ОЧИЖ ҮЗҮҮШТЭЙ МӨРГӨЛИЙН ДОЛООН ГАЗАР

Аль ч шашин номын бай хамаагүй аливаа сүм хийд, өргөл мөргөлийн газар гэдэг уран барилга хийгээд байгалийн үзэсгэлэн цогцолсон, онцгой содон түүх шаштир, олон түмний сүсэг бишрэлийг шингээсэн ариун дагшин газар байдаг. Тиймдээ ч дэлхий дээрх хамгийн гайхамшигтай барилга байгууламжийн дунд мөргөлийн газрууд багтах нь олонтаа. Тэдгээрээс асуулт, хариултын хамгийн том сайт Quora.com-ийн хэрэглэгчид дараах долоон сүм хийдийг хамгийн ер бусын, онцгой үзэсгэлэнтэй, аялагчид болоод сүсэгтнүүдийн амьдралдаа дор хаяж нэг удаа очиж үзвэл зохих газраар нэрлэжээ.

Энэтхэгийн Брихадишвара хийд

brihadeeshwara Очиж үзүүштэй мөргөлийн долоон газар

Нутгийнхны дунд Их хийд гэгддэг Брихадишвара нь тус улсын өмнөд хэсэгт орших Тамил Наду мужийн нутаг дахь хиндү буюу ведийн шашны, дан гантиг чулуугаар боссон хийд юм. Энэтхэгийн түүхэнд тодорсон хамгийн аугаа хаадын нэг Анхдугаар Ража Чола хааны зарлигаар 1010 онд баригдсан тус хийд гойд нарийн хийцтэй, хараа булаамаас гадна сонин содон, нууцлаг түүхтэй юм. Жишээ нь, орой дээрх аварга том ганц чулуун баганыг нь хэрхэн дээш зөөвөрлөсөн нь одоог хүртэл тайлагдаагүй нууц хэвээр байна. Гантиган баганын жин 70 тонн бөгөөд хийдэд хамгийн ойр байрлах гантиг чулууны орд 60 гаруй км-ийн цаана байдаг аж. Мөн Шива бурхны нэгэн дүр Нанди тэнгэрийг дүрсэлсэн, 20 тонн жинтэй ганц том чулуунаас сийлж товойлгосон хөшөө нь Энэтхэгийн төдийгүй дорно дахины уран барилгын түүхэн дэх ийм төрлийн цөөхөн гайхамшигтай бүтээлийн нэг юм. Нийт талбай нь 320 мянган ам.метр тул уг хийд алс холоос ч сүр бараатай, үлгэр домогт гардаг хааны өргөө адил харагдана.

Иерусалимын Их сүм

jerusalem Очиж үзүүштэй мөргөлийн долоон газар

Бөмбөгөр орой нь гол ялгарах шинж нь болдог Их сүм энэ жагсаалт дахь магад хамгийн алдартай газар юм. Цор ганц бурхан төвт үзэлтэй дэлхийн гурван их шашны хамгаас ариун газар болох Иерусалимын Мөргөлийн уулнаа VII зууны үед баригдсан гэх уг сүмийн оройг 1990-ээд онд 80 кг цэвэр алтаар өнгөлжээ. Сүмийн барилгын их биеийн найман талт загвар, доторх өнгөлөг шигтгэмэл зургууд нь Византын үеийн сүм, цогчин дугануудыг санагдуулдаг. Сүмийн үүдэн дэх Үүслийн чулуу нэртэй чулуун баримал байх хэсэг нь иүдийн шашны хамгийн ариун газрын нэг бөгөөд сүсэгтнүүдийн итгэдгээр хорвоо ертөнц үүсэж буй болсон цэг юм. Энэ газар нь мөн христийн номтнуудын хувьд эрхэм чухал. Адам, Авраам, Ноа зэрэг Библийн гол баатрууд чухам энэ чулууг тойрон аж төрж байжээ. Иймээс Үүслийн чулуу буй зүг рүү хандаж залбирдаг христийн урсгал хөдөлгөөнийхөн хүртэл байдаг аж. Харин исламын шашинд зөнч Мухаммедын Меккагаас Иерусалим хүртэл хийсэн Сүүлчийн аяны эцсийн цэг нь энэхүү Их сүм байсан гэж үздэг байна.

Мьянмарын Швэдагон Пагода

pogada Очиж үзүүштэй мөргөлийн долоон газар

Түүхчид буддын шашны уг хийдийг VI-X зууны хооронд баригдсан гэж тооцдог ч нутгийнхан хийдийн барилгыг 2500 гаруй жилийн настай гэлцдэг. Домогт өгүүлдгээр төгс гэгээрсэн нэгэн буюу Гаутама Буддатай уулзаж, түүний үгийг сонсож явсан гэх ах дүү хоёр Швэдагон Пагодагийн шавыг тавьжээ. Мьянмарын нийслэл Янгон хотын төвд, их хөлийн гудамжнаа байрладаг ч уг хийд дотроо нам гүм байдаг аж. Энэ нь аялагч, жуулчдад гойд сонин мэдрэмж төрүүлнэ. Хийдийн гол дахь суваргууд алтадмал суурьтай тул Швэдагон хийдийг бүхэлд нь Алтан хийд гэх нь бий. Суваргуудын өнгө төрхийг хэвээр хадгалахын тулд Мьянмарын иргэд алтан эдлэл, алтны орцтой үнэт хогшлуудаасаа жил бүр Алтан хийдэд хандивлаж иржээ. Хийдийн оройн ганжирыг 5000 гаруй хэсэг жижигхэн очир эрдэнэ, 2000-аад хэсэг бадмаараг чулуугаар чимэглэсэн бол дээд үзүүр дээр нь 76 каратын ганц том очир эрдэнэ суулгасан байдаг байна.

Ватиканы Гэгээн Петрийн сүм

st.peter Очиж үзүүштэй мөргөлийн долоон газар

Загалмайтны шашны олон салбар урсгалын түг түмэн сүсэгтний хувьд онцгой чухал газар болох Гэгээн Петрийн сүм нь үргэлжийн хөл хөдөлгөөнтэй байдаг ч тэр нь үзэгдэж харагдах гоо сайхныг нь нууж халхалдаггүй, жуулчдын хөлд дарагддаг бусад газартай харьцуулахад ойр хавьд нь чөлөөтэй, айх аюулгүй зорчиж болдог тухай аялагчид онцлон тэмдэглэдэг. Дэлхий дээрх христийн шашны хамгийн том мөргөлийн газрын нэг уг сүм Сэргэн мандалтын үеийн уран барилгын хөгжил, ур хийцийн гайхамшгийг бэлхнээ харуулах цолгорсон бүтээл агаад загварыг нь гаргасан уран барималчдын дунд Донато Брамантэ, Микеланжело Буонарроти зэрэг алдартнууд багтана. Сүмийн шавыг анх Ромын эзэнт гүрний үед тавьсан гэдэг ч одоогийн барилга нь 1626 онд ашиглалтад оржээ. Сүмийн төв хэсэгт 130 метр буюу дэлхийн хамгийн том бөмбөгөр дээвэр байх ба дотор нь гантиган хөшөө дурсгалууд, Микеланжелогийн “Пиета” тэргүүтэй алдартай уран баримлууд бий.

Энэтхэгийн Лянхуа цэцгийн хийд 

lotus%2Btemple Очиж үзүүштэй мөргөлийн долоон газар

Зөвхөн эртний түүхтэй сүм хийдүүд л үзэсгэлэнтэй сайхан байдаг юм биш. Дэлхийн хамгийн гоёмсог хийцтэй, нэн сонирхолтой шийдэл бүхий мөргөлийн газрын нэг нь угтаа ердөө саяхан буюу 1986 онд үүд хаалгаа нээжээ. Энэ хийд бол Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод орших бахай шашны мөргөлийн өргөө Лянхуа цэцгийн хийд юм. Цэцгийн дэлгэрэн буй 27 дэлбээг дүрсэлсэн загвар нь уран барилгын нэр хүндтэй олон арван шагнал хүртэж, дүрслэх урлаг төдийгүй шашин ном, засаг захиргааныхны анхаарлыг татжээ. Бүхий л шашны хүмүүст нээлттэй байдаг, цагаан гантиг чулуун уг хийд 2500 гаруй хүний багтаамжтай. Нэг жилд хүлээж авдаг жуулчдынхаа тоогоор Энэтхэгт тэргүүлдэг газруудын эхэнд Таж Махалын оронд сүүлийн жилүүдэд Лянхуа цэцгийн хийд бичигддэг болоод байна.

Ираны Насир ол Молкийн сүм

pink%2Bmosque Очиж үзүүштэй мөргөлийн долоон газар

12 жилийн турш баригдаж, 1888 онд ашиглалтад орсон уг сүмийг доторх ягаан өнгөтэй шигтгэмэл чимэглэлүүд, усан ягаан зонхилсон адар, туурганаас нь болж өөрөөр Ширазын Ягаан сүм гэх нь бий. Ираны Фарс мужийн Шираз хотод байх Насир ол Молкийн сүм нь дэлхий дээрх исламын шашны хамгийн өнгөлөг, хамгийн үзэмж төгс барилга байгууламжийн нэг гэдэгтэй маргах хүн үгүй биз. Сүмийн цонхнуудыг хурц тод, өнгө өнгийн шилээр шиллэсэн нь нар мандаж, жаргах үед солонгорон үзэгдэж, сүмийн доторхийг үлгэрийн орон мэт харагдуулна. Перс хивс, ханын гоёмсог зургууд нь сүмийн өнгө үзэмжийг бүр ч нэмдэг. Сүмийн энэ бүх гайхамшигт урлалыг арчилж тордох ажлыг Насир ол Молкийн сан хэмээх байгууллага хариуцдаг байна.

Бутаны Барын үүр хийд 

paro%2Btaktsang Очиж үзүүштэй мөргөлийн долоон газар

Гималайн уулсын хормой дахь Паро нэрт үржил шимт хөндийг хараачлан дүнхийх 3800 метр халил өндрийн орой дээрх Барын үүр хийд нь хүрэхэд хэдий хэцүү ч чухамдаа уул өөд өгсөхөд таарах өтгөн ой хөвч, өндөр өндөр хүрхрээнүүд нь уг газарт очих аяллыг улам сонирхолтой, ер бусын болгодог. Хийдийн үүдэнд хүрэх агшинд үзэгдэх орчин, алсын барааны дуу алдам гоо сайхан нь арц хүжсийн үнэртэй нийлэн бурханлаг, амарлингуй мэдрэмж төрүүлнэ. Гуру Падмасамбава хэмээх хуврагийн уг газарт анх хэрхэн, яаж хүрсэн талаар олон янзын домог яриа байдаг ч Бутанд Буддын шашныг дэлгэрүүлсэн гэгддэг тэрбээр уг хийдийг 1692 онд барьж байгуулсан нь баттай юм. Тэрбээр хийд байгуулахаасаа өмнө мөнхүү өндөр хадан дээр гурван жил хэртэй бясалган суужээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen