.Сумъяабазарын Сонгинохайрхан дүүрэгт бүрдүүлсэн баг бүхлээрээ нийслэлийн МАН-д төвлөрлөө гэсэн үг. Үүний хамгийн эхний жишээ нь, нийслэлийн МАН-ын дэд даргаар сонгогдсон Наранцэцэгийн Алтаншагай. Улс төр судлаач, нийгмийн ажилтан мэргэжилтэй тэрбээр сураг сонсох нь ээ, нийслэлийн МАН-ын намын хороонд улс төрийн ажилтан, Зохион байгуулалтын хэлтсийн даргаар ажиллаж эхэлсэн цагаасаа хойш Д.Сумъяабазарын бүрдүүлсэн албан бус багийн гишүүн байж ирсэн гэнэ.

Улмаар Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны дарга болохтой нь зэрэгцэн дэд даргаар ажиллах болсон бөгөөд үүгээрээ тэрбээр МАН-д албан ёсоор “Д.Сумъяабазарын хүн” гэдэг тамга даруулсан бололтой юм. Үүнийг нь 2017 оноос Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж буй намтар нь ч батална. Гэхдээ зөвхөн Н.Алтаншагай ч энэ удаад ганцаараа Д.Сумъяабазартай хамт нийслэлийн МАН-ыг удирдах гээд байгаа хэрэг биш. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Н.Учрал нар гэхэд орон тооны бус дэд даргаар сонгогдсон байгаа. Тэдний хэн, хэн нь Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсоны дээр өнгөрсөн хугацаанд ил тод болсон МАН-ын дотоод зөрчил дунд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн талд гараа ч, зүтгэлээ ч өргөх нь нэгэнт тодорхой болсон. Энэ жишгээр нийслэлийн Бага хуралдааны уур амьсгалыг Д.Сумъяабазарын талд эргүүлэх, чиглүүлэх хэлбэрээр үргэлж­лүүлж ч дөнгөсөн. Ингэж нийслэлийн МАН-д Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хороог бүрэн бүрэлдэхүүнээр нь дайчлах нь нэгэнт тодорхой болсон Д.Сумъяабазарын ялалт тэгвэл ямар үр дүнг хүлээж байна вэ.

Энэ асуултад тэрбээр тамга гардаж авсан даруйдаа “Мэдээж, улс төрийн шийдвэр нэгэнт гарсан учраас дараа дараагийн зохих ёстой арга хэмжээг авч, эрс шинэчлэлийг шинэ түвшинд гаргах ажлыг яаралтай эхлүүлэх ёстой. Иргэд, сонгогчид, намын анхан шатны байгууллагыг бэхжүүлэх чиглэл рүү улс төрийн бодлого нэн тэргүүнд явна. Намын анхан шат, үүрт тулгарч байгаа асуудлуудыг ойрын хугацаанд ажлын төлөвлөгөө гаргаж шийдэж ажиллах төлөвлөгөөтэй байна. Эхний ээлжид авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ хороо, үүрээс эхлүүлнэ. Түүнээс гадна дүүргийн улс төрийн байгууллагыг бэхжүүлэх, нам, улс төрийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, нийслэлийн төсөвтэй холбоотой, нийслэлд тулгамдаж байгаа аж ахуйтай холбоотой асуудлаар хотын даргад дэмжлэг үзүүлж, ажлын төлөвлөгөөгөөр шахаж ажиллана гэдгээ амласан. Хийсэн, хийх гэж байгаа ажлын төлөвлөгөөг гаргаж, шахаж ажиллах ёстой гэж үзэж байна. Мэдээж бид нийслэлчүүддээ амласан аждаа зайлшгүй хийх ёстой” гэдэг хариулт өгсөн. Харин УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, нийслэлийн МАН-ын дарга гэсэн гурван давхар дээлнийхээ тухайд “Чадварлаг, хүчирхэг залуусаар багаа бүрдүүлсэн учраас тэдэндээ ажил хийх боломжийг олгоно” хэмээн тайлбарлажээ.

Дээрх хоёр хариултаас нь харахад ЭРС ШИНЭЧЛЭЛ, НАМЫН АНХАН ШАТНЫ БАЙГУУЛЛАГЫГ БЭХЖҮҮЛЭХ, НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВТЭЙ ХОЛБООТОЙ АЖ АХУЙН АСУУДАЛД ХОТЫН ДАРГАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ, ХҮЧИРХЭГ БАГ гэсэн үндсэн бодлогыг цаашид баримтлах нь нэгэнт тодорхой боллоо. Гэхдээ энэ дундаас Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга Су.Батболдыг албан тушаалд нь хэвээр үлдээх үү гэдэг асуултын хариу намынханд нь төдийгүй, нийслэлчүүдэд ч сонирхолтой байх нь мэдээж. Уг асуудалд тэрбээр өчигдөр ч, өнөөдөр ч шууд хариулт өгөөгүй. Гэсэн ч нийслэлийн МАН-ын Бага хуралдаан дээр “ХАМТАРЧ АЖИЛЛАНА” гэсэн үгийг олонтаа дурдсан гэдгийг онцолж мэдээллэх эх сурвалж байсан гэдгийг дурдах хэрэгтэй.

Гэхдээ энэ бол улс төр. Багаараа ирсэн дарга багаасаа ангид нэгэнд итгэж, хамтрах уу гэдэг нь өөрөө эргэлзээтэй. Жам ёсны гэмээр сөргөлдөөн нь даамжирсаар эцсийн бүлэгт зам салдаг жишгийг та бид тоолоод ч барахгүй олон учраас өнөөдөртөө эцэслэн итгэх хэрэггүй л болов уу. Тэр дундаа, Д.Сумъяабазар Нийслэлийн МАН-ын дарга болсноор МАН-ын дарга У.Хүрэлсүх болон түүний багийнхан бүхлээрээ намаа удирдах буюу шийдвэр гаргах бүрэн эрхтэй болсныг мартаж болохгүй. Товчхондоо, Д.Сумъяабазарын ялалт Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхэд “Намын зөрчлөөс болж ажил явахгүй байна” гэж гомдоллох эрх үлдээсэнгүй. Учир нь, МАН-ыг удирдах эрх У.Хүрэлсүхийн багт бүрэн утгаараа шилжлээ. Энэ бол, жинхэнэ утгаараа АНУ-д яваа Ерөнхий сайдад Ардын намынхны илгээсэн бэлэг байлаа.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen