Өвгөдийнхөө нутагт үүргэвчтэй аялсан минь

Өвгөдийнхөө нутагт үүргэвчтэй аялсан минь

 

Зуны амралтаараа найзынхаа хамтаар үргэвчээ үүрээд  ОХУ-ын Иркутск мужийн Ольхон тосгоныг  зорьсон юм. Өмнө нь ажил төрөл, албан байгууллагын томилолтоор Эрхүү, Улаан-Үд, Байгаль нуурт ирдэг байлаа. Харин ингэж аялах боломж олдож байсангүй.

 

УЛС ХООРОНДЫН НИЙТИЙН ТЭЭВЭР ШУУРХАЙ БОЛЖЭЭ

 

Бид хамгийн бага зардлыг сонгож Улаанбаатар Улан-Үд чиглэлийн автобусаар замд гарахаар Авто тээврийн үндэсний төвийн олон улсын авто вокзалын цахим хуудаст хандаж тасалбар захиалав. Урьд өдөр нь захиалга хийсэн болохоор суудал нь дүүрэх шахжээ. Тиймээс хэд хоногийн өмнө захиалах хэрэгтэй юм билээ. Тасалбарын үнэ нэг талдаа 72 мянган төгрөг байгаа нь бас чиг боломжийн юм. Захиалга хийсний дараа цахим хаягаар тасалбар баталгаажсан тухай е-майл  ирсэн юм. Харин Эрхүү ороход галт тэргээр зорчиход нэг талдаа 198 мянган төгрөгийн үнэтэй. Хэд хоногийн өмнө захиалахгүй бол суудал олдохгүй. Ийнхүү маргааш өглөө нь  найман цагт Драгон орж Улаанбаатар Улаан-Үдийн автобусанд сууж Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь хилийг зорьсон юм. Автобусанд бид хоёроос бусад нь буриадууд. Тэд манайхаар дамжин Хятад руу наймаа хийдэг аж. Зарим нь жуулчид бололтой. Бид явсаар хүмүүсийн нэрлэж заншсан “Урьхан”-нд   түр зогсоход жолооч  10 минутын  хугацаа өглөө. Цахим орчин хөгжсөнөөр төрийн зарим үйлчилгээг чирэгдэлгүй авах боломж бүрджээ. Дархан өнгөрч Сэлэнгэ орох үед замаас хоёр том цүнх барьсан эмэгтэй жолоочтой ярилцаж тохиролцсон бололтой, суув. Удалгүй цүнхээ уудлан  зорчигчдод бараагаа худалдаж авах санал тавьж байна. Автобусны голоор төрөл бүрийн ноолууран цамц, өмд, хослол, алчуур, ороолт дэлгэн харуулж, зүүхийг нь зүүж үзүүлэн сурталчиллаа.

Зорчигчид шуугилдан, наймаа ч өрнөж эхэллээ. Ингэж явсаар үдийн 12 цагийн алдад Алтанбулагт ирэв. Нөгөө бүсгүй хоёрхон цагийн дотор бараагаа дуусгаж  хоосон шахуу цүнхээ аван буув. Хил гарахаас өмнө хоолны газарт оруулдаг юм байна. Нэг таваг хоол 4500-5000 төгрөг. Цай, салат гээд хоёр хоол авбал 12 мянган төгрөг  болж байв. Хил гараад орой найман цагийн үед Улаан-Үд орох учраас сайн хооллож авахыг жолооч зөвлөв. Ингээд нэг цаг хэртэй хооллож дуусаад Монголын хил рүү хөдлөв. Хилийн дагуу валют солих цэгүүд, машины даатгалын компаниуд, сувинер худалдаа  эгнэн байрлаж хил гарахаар дугаарлаж байгаа зорчигчдод тосч үйлчилж байгаа нь содон байв. Хоёр улсын гэрээний дагуу нийтийн тээвэр хийж буй  шугамын автобус тул бид урт дарааллыг үл харгалзан шууд гарах эрхтэй аж. Манай автобус дарааллын эхэнд зогсч нэг цаг хүрэхгүй хугацаанд хилээр шалгуулж нэвтэрлээ. Ингээд  автобусандаа сууж Оросын хил дээр ирэв. Мөн л дараалал харгалзахгүй урсгалаар шууд нэвтэрч нэг цагийн дотор хилээр гарсан юм. Ингээд Улаан-Үд руу шууд гарлаа.

 

УЛААН-ҮД,  МОНГОЛЫН МИНЬ НУТАГ БАЙСАН ГЭЖ БОДОХООР…

Битүү мод, ус ургамал хосолсон авто замаар давхисаар… Монголынхоо нутгийн хамгийн сайхан хэсгийг орос ах нарт өгчихөж дээ гэж бодон явлаа. Тал газар ховор харагдах энэ нутагт  нэг бороо орж, нэг нар гарч амралт маань сайхан эхэлж байгаад сэтгэл тэнэгэр.  Оройн 7:30 цагт Улаан-Үдийн авто вокзал дээр ирлээ. Биднийг буухад такси хүлээж байх юм шиг санатал ганц ч байсангүй. Хамт ирсэн зорчигчдын тоссон машин л байв. Бид шууд Эрхүү орж цаашаа 300 км-т байрлах Байгаль нуурын эрэг дэх  Ольхон тосгонд очих ёстой. Манайхаар бол Хөвсгөлийн Хатгал тосгон. Олон улсын авто вокзал орж Эрхүүгийн оройн 22:00 цагийн автобусанд амжиж суух ёстой. Тэгтэл гудамжны самбарт такси 200-300 гэсэн дугаар бүхий сурталчилгааны самбар харагдав. Такси дуудах гэтэл утас байхгүй. Ингээд 30-аад минут хүлээж байтал биднийг анзаарсан нэгэн буриад залуу тусалж, такси дуудаж өгсөн юм. Таксины төлбөр 100 рубль. Биднийг вокзал дээр ирэхэд Эрхүү явах хамгийн сүүлийн бага оврын автобус бас л хоёр хүн аваад гарлаа гэж байна. Эрхүүгийн зүг хөдөлж замдаа уухаар авсан усаа ууж, шорлог идэж арын суудалд тухаллаа. Нэг хүний 1000 рубль. Нутгаасаа эрт гарсан болоод тэрүү шууд л унтсан юм. Улан-Үдээс Эрхүү ортол 600 орчим км. Шөнийн 02:00 цагийн  үед туулах замынхаа голд цайны газар зогсч түр буудаллаа. Тэндээс 30 орчим минутын дараа  шөнөжин давхисаар өглөөний 5:00 цагт Эрхүүгийн олон улсын авто вокзалд буусан юм. Ингээд тэр хавийн нэгэн буудалд өглөө болгохоор шийдэж 600 рублийн өрөөнд орлоо. Орос эмэгтэй эелдэгхэнээр биднийг угтаж цэвэрхэн өрөөнүүдээс санал болгов. Энэ нь манай дэн буудлуудыг бодоход цэвэрхэн, тохилог ажээ.

 

ЭРХҮҮД ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭГ ЗААВАЛ УТСААР ЗАХИАЛНА

Өглөөний 10:00 цагийн алдад будлаас гарч ОХУ-ын үүрэн холбооны  “Тле2” хэмээх гар утасны компанийн дэлгүүрээс 200 рублиэр сим карт худалдан авав. Ямар ч байсан такси захиалах,  интернетэд холбогдох гэр рүүгээ ярих гээд зайлшгүй хэрэгтэй. Манайх шиг гудамжнаас такси барих гэсэн ойлголт байхгүй. 500-600 такси гэсэн шууд утас руу залгаж захиална.Такси үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэн зөвшөөрөлтэй компанид бүртгүүлдэг аж. Тухайн компани руу хаанаас хаа хүргүүлэхээ тодорхой хэлэхэд GPS -аар хамгийн ойрхон маршрутаар тооцож төлбөрийн дүнг, машины дугаар, өнгө, марк болон хэдэн минутын дараа очихыг хэлж өгнө. Такси хамгийн багадаа таван минутын дараа ирнэ. Нэг газраас нөгөө газар руу хүргүүлэхэд нэг л төлбөр гардагаараа үйлчлүүлэгчдэд давуу талтай. Энэхүү менежментийг манайх хэрэгжүүлмээр санагдаж байв. Нэг км-ийн үнэ манай мөнгөөр тооцоход 1000 төгрөг. Улс хоорондын авто вокзалаас орон нутгийн авто вокзал ороход 250 рубль төлж бид Ольхон тосгон явах автобусандаа суулаа. Автобус 15:00 цагт хөдлөх болохоор бид хоёрт хоол идэж тухлах цаг олдсон юм. Борщ, салат, бууз, цай авахад нэг хүн 300 рубль. Кофе 160 рубль болж байв. Цайны газруудын хоолны амт чанар сайн.Үнэ нь боломжтой санагдаж байв. Ольхон ортол замдаа нэг удаа зогссон. Намар цаг ирсэн болохоор зам дагуу өвс хадлангаа бэлтгэсэн фермийн аж ахуйнууд тааралдана. Бидний замд 10 гаруй тосгон өнгөрөв. Явсаар 19:00 цагийн үед Байгаль нуурын эрэгт ирсэн юм. Нөгөө эрэгт байрлах  Ольхон орохын тулд Байгаль нуураа гатлах ёстой аж. Ингээд жуулчдын дугаарласан машинуудын хамтаар мөн л дараалал харгалзахгүй урсгалд зогсч  онгоц буюу бааржид “суугаад” нөгөө эрэг руу хөдөлсөн. Нуурын усийг үнэртэж, усных чимээтэй хамт онгоц дуугаа хадаан хөдлөх тэр мөчид сэтгэл нэг л ариухан бодлоор дүүрч амралт янзтай, улам ч сонирхолтой болно гэж бодогдоно.

Үргэлжлэл бий…

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ц.МЯГМАРБАЯР

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen